Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно. Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.
Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй. Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа ард түмэн шүүн тунгаана” гэлээ.
21 дэх жилдээ болж буй энэхүү өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.
“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.





