Monday, February 16, 2026

Оюун сэтгэлгээний шинэ тив нээгч “Өвгөн дэнлүү”

Date:

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн хэвлэлд өгсөн ярилцлагууд “Бүтээлийн чуулган”-ых нь 3-р боть болж гарах юм. Хэвлэлийн эх нь бэлэн болсон энэхүү ботид багтсан ярилцлагууд 1995-2024 оны хооронд өөр өөр орон зай, цаг хугацаанд, өөр өөр сэтгүүлч, зохиолчидтой уран зохиол, урлаг, соёл, түүх, нийгэм, улс төр, цаг үе зэрэг өргөн сэдвээр хөөрөлдсөн, олон өнгө аяс, мэдрэмжийг багтааснаараа онцлог. Тэдгээр ярилцлагаас нь Ломбын Нямаа багшийн хувийн намтар, уран бүтээлийн гараа, замнал, оюун санааны багш нар хийгээд Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийн шавь нар, уран зохиолын талаарх үзэл баримтлалынхаа талаар өгүүлсэн хэсгүүдийг түүвэрлэн энэхүү зүймэл ярилцлагыг толилуулж байна. 

Г.Сонинбаяр

“99 хувийн хөдөлмөр, 99 хувийн авьяас, 99 хувийн дэг журам”

-Та өөрөө хэнээр хөтлүүлж уран зохиолын замд орсон бэ?

-1965-1970 онд их сургуулийн хэл, уран зохиолын ангид сурч байхдаа “Гаадамбын их сургууль”-д Д.Отгонсүрэн, Д.Цэмбэл, 3.Дорж, Д.Батбаяр, Д.Алтанхуяг, Б.Шараа, Той.Галсан нарын зэрэг олон нөхдийн хамт давхар суралцаж байв. Га багш бидний ухааны мэлмийг нээж, урлаг, уран зохиолын нууцыг таниулсан юм. Тэр үед биднийг зарим зохиолч “Эсэргүү Гаадамбын шавь нар” гэж нэрлэдэг байлаа. Га багш зохиолчдын хэн нь сайн зохиол бичиж байгаа, хэн нь муу “саарал” зохиол бичиж буйг бидэнд нуулгүй ярьж ойлгуулдаг сан. Манай дугуйланг Зохиолчдын хорооноос яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндорж хариуцдаг байв. Яруу найрагч Л.Лувсандорж, Д.Алтанхуяг зэрэг бидний хэдэн нөхөд “Цэдэндоржийн сургууль”-д сурах болсон юм.

Манай багш биднийг шүлэг бичих эрдэм, шүлэгтэйгээ ажиллах уран чадвар, дэлхийн уран зохиолтой танилцах ухаанд сургасан. Бид багшдаа олон шүлэг уншсан даа. Миний хувьд ганцхан шүлэг “Болжээ” гэсэн үнэлэлт авсан. Тэр минь “Балдан зураач” хэмээх богинохон шүлэг юм. Багш их бичиж, их уншихыг шаардана. Хөдөө багшилж байгаад очиход “Юу уншив” гэж шалгаана. Лувсандорж, Алтанхуяг, Лханаасүрэн бид нарыг ном уншиж сур гэж “номын боолт” уншуулна. Бид Э.Хэмингуэйн “Зэр зэвсэг минь баяртай” зэрэг олон номыг тэгж уншсан. Багш, шавь байхын учир утгыг тэгэхэд л ухаарч билээ. Цэ багш шавь нарынхаа амьдрал, уран бүтээлийн төлөө цуцалтгүй хөөцөлдөнө. Лувсандоржийг их сургуульд оруулж, сүүлд нь цэргээс чөлөөлүүлж байсан. Намайг сургууль төгсөхөд хөөцөлдөн Хэнтийд хуваарилуулж, хөдөө унших номоор гачигдаж байгаа гэж нэг номыг дандаа хоёр ширхэг авч надад явуулдаг байв. Багштай хамгийн сүүлчийн удаа уулзахад миний шүлгийн дэвтэрт

“Оргүй хоосноос ирсэн бид

Орчлон дэлхийд амьдрахдаа

Салж чадахгүй болсны учрыг

Санаж явбал тэр мөнхрөл 1981.7.19” гэж бичсэн.

Дахин уулзахгүйгээ хэлснийг тэнэг шавь нь сүүлд ухаарсан.

-Мишигийн Цэдэндорж гуай бол яах аргагүй таны багш даа?

