Thursday, August 20, 2026

COP17-д оролцогчид бодит ахиц дэвшлийг хүсэж байна

Date:

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/ эхлээд гурав хонож байна. Баахан дарга нар цуглана биз гэж хүлээж байтал тэгсэнгүй, нийгмийн олон хэсгийн харилцааны талбар байлаа.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцид нэгдэн орсон 197 улсын 15 мянга гаруй хүн хэлэлцээ болох Цэнхэр бүсэд бүртгүүлсэн уг хуралд өнөөдрийн байдлаар 172 орны төлөөлөгчид ирээд байгаа гэх. Оролцогчдын бүртгэл цаашид ч үргэлжилнэ.

Гадаад дотоодын зочид чинь хурлаа таслаад дэлгүүрт явна шүү гэх хошигнол ч цахимд яваа харагдана лээ. Хурлын бүх л өдөр 15 мянгуулаа суугаад л яриад байна гэсэн хэрэг биш л дээ. Тухайн хэрэгцээт хуралдаа тодорхой асуудлаар саналаа илэрхийлээд л явна аа гэсэн үг. Тийм болохоор зарим хурал хэт цөөн хүнтэй ч юм шиг санагдахыг ч үгүйсгэхгүй.

За тэр ч яахав. COP17 бидэнд анзаарагдахгүйгээр зарим шинэ соёлыг түгээж байна. Нэн түрүүнд минимал гэж хэлж болохуйц нүсэр биш эко барилга байгууламж. Эх байгалиа сэргээх талаар хуралдаж байгаа хурал юм чинь аргагүй дээ гэж бодогдмоор илүүдсэн хэрэглээгүй, тав тухтай орчин зорьж очсон бүгдэд таатай санагдаж байх шиг..

Дэлхий ертөнц хэтийдсэн тансаглалаас илүү энгийн тухтай зүйлсэд “дурладаг” болсныг сануулахуйц байгаа нь болж л өгвөл нүсэр зүйлд дуртай манай дарга нарт нэгийг бодогдуулсан биз гэж найдна.

COP17-ын Цэнхэр бүсийн зарим хурлууд хаалттай ч олонх нь нээлттэй, түүгээр зогсохгүй шууд дамжуулж байгаа. Аль ч асуудлыг хэлэлцсэн хурал төр засгийн шийдвэр гаргах түвшний, хувийн хэвшлийн, эрдэмтдийн, иргэний нийгмийн, уугуул иргэдийн, малчдын тариаланчдын гээд төлөөллийг хангаж ний нуугүй яриулж байгаа нь бидэнд бас л шинэхэн. Манай улс ч сүүлийн үед хурал форумдаа бүх талын төлөөллийг оролцуулахыг хичээдэг болсон ч нэг л тийм “хайрцагласан” байдалтай санагддагийг нуумгүй. Харин энд ёстой бүх л талынхны санал бодлыг нийлүүлж, тал талаас нь шүүсийг нь шахтал хэлэлцэх юм. Ийнхүү хэлэлцээд эцэстээ улстөрийн шийдвэр гаргаад байдаг гэсэн санал гомдол талуудаас цөөнгүй сонсогдож байсан хэдий ч оролцоог бүрэн хангаж, нээлттэй ярилцана гэдэг бол том ололт юм.

Төр засгийн шийдвэр гаргагчдаас илүү жинхэнэ ёсоор байгалийг хамгаалагчид, газрыг эзэмшигчид, малчид, мөн ган гачгийн улмаас шилжин суурьшигчид гээд бодит амьдрал дээр цөлжилт, газрын доройтлыг шууд мэдэрч буй иргэдийн төлөөллийн саналыг ихээхэн үнэ цэнтэй гэж COP17-д оролцогч олон орныхон үзэж байгаа нь илт.  

Уур амьсгалын өөрчлөлтийн COP нь хамгийн том нь шүү, Цөлжилтийнх бол хамгийн бага санхүүжилттэй нь гэсэн үгс цахим сүлжээнд харагдав.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP жил бүр хуралддаг бөгөөд хамгийн их анхаарал татдаг нь үнэн. Парисын хэлэлцээрийн хүрээнд дэлхийн дулаарлыг 1.5 градусаас нэмэгдүүлэхгүй байх уур амьсгалын зорилт бүтэшгүй зүйл гэж үзэх болсон нь бас л үнэн.  Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор өндөр хөгжилтэй орнууд санхүүжилт өгөх хэлэлцээр байгуулж, жил бүр нэлээд их хөрөнгө зарцуулагддаг ч үр дүн нь тодорхой бус, хэмжигддэггүй, хий хоосон, амлалтаа биелүүлдэггүй гэсэн шүүмжлэл тасардаггүй. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп уур амьсгалын өөрчлөлтийн талаарх энэ асуудлыг “дэлхийн хамгийн хуурмаг явдал” гэж үздэгээ ч илэрхийлсэн. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх КОП чулуужсан нүүрс, газрын тосноос татгалзах асуудалд тулдаг учир зарим томоохон гүрнүүдийн ашиг сонирхолтой зөрчилддөг.  

Ногоон соёлтой нүүдэлчин монголчууд бид тэнгэр эцэг, газар эх хэмээн дээдэлдэг. Цөлжилттэй тэмцэх хурал газрын доройтолтой тэмцэх асуудлыг тал талаас нь хэлэлцэж байна. Эх болсон газрын тулгамдсан асуудлыг бид 197 орны бүх л хэсгийн төлөөлөлтэй хамтран хэлэлцэхдээ зөвхөн Монголоороо хязгаарлахгүй, дэлхий нийтийн цөлжилт, газрын доройтол, ус, цаашилбал эдгээртэй холбоотойгоор хүн төрөлхтөнд тохиолдож буй бэрхшээл хүндрэлийг шийдэх гарцыг хайж байна.

Хий хоосон үг лоозон биш, ажил хэрэгч яриа өрнөж байгаа нь хэлэлцүүлэг бүрээс тодхон харагдаж байна. Зохион байгуулагч улсын хувьд манай туршлагыг бүхий л хэлэлцүүлэгт ярьж, саналыг сонсож байгаа нь том давуу тал юм.

Үг хэлж буй улс орны төлөөлөл бүр Монголын ард түмэнд баярлалаа хэмээн хэлж буй нь ч бас сайхан л сонсогдож байгаа. Газрын доройтлын асуудал аль нэг Засгийн газрын биш, ард түмний, бүх хүн төрөлхтний асуудал болсон нь хэлсэн үг бүрээс ярилцаж буй сэдэв бүрээс тодорхой байна. Сайн туршлага иш татахдаа Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод төслийг цөөнгүй дурдаж буйг ч онцлох нь зүй. Цаашдаа эх орны минь нэртэй сайн туршлага олноор нэмэгдэнэ, ялангуяа малчдад чиглэсэн зүйлс багагүй хийгдэх байх гэж найдна. Байгалиараа дамжиж хүнийхээ амьдралд нөлөөлөх л гол нь шүү гээд л бодлого гаргах түвшнийхэн, олон улсын төлөөллүүд дахин дахин хэлээд байна лээ.

Манай улс COP17-д Тал хээрийн төлөвлөгөө нэрийн дор

  • -Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • -Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
  • -Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 санаачилгыг дэвшүүлнэ.

Хоёр жилийн өмнө Саудын Арабад COP16 маш амжилттай болсон ч хэлэлцээрээ бүрэн баталж чадаагүй, Гангийн асуудал нь өдгөө яригдаж байгаа. Тиймдээ ч дэлхийн олон улсын төлөөлөгчид COP17-г шийдлийн, хэрэгжилтийн COP байх болно хэмээж буй. Энэ нь зохион байгуулж буй манай улсын хувьд таатай нөхцөл гэж харж байгаа.

