Sunday, February 15, 2026

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Date:

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш

Улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээрийн 16 нь хайгуулын, 38 нь ашиглалтын  тусгай зөвшөөрөл гэнэ. Хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс байх ёстой. Гэтэл ийм онцгой хамгаалалтын зурваст Засгийн газрын зохих шийдвэргүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хил хамгаалалтын орон зай хумигдах, инженерийн байгууламж, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, гамшиг, ослын үед хил хамгаалалтын ажиллагаа тасалдах, орон нутгийн иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх зэрэг олон эрсдэлийг бий болгожээ.

Тухайлбал, зарим тусгай зөвшөөрлийн талбай нь хилийн цэргийн анги, салбар, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай хэрэгцээний газар, хилийн инженерийн байгууламжтай давхацсан байж. Мөн улсын хилийн шугамд тулсан, эсхүл улсын хилийн шугамд хэт ойр байрлалтай талбайд тусгай зөвшөөрөл олгосон байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах 10 хилийн боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан асуудал ил болоод байна. Боомтын сэргэлтийн Үндэсний корпорац гэж төрийн өмчийн компани байгуулж, уг компанийн нэр дээр дээрх газрыг олгожээ. Үүнийг эдийн засгийн ач холбогдолтой байж гэж бодсон ч холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдлийг нь зөвтгөх аргагүй. Тэгээд ч Монгол Улсын хил, хилийн зурвас бол эдийн засгийн ашиг сонирхлын объект биш.

Лиценз бүрийг нарийвчлан шалгана

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж Үндсэн хуульд тунхагласан. Монгол Улсын хилийн тухай хуульд “Улсын хил халдашгүй дархан байна” гэж заасан. Гэтэл халдашгүй дархан байх ёстой хилийн торгон зурваст хуулийн дээгүүр гишгэсэн, зах замбараагүй, “хил хязгааргүй” будилаан цэцэглээд байжээ.

Улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж, дээрх хилийн зурваст 34 га газар олгосон хууль бус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хүчингүй болгожээ. Мөн хилийн зурваст олгогдсон ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгахаар болсон гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Хилчин хүн хилийн зурвас дахь өвс, чулуу бүрийг ажиж нүдэлж, хамгаалдаг байхад тэнд олгосон ашигт малтмалын лиценцийг нэгбүрчлэн шалгах нь зүйн хэрэг. Б.Энхбаяр сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулахуйц шийдвэрүүдийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд асуулт, хариулт явуулалгүй шууд алх цохиж улсын хилийн зурваст газар олгох шийдвэр гаргасан. Эдгээр газар олголт хийгдсэн боомтуудыг хөгжүүлэх талаар УИХ, Засгийн газраар батлагдсан ямар нэг ерөнхий төлөвлөлт байгаагүй” гэсэн юм.

Иргэдийн мэдээллээр эмх замбараагүй байдлыг цэгцлэв

Ерөнхий сайд Г.Занданшатарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг хүссэн байна. Мөн нэр бүхий компани хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлжээ. Иргэдийн энэ санал, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авснаар улсын хилийн хамгаалалтын бүсэд хууль бусаар газар ашиглах, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлүүд олгосон зөрчил ил болсон нь энэ. 

Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулахаар болжээ.

Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны наймдугаар сард захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх ажлын хэсэг байгуулсан. Лицензийн хулгайг цэгцлэхэд иргэдийн мэдээлэл, хяналт чухал. Ерөнхий сайд он гарсаар Өмнөговь, Дорноговь аймгуудад ажилласан томилолтын үеэр иргэдийн гаргасан санал, гомдол, мэдээллийн мөрөөр хилийн зурвасаа худалдахаад бэлэн болсон хууль бус үйлдлүүд ил болоод байна.

Гашуунсухайтын гашуун хэрэг 

“Хил дээр гарсан хэрэг” гэж Монголын уран сайхны кино байдаг шиг энэ цагт “Хил дээр гарсан хэрэг” дээрх хууль бус газар ашиглалт, уул уурхайн лицензээр зогсохгүй нь. Мөн л хуулийн хил хязгаарыг давсан, авлига, албан тушаалын хэрэг. Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Ажлын хэсгийн хяналт шалгалтаар Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон нь илэрчээ. Энэ бол ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон хууль бус үйлдэл гэдэг нь мэдээж. Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” ХХК эзэмшиж, өөрсдөө дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний буюу 95.7 тэрбум төгрөгийн ашиг олсон байжээ. Энэ мэт олон асуудал нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нь тогтоогдоод байгаа аж.

Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаар “Засгийн газрын 2022 оны 349 дүгээр тогтоолоор “Смарт Эко Транс” ХХК-тай Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээ байгуулахдаа Концессын хуулиар биш нууцын бичиг авч байгаад Тендерийн хуулийн дагуу шууд гэрээ байгуулсан. Засгийн газрын хуралдаанд Концессын гэрээгээр гэж оруулсан ч тогтоол нь Тендерийн хуулиар гэж гарсан” хэмээн мэдэгдсэн.

Энэ хууль бус үйл ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ. Мөн Гашуунсухайтын боомтод хийсэн шалгалтын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах юм. Нэг аж ахуйн нэгжд давуу байдал олгосон тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улсад учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болжээ. 

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Д.Цэрэнтогтох аваргын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох дээд зиндаанд дэвшсэний найраа хийжээ

Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү, Монгол Улсын...

“Оюу толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийн нэмэгдүүлэхээр санал нэгджээ

 “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны...