Японы баруун өмнөд нутаг Кагошима мужийн Синдаке галт уул өнөө өглөө дэлбэрч, галт уулын утаа тоос 7000 метрийн өндөрт хүрчээ. Одоогийн байдлаар, орон нутгийн цагдаа, засгийн газрын салбар байгууллагууд хүн гэмтэж бэртэж, барилга байшин эвдэрч сүйрсэн тухай мэдээлэл аваагүй байгаа гэнэ.
Японы цаг уурын танхимын мэдээлснээр, Синдаке галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар 05 цаг 31 минутад болсон бөгөөд дэлбэрэлтээс үүссэн галт уулын нурам Синдаке галт уулаас баруун өмнө зүгт нэг км орчим урсаж, галт уулын түймэр үүсгэжээ. Галт уулын шүршсэн чулууны ширхэг галт уулын амнаас 600 метрийн зайд туссан байна. Гэвч галт уулын нуранги, чулуу оршин суугчдын гэр хорооллын бүсэд хүрээгүй аж.
Синдаке галт уул энэ оны нэгдүгээр сарын 11-нээс хойш олон удаа дэлбэрч, хоёрдугаар сарын 2 буюу өчигдрөөс галт уулын газар хөдлөлт нэмэгдсэн юм байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нөөс хойш анх удаа Синдакэ галт уулаас халуун нурам гарсан нь энэ ажээ.
Эх сурвалж: “The Mainichi”