Монгол Улсаас БНХАУ-д суугаа Консулын газраас өмнөд хөршид зорчих иргэддээ зориулж сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд дурдсанаар 2025 оноос хойш Монгол Улсын 10 гаруй иргэн зээрийн шагай, зэрлэг ан амьтны мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн болон амьтны сэг зэмийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, 4–10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна.
БНХАУ-д монгол зээр нь улсын I зэрэглэлийн хамгаалалттай зэрлэг амьтан бөгөөд түүний шагай, яс, эвэр, арьс, мах зэрэг аливаа хэсгийг ердийн эд зүйл бус, хамгаалалттай зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүнд тооцдог. Монгол Улсад тухайн зүйлийг хадгалах, авч явахыг хориглоогүй байж болох ч БНХАУ-ын хилээр нэвтэрсэн мөчөөс тус улсын хууль тогтоомж үйлчилнэ. “Бэлгэнд авсан”, “дурсгалын зүйл”, “худалдах зорилгогүй”, “бусдын дайвар ачаа”, “дотор нь юу байсныг мэдээгүй” гэх тайлбар нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байж болно.
Иймд БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараахыг онцгойлон анхааруулж байна:
-Зээр болон бусад зэрлэг ан амьтны шагай, мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн, сэг зэмийг авч явахгүй байх;
-Бусдын өгсөн уут, хайрцаг, дайвар ачааг агуулгыг нь шалгалгүйгээр хилээр нэвтрүүлэхгүй байх;
-Тээврийн хэрэгслийн бүхээг, тээш, ачааны хэсэгт хориотой болон хязгаарласан зүйл байгаа эсэхийг хил нэвтрэхээс өмнө сайтар шалгах;
-Гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай эд зүйл, бэлэг дурсгалын зүйл худалдан авахгүй, тээвэрлэхгүй байх;
-Эргэлзээтэй эд зүйл байгаа бол хил нэвтрэхээс өмнө гааль, хилийн холбогдох байгууллагаас заавал тодруулах.
Нэг ширхэг шагай, нэг уут мах, эсхүл бусдын дайвар ачаа ч таныг эрүүгийн хэрэгт холбогдуулж, олон жилийн хорих ялд хүргэж болзошгүй.
ӨӨРӨӨ БҮҮ АВЧ ЯВ.
БУСДЫН АЧААГ БҮҮ ДАМЖУУЛ.
ХИЛЭЭР БҮҮ НЭВТРҮҮЛ.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР


