Sunday, February 15, 2026

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

Date:

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр төр, хувийн хэвшил санал нэгдлээ-

Байгалийн баялгийг хэрхэн хуваарилж, ухаалгаар зарцуулж, эдийн засгаа дэмжиж, иргэдийнхээ амьдралд үр өгөөжийг нь шингээж чадсанаар улс орны хөгжил тодорхойлогддог. “Баялаг улс орныг баян болгодоггүй, харин баялгийг удирдах институц л улс орныг баян болгодог” хэмээсэн эдийн засагч Дaрон Асемоглугийн үг бий. Монголчууд сүүлийн 30 гаруй жил газрын хэвлийн баялгаа удирдах оновчтой хэлбэрийг эрэлхийлсээр ирсэн. Хэлэлцэж, талцаж, алдаж, оносоор олон жилийг үдсэний эцэст хамгийн зөв гэсэн хувилбараа олсон. Энэ нь Үндэсний баялгийн сан. Уг санг байгуулахын тулд бас багагүй хугацааг элээж, урт замыг туулсан.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 6-р зүйлийн 2-р хэсэгт газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэдэг гол зарчмуудыг тусгаж өгснөөр монголчууд баялагтаа эзэн байх эрх зүйн үндэс илүү баталгаатай, тодорхой болсон.  Үндсэн хуулийн энэ заалтын дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хууль ч батлагдсан.

Уг хуулийн хэрэгжилтийг хангуулах анхны том алхмыг Засгийн газар амжилттай хийж, хоёрдугаар сарын 11-нд стратегийн болон үүсмэл ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим аж ахуйн нэгжийн удирдлагуудтай хэлцэлд гарын үсэг зурлаа. Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өөрийн гараар томъёолж, парламентаар батлуулсан хүний хувьд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн санг амилуулах асуудалд ач холбогдол өгч, өнгөрсөн оны наймдугаар сард ажлын хэсэг байгуулсан. Ийнхүү Засгийн газар стратегийн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээний ширээнд суусан юм. Энэ бол уул уурхайн салбар дахь олон жилийн турш яригдаж, ужгирсан ч тохиролцоонд хүрч чадаагүй асуудлуудыг цэгцлэх, эмх журамд оруулах ажлын эхлэл байв. Ерөнхий сайдын 2025 оны 72 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд стратегийн орд болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй 10 гаруй удаа хэлцэл хийж, тухайн ордуудын өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тохиролцоонд хүрчээ.

Талууд Үндэсний баялгийн санг арвижуулж, Үндсэн хуульд заасанчлан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зарчим дээр санал нэгдсэн гэсэн үг. Энэ бол баялгийн өгөөжийг иргэддээ хүртээх, хувь, хэмжээг тогтоох талаар төр, хувийн хэвшлийн хооронд хийсэн хэлцэл амжилттай болсон анхны тохиолдол. Нөгөө  талаар Үндэсний баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ Хуримтлалын дансан дахь мөнгийг өсгөх бодитой бөгөөд ашигтай хэлцэл.

Тавантолгойн Ухаа худагийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс”, мөн Тавантолгойн Барууннарангийн ордыг эзэмшигч “Хангад Эксплорейшн” ХХК, Нарийнсухайтын нүүрсний ордод олборлолт явуулдаг “Өсөх зоос”, Эрдэнэтийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Ачит Ихт” гэсэн дөрвөн компанийн удирдлагатай Ерөнхий сайд Г.Занданшатар хэлцэлд гарын үсэг зурсан. Уул уурхайн өгөөжийг нэг компани, хэсэг бүлэг хүмүүс биш нийт олноороо тэгш, шударгаар хүртэх зарчим дээр нэгдсэн үндэсний компаниуддаа талархал илэрхийлэн учиртай. 

Засгийн газрын ажлын хэсэг эдгээр компанитай хэлэлцээр хийхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, ил тод, шударга байх зарчмыг баримталсан байна. Мөн талууд өгөөжийг жил бүр тооцож, ард түмэнд ногдох өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд өгөөж тохируулагч төлбөрийг төлөх, төрийн хувь эзэмшлийг тусгай АМНАТ-өөр орлуулах, тусгай АМНАТ нь олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэтэй уялддаг байх зэрэг 5 зарчмыг тохиролцжээ.

Стратегийн болон үүсмэл орд эзэмшигч компаниуд ийнхүү өгөөжийнхөө 60 хувийг ард түмэнд буюу Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх дээр санал нэгдсэн нь стратегийн болон стратегийн ач холбогдолтой ордуудын асуудлыг цэгцлэх ажлын эхний үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Цаашид стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд энэ удаагийн хэлцэл сайн жишиг болж байна.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...

Д.Цэрэнтогтох аваргын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох дээд зиндаанд дэвшсэний найраа хийжээ

Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү, Монгол Улсын...

“Оюу толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийн нэмэгдүүлэхээр санал нэгджээ

 “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны...