Wednesday, September 23, 2026

Ц.Идэрбат: Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийе

Date:

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслол Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нар болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон дипломат байгууллагын удирдлагууд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөгчид, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, малчид, хоршоодын төлөөлөл оролцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор анх эхэлсэн энэхүү арга хэмжээ өнөөдөр үйлдвэрлэгч, хэрэглэгч, төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болон төлөвшсөнийг дурдав.

Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн үр дүнг бодит үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээр дамжуулан иргэд, хэрэглэгчдэд хүргэж байгаагаараа энэ жилийн арга хэмжээ онцлог болж байгааг сайд мөн онцлов.

Тэрбээр мөн энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүний дотор 497.1 мянган тонн улаанбуудай, мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж байгааг дурдаж, улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж буй нь тариаланчдын хөдөлмөр, төрийн бодлого, үйлдвэрлэлийн дэмжлэгийн бодит үр дүн юм гээд дотоодын үйлдвэрлэлээрээ улсаа 100 хувь хангахыг уриаллаа.

Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлтийн үеэр Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ бодлогын үндэс суурь нь хөдөө аж ахуйн салбар. Тиймээс хүнс, хөдөө аж ахуйн салбараа дэмжсэнээр улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана гэж үзэж байгаагаа хэллээ. Засгийн газрын тэргүүн мөн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлд хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн бодлого, дэмжлэгүүд туссаныг дурдаж, цаашид хөдөө аж ахуйн салбарыг бодитой дэмжихээ илэрхийлэв. Тухайлбал, Засгийн газар энэ жил 100 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлнэ. Мөн 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөцийг анх удаа бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Төрийн банкаар дамжуулан олгох 1.1 их наяд төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна гэдгээ мэдэгдлээ.

Ерөнхий сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нар “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцсоны дараа хүнс, хөнгөн үйлдвэр, газар тариалан эрхлэгчдийн асруудаар явж, үндэсний үйлдвэрлэгчид, тариалан эрхлэгчидтэй уулзаж, өргөтгөсөн худалдаатай танилцлаа.

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл” арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн 530 гаруй аж ахуйн нэгж, 3,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Өөрөөр хэлбэл хүнсний болон хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, орон нутгийнхан, органик бүтээгдэхүүн, тариаланчид, нийслэлийн ногоочид 200 гаруй асарт эх орондоо үйлдвэрлэсэн, тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг хүргэж байна. Түүнчлэн импортын бүтээгдэхүүнийг өргөтгөсөн худалдааны үеэр хязгаарласнаараа онцлог юм. “Намрын ногоон өдрүүд -Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээг тариаланч, ногоочдын хүсэлтээр 7 хоног сунгахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026.09.23/ Нүүрс-пиролизын үйлдвэр...

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний...

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 23-ны өдөр...

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы...