Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026.09.23/ Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэлээ.
Нүүрс-пиролизын үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас даалгалаа.
Чингис хаан баялгийн сан нэгдлийн охин компани болох “Эрдэнэс ҮТП” ХХК нь “Багануур ҮТП” төслийн хүрээнд нийслэлийн Багануур дүүрэгт баригдах тус нүүрс пиролизын үйлдвэрийн ТЭЗҮ, БОННҮ, ТТТҮ зэрэг суурь судалгааг боловсруулан ажилласан юм.
Тус үйлдвэрийн үлдсэн 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ. Энэ нь Багануурын нүүрсний уурхайд түшиглэж, 140 сая ам.доллар буюу ₮483 тэрбумын өртөгтэй үйлдвэр байх бөгөөд нийслэлийн агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах тооцоог хийгээд байгаа юм. 2028 оны эхний хагас жилд нүүрс пиролизын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөөд байна.



