Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров дайны үед ч сонгууль зохион байгуулах арга зам хайхыг уриалж, Украины эрх баригчдын өнөөгийн тогтолцоог хатуухан шүүмжилжээ.
Михаил Федоров Youtube дэх хуудсандаа ард түмэнд хандсан мэдэгдэл байршуулсан байна.
“Дайн дахин жил, хоёр, гурван жил үргэлжилбэл украинчууд эрх баригчдаа сонгох эрхийг ОХУ л шийдэх болж байна уу? Би үгүй гэдэгт итгэлтэй байна <…>Ардчилал Орост барьцаалагдах ёсгүй. Эрх чөлөөт Европын улс хэвээр үлдэхийн төлөө бид дайтаж байгаа. Тиймээс дайны үед ч бүрэн дүүрэн ардчилсан явцыг сэргээх боломжийг Украинд олгох хууль ёсны, аюулгүй, бодит механизмыг бид олох ёстой” хэмээн Михаил Федоров мэдэгджээ.
Түүнчлэн тэр бээр Украины эрх баригчдыг хатуухан шүүмжлэхдээ хэн нэгний, тэр дундаа нөхөрсөг харилцаатай байдаг Ерөнхийлөгч Володимир Зеленськийн нэрийг дурдаагүй байна. Гэхдээ өнөөгийн Украины эрх баригчдын дунд авлигын хэрэг гардаг, гол шийдвэрийг гаргах шалтгааныг тайлбарладаггүй хэмээн шүүмжилжээ.
“Дайны үед авлигаас үүдэлтэй хор уршиг огт өөрөөр буудаг. Энхийн цагт түшээд мөнгө хулгайлбал зам, эмнэлэг, сургууль баригдах төсөв алга болдог бол дайны үед мөнгө хулгайлахаар фронтод хэрэгтэй байсан дрон, зэвсэг, шархтныг зөөх байсан машин дутдаг. Батлан хамгаалах үйлсэд зориулагдсан зоос бүр тэр зориулалтаараа л ашиглагдах ёстой. Түүнээс биш хэн нэгний халаас руу, улс төрийн нөлөөлөл, хэн нэгний схемийг дэмжих, хэн нэгний албан тушаалыг хадгалахад зориулагдах ёсгүй” хэмээн Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров мэдэгджээ.
Михаил Федоров Украины Батлан хамгаалах сайдын албан тушаалыг ердөө хагас жилийн хугацаанд хашиж, долдугаар сард түүний оронд шинэ сайд томилж байгаагаа Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдэж байлаа. Тэр бээр энэ албан тушаалд багахан хугацаанд байсан ч фронт дээр хэд хэдэн шинэчлэл хийж, төрөл бүрийн дроны үйлдвэрлэлийг нэмэгдүүлсний дээр түүнийг энэ албан тушаал дээр байх үед Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын гүн дэх байд оновчтой цохилт өгч эхэлсний дээр байлдааны талбар дахь нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан гэж үздэг.
Михаил Федоров Украины асар их цэргийн төсвөөс ашиг олохыг хүсэж байгаа хүмүүсийн ашиг сонирхолд саад болж байсан гэж Батлан хамгаалах яамны ажилтнууд болон өндөр албан тушаалтнууд үзэж байгаа талаар Financial Times сонин түүнийг халагдсаны дараа бичиж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, тэр бээр ашигтай гэрээ хэлэлцээрийг компаниудад давуу эрхээр олгохыг эсэргүүцэж, саад болж байсны улмаас эрх баригчдын бүлэглэлийн дунд “дайсан” болсон аж. Михаил Федоровыг халагдсаны дараа Украин даяар түүнийг эргүүлэн ажилд нь томилохыг шаардсан жагсаал эхэлж, өнөөг хүртэл үргэлжилж байна.
Эх сурвалж: ВВС, Moscow Times