Цөлжилттэй тэмцэх конвенцын тооцооллоор өдөр тутам 1 тэрбум ам.доллар зарцуулж байж байгаль эх дэлхий, усаа сэргээж чадна гэж үзэж байна. Гэхдээ тийм их санхүүжилт гаргах боломж мэдээж үгүй.

Санхүүжилт дутагдалтай, хамгийн чухалд нь бодитой тооцож үр өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулах, бизнесийг харах өнцгөө өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих, газар эзэмших эрхэд нь анхаарах, хувийн хэвшлийг татаж оролцуулах гэх мэт олон зүйлийг оролцогчид тал талаас нь ярьж байна. Цөлжилт, газрын доройтол, ган, хүн амын сөрөн тэсвэрлэх чадвар, тогтвортой санхүүжилт, хүнсний аюулгүй байдал, малчид, уугуул иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжиж буй орны асуудлыг шийдвэрлэх гээд олон чиглэлээр бодит ахиц дэвшлийг хүлээж буйгаа бүлэг бүрийн төлөөлөл хэлж байсан юм. Ядуурал, өлсгөлөн, тэгш бус байдал, хүн амын шилжин суурьшилт гээд маш олон асуудал хэлэлцүүлгийн үеэр яригдаж байна. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувь нь газраас хамаарч байгаа учир бүх л асуудал яригдах нь зүйн хэрэг биз ээ. Газраас хүнс, хувцас гээд хүнд хэрэгтэй бүхий л зүйл “үүсэлтэй” бөгөөд хөрс, усандаа анхаарлаа хандуулахгүй бол орших уу, эс орших уу гэдэгтээ тулна гэдгийг дурдах  хүн ч цөөнгүй байсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй, өгөгдөлд суурилсан шийдэл байх, өгөгдөл нь ил байх зэргийг хүсэж буйгаа ч илэрхийлсэн нь цөөнгүй.

Байгальд ээлгүй техник технологиос татгалзах, санхүүжилтийн үр дүнг бодитоор хэмжих зэрэг бүхий л өнцгөөс асуудлыг тун ч өргөн хүрээтэй хэлэлцэж буй COP17 бодит үр дүнтэй, ахиц дэвшилтэй шийдлийн хурал болох нь тодорхой гэж найдна. Монголд болсон COP ийм асуудлыг шийдсэн гэх түүх удахгүй бичигдэх биз ээ.

COP17-ын бидэнд авчирч буй өөр нэг том ололт бол ногоон санхүүжилтийг нийтээрээ сонирхож эхэлсэн явдал. Энэ хурлаас өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн хуулиа баталж, ногоон санхүүжилт татах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Зохион байгуулагч эх орны минь хувьд Цэнхэр, Ногоон бүсэд хэдэн зуун зэрэгцээ арга хэмжээ хийж, төр засаг, хувийн хэвшил, банк санхүү, малчид, тариаланчид, эрдэмтэд мэргэд, залуус хүүхдүүд, сайн дурынхан хэн бүгд олон улсын болон дотоодын байгууллагаас суралцсан өдрүүд болж байна. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа яаж солонгоруулах вэ гэж бид ярьдаг. Дэлхий даяар яригдаж буй ногоон эдийн засаг ийнхүү солонгоруулах нэг том гарц гэдэг нь тодорхой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зээрийн шагай ч хорих ялд хүргэж болно

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Консулын газраас өмнөд хөршид зорчих...

Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров сонгууль явуулахыг уриалж, эрх баригчдаа шүүмжлэв

Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров дайны үед...

АНУ-ын хүсэлтээр БНСУ хамтарсан сургуулилалтын хугацааг богиносгожээ

АНУ, БНСУ-ын хамтарсан жил бүрийн цэргийн сургуулилалт болох Ulchi...

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн...