“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн хэрэгжилтийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж байна. Энэ хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллалаа.
Хууль эрх зүйн болон зарим татвар, төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгох ажил эрчимжсэнээр үйлдвэрийн бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 60 хувьд хүрчээ.
Үйлдвэрийн хоёрдугаар багц ажлын зураг төслийг эрчимжүүлж, дулааны цахилгаан станцыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийг бүрдүүлээд байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Гэрэлээ нар газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллалаа.

