АНУ, БНСУ-ын хамтарсан жил бүрийн цэргийн сургуулилалт болох Ulchi Freedom Shield 2026 энэ сарын 17-ны өдөр эхэлсэн. Энэ сургуулилалт 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх байсан ч өндөрлөх хугацаа нь наашилж 08 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар болжээ.
Цэргийн сургуулилалтын үргэлжлэх хугацаа болон хамрах цар хүрээг “Америкийн талын саналын дагуу өөрчилсөн” гэж БНСУ мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ийнхүү цэргийн сургуулилалтын хугацааг танасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пентагоны тэргүүн Пит Хегсетэд хандан үүрэг өгсний дараахан гарсан шийдвэр юм. Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай “маш сайн харилцаатай” байгаа хэмээн онцлоод Пентагоны тэргүүн Пит Регсетэд хандан Өмнөд Солонгостой хамтарсан сургуулилалтын хугацааг багасгах үүрэг өгсөн байна.
БНСУ, АНУ-ын хамтарсан сургуулилалтын талаар хоёр талын цэргийн удирдлага өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийн мэдээлж байлаа. Тухайн үед цэргийн сургуулилалт өнгөрсөн оныхтой ижил цар хүрээтэй, Өмнөд Солонгосын 18 000 цэргийн алба хаагч оролцоно хэмээн мэдээлж байв. Харин АНУ-ын 28 500 цэргийн алба хаагч Өмнөд Солонгост байршаад байсан юм.
Мөн Хойд Солонгос ОХУ руу цэргийн тусламж илгээж, цэргүүдээ Украины эсрэг дайнд оролцуулах гэж байгаа талаар ч энэ хэвлэлийн бага хурлын үеэр яригдаж байв. Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн хүчний төлөөлөгч Райан Доналд “Манай бэлтгэл энэхүү аюул заналыг ч тооцсон” хэмээн мэдэгдсэн бөгөөд аюул занал гэдэг нь байлдааны талбараас эргэн ирэх Хойд Солонгосын цэргүүдийг хэлсэн аж.
Энэ хэвлэлийн бага хурлын дараа БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ, Өмнөд Солонгосын энэхүү хамтарсан цэргийн сургуулилалтыг “түрэмгий дайнд бэлдэж буй хэрэг” хэмээн шүүмжилжээ.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч Доналд Трамп Truth Social хуудсандаа “Энэ сургуулилалтын өртөг өндөр, ихэнх зардлыг АНУ төлж байгаа төдийгүй Доналд Трамп Ерөнхийлөгчийн алба хашиж байх үед ямар ч аюул заналхийлээгүй, хүндлэл илэрхийлж байсан улс оронд байж болшгүй, дайсагнасан дохио илгээж байна” хэмээн бичжээ.
Эх сурвалж: ВВС, Truth Social
Гэрэл зураг: ЕРА