-Би 1965 оны аравдугаар сарын 10-ны өдөр шүлгийн нэг уралдаанд түрүүлсэн юм. Тэгэхэд Мишигийн Цэдэндорж багш намайг ихэд тоож, гарын үсгээ номдоо бичиж дурсган, гэрээ зааж өгсөн. Тэгж багш шавь барилдсаны тавин жилийн ой энэ онд тохиож байгаа юм. (2015)

Цэ багш минь том яруу найрагч, соён гэгээрүүлэгч байлаа. Шавь нартаа хатуу шаардлага тавина. Гадаад хэл сур гэнэ. “Лит.газета”, “Курьер”, “Новый мир” сэтгүүлийг заавал захиалж уншиж бай гэнэ. Оюун санааны хувьд мөн ч олон жил намайг чирж явсан даа. Одоо ч чирж явна. Бидний шүлэг зохиолыг болж байна гэж барагтай бол хэлэхгүй. Хатуу шаардлага тавина. Багшийн “Амьдын жаргал”, “Нутгийн чулуу”, “Байгалийн зураг, хүний хөрөг” гээд нэгнээ давтаагүй дандаа шинэ ном байлаа. Өөртөө ч ийм л шаардлага тавьж үлгэрлэдэг байж. Зохиолч хүн хүнийг битгий хэл, өөрийгөө ч давтах ёсгүй, давтвал “сөнөж” байгаа нь тэр гэж ярьдаг байлаа. Өөрийгөө давтаад, нэг л хэвийн бичээд, сэтгэл ханаад эхэлбэл уран бүтээлчийн “үхэл” тэр гэж үздэг байв. Уран бүтээлээ ямагт дээдэлнэ. Шүлгийнх нь дэвтэр гэхэд ямар гоё цэвэрхэн гэж бодно. Яруу найраг бол тэнгэрийн юм гэдэг сэн. Хөдөөнөөс ирээд багштай уулзахад ёс юм шиг “За, шинэ сэргэг юу уншив” гэж заавал асууна. Өөрийн уншсан ном зохиол, шинэ сонин зүйлийг ярьж өгнө. Том соён гэгээрүүлэгч хүн шүү дээ. Орчуулга их хийдэг байсан нь үүнтэй холбоотой байх. Монголын тухай гадаадад хэвлэгдсэн ном, сэтгүүл, сониныг цуглуулдаг байсан. Өөрийн номдоо М.Ц гэж бичиж тэмдэглэнэ.

Орчуулах өгүүлэл, шүлэг, зохиолыг таван хошуугаар тэмдэглэдэг сэн. Амьдралын сүүлийн жилүүддээ “Хөх өнгөний ном” бичнэ гэж ярьж байсан. Амжсангүй дээ. Энэ нь мэдээж хөх толбо, хөх туг, хөх тэнгэр гээд Монгол орны тухай ном гэсэн үг байсан байх. Францын зохиолч Г.Мопассан өгүүллэгийн номоо хэвлүүлэх гэж Г.Флоберт үзүүлжээ. Номыг нь голоод цонхны дэргэд очоод гудамжаар явж байсан таван хүнийг заагаад энэ таван хүний зан төрх, хувцас хунар, үг яриагаар өгүүллэг бич гэж хэлсэн гэдэг. Хожим Мопассан анхны ном гаргахдаа “Намайг хүн төрөлхтний өмнө хийх нүглээс аварсан багшдаа зориулав” гэж Флоберт зориулсан үгтэйгээр хэвлүүлсэн гэдэг. Үүнийг Цэ багш жишээ татан бидэнд хэлдэг сэн.

Багш маань хэчнээн сайхан яруу найрагчдыг төрүүлсэн билээ дээ. Өвөрмөц дэг сургууль. Их уншуулдаг, бичүүлдэг. Тэр болгоноороо дэлхийтэй танилцуулдаг. Тэр сургуулийн бүтээгдэхүүн би. Миний багшийн уран бүтээл мөнх. Монголын ард түмэн байсан цагт Мишигийн Цэдэндоржийг мартахгүй.

Га багш биднийг М.Цэдэндорж багштай уулзуулж танилцуулсныхаа дараа “Миний хүүхдүүд Монголын агуу их М.Цэдэндоржтой ойр дотно яваарай. Эрдэм мэдлэгийн далайгаас нь шанаганыхаа хэрээр хутгаж аваарай” гэж хэлж байсан юм. Би Га багшийгаа Монголын уран зохиолын том төлөөлөгч, соён гэгээрүүлэгч гэж бодож явдаг. Га багш биднийг МУИС-ийн 119 дүгээр өрөөнд цуглуулан, шүлэг сонсож, утга зохиолын талаар халуун яриа өрнүүлдэг байсан. Би ноднин сургуулиараа орохдоо 119 дүгээр өрөөнд хадаг зүүсэн.

-“Засгийн газрын мэдээ” сонинд Б.Галсансүх “Цусанд хүртэл гоо сайхан бий” ярилцлагадаа таныг уран зохиолын замд хүн болгосон миний анхны багш гэж бичсэн. Галсансүхийг яаж таньж, хөгжүүлэв?

-Өндөрхаан хотын найман жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр очоод есдүгээр сарын нэгний өдөр “Энхтайвны хичээл”-ийн дараа Г.Товуудоржийн авсан дөрөвдүгээр ангид орж, зуны амралтаар уншсан номын тухай ярилцахад жаахан хүү “Зүрхний хилэн” роман уншсан гэлээ. Би “Юу ойлгов?” гэж асуухад романыг дэндүү нарийн мэдэрсэн байсан. “Шүлэг бичдэг үү?” гэхэд “Бичих дуртай” гэсэн. Тэгж анх танилцсан. Өдөрт таван шүлэг бичүүлж, өдөр бүр дөрвөн мөр шүлэг цээжлүүлж эхэлсэн. Д.Пүрэвдоржийн “Бурхад ба хүмүүс” болон монгол ардын баатарлаг туульсийг цээжилсэн. Зургадугаар ангиас орос шүлэг цээжилсэн. Дэндүү олон шүлэг бичсэн. Дэндүү олон ном уншсан. Шүлэг нь өдөр, сар, жил тутам сайн болж байв. Би ганц ч удаа “Болж, байна” гэж хэлээгүй. Цэдэндорж багшийн хоёр ботийг судлуулав. Галсансүх залхуурна гэж огт байхгүй. Надад дэлхийн аль ч орны яруу найргийг таниулчих сайн номын сан бий. Номын сангаа Галсансүхэд нээж өгсөн. Наймдугаар ангид орохдоо оросоор шүлэг уншаад ойлгодог болсон. Их Оросын хэлээр шүлэг уншаад ойлгоно гэдэг нь уран бүтээлийн амьдралд гарч буй “хувьсгал” шүү дээ. Ингээд Галсансүх миний гараас гарч Н.Нямдоржийн “сургууль”-д дэвшин сурсан юм.

-Галсансүхийг модернист найрагч хэмээн зарим нь магтаж, зарим нь шүүмжилж байгааг юу гэж үздэг вэ?

-Би шавь шавь нартаа уран бүтээлийн ямар ямар зам байдгийг зааж өгөхөөс биш тийм замаар яв гэж түлхэж хөөдөггүй. Өөрөө дэлхийн утга зохиолын олон замын (урсгал чиглэлийн) гүн ухааны үндэс, бүтээл туурвих аргын нууцыг таниад аль ч урсгал чиглэлийг өөрийн уран бүтээлийн зам болгож сонгох нь тэр хүний дурын хэрэг шүү дээ. Дэлхийн уран зохиолын аль ч урсгал, чиглэлд муу муухай гэж хараах зүйл үгүй. Яагаад гэвэл тэр урсгал, чиглэлүүд нь түүхэн тодорхой хөгжих шимтэй хөрс бол чөлөөт сэтгэлгээ мөнөөс мөн! Монголын урлаг, уран зохиолд хүн төрөлхтний ухаант хөвгүүдийг буй болгосон бүх урсгал хөгжиг. Манай уран зохиолд “Бишүби”; “Гуну”, “Хүрээ хөвгүүд”, “XXI зууны яруу найрагч” гэх зэрэг хэд хэдэн урсгал санаачилж буйгаа албан ёсоор зарласан. Дэлхийн уран сайхны соёлын түүхийг харахад шинэ урсгал, чиглэл гарахдаа өөрийн гүн ухааны үзэл баримтлал, урлан бүтээх аргаа тунхаглаж гарч ирсэн байдаг. “Бишүби” урсгалыг санаачлагч Д.Урианхай л өөрийн урсгалын дүрслэх аргын тухай хэд хэдэн удаа өгүүлэл бичсэн, бусад нь чимээгүй байна. Аливаа урсгал, чиглэлд амьдрах нөхцөл нь өөрийн гэсэн судлаач шүүмжлэгч, уншигчтай болох явдал бөгөөд тиймийн учир өөрийн сонин, сэтгүүлийг гаргах шаардлагатай. Аливаа урсгал, чиглэлд сэтгэл нийлсэн уран бүтээлчид өөрсдийгөө хөгжүүлэх ойрын болон хэтийн бодлоготой байж уран зохиолын түүхэнд үлдэнэ.

-Сонинд шүлэг зохиолоо хэвлүүлж буй залуучуудаас хэнийг илүү үнэлдэг вэ?

-“Зүс бүгэг андууд” шүлгийн түүвэр гаргасан Увсын хэдэн хөвгүүд, “Адил хуучин” ном гаргасан Дарханы Ц.Цэнд, “Согтуу өвс” бяцхан номын эзэн Өвөрхангайн Н.Пүрэв, Хөвсгөлийн Б.Мягмаржав, Улаанбаатарын Л.Өлзийтөгс, ид туурвих насандаа тэнгэрт хальсан Д.Баттогтох нар, Хэнтийн анхны шүлгээ бичсэн залуучуудас Б.Галсансүх, Б.Энхжаргал, Д.Гансүрэн, Б.Одгэрэл, С.Оюунчулуун, Л.Энхбаатар, С.Наранчимэг, Б.Занданхүү нарт их найдвар тавьж байгаа.

У.Фолкнерийн айлдсанаар 99 хувийн хөдөлмөр, 99 хувийн авьяас, 99 хувийн дэг журам зөв хослуулж, их ажилласан залуус Монголын уран зохиолын тэнгэрийг өргөлцөнө. Дорнодын Б.Бат-Орших, Завханы Ц.Бавуудорж, Дорноговийн А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Өвөрхангайн Б.Ичинхорлоо, Хөвсгөлийн Л.Энх-Амгалан нарт уншигчид их найдаж байгаа. Эдгээр авьяастай залууст нэг ухаантны үгийг сануулахад илүүдэхгүй. Тэр хэлэхдээ, “Би сайн зохиол бичиж байна” гэж бодсон цагаасаа эхэлж мөхдөг хэмээсэн нь үнэн бөгөөд хатуу үг.

Яруу найрагт өрсөлдөнө гэсэн юм байхгүй. Хөгжүүлэх, урагшуулах гэсэн ойлголт байх ёстой. Монгол эх орон маань утга зохиол, яруу найргаар хүрээлэгдсэн эх орон. Яруу найргаар хамгаалагдсан эх орныг дайсан ялдаггүй юм.

-Уран зохиолын залуу авьяастныг зөв таньж, хөгжүүлэх талаар таны бодож санаж явдаг зүйл юу вэ?

-Уран зохиолын жинхэнэ авьяастан “өдрийн од” шиг цөөхөн төрдөг. Уран бүтээлийн зам сайхан хэрнээ халтиргаатай. Авьяастай хүн бидэн шиг манкурт боол шиг амьдрах дургүй. Өөрийгөө өөрөө үрэн таран хийдэг хувь заяа ойрхон байдаг учраас авьяастныг багаас нь зөв таньж, зөв хөгжүүлэх, зөв хүмүүжүүлэх төр засгийн болон уран бүтээлийн байгууллагын бодлого, анхаарал, хайр халамж юунаас чухал. Уран зохиолын авьяастныг багаас нь олъё гэвэл хүүхдийн дунд уран бүтээл орчуулгын уралдаан зарлаж дүгнэх, зарим тохиолдолд сэдэв заасан уралдаан зарлаж дүгнэх зэргээр хүүхдийг багаас нь уран бүтээлийн үйл ажиллагаанд өргөн оролцуулах ажлыг улсын хэмжээгээр зохиомоор байна. Аймаг бүрд “Яруу найргийн сургууль” байгуулж, МЗЭ-ийн гишүүдээр удирдуулах, аймаг бүрийн “Боловсролын төв”-үүд залуу шүлэгчдийг шагнах, өөрийн аймгийн алдарт зохиолчдын нэрэмжит шагналтай болох нь чухал байна. Авьяастай нь нэгэнт тодорхой болсон хүүхэд, залуучуудыг их, дээд сургуульд бүтээлээр нь шалгаруулж элсүүлдэг болмоор байгаа юм. МУИС-ийн дэргэдэх Утга зохиолын дээд сургууль (захирал нь Ширсэдийн Цэнд-Аюуш) 1995 онд элсэлтийг бүтээлээр нь шалгаруулсныг улсын болон хувийн дээд сургуулиуд хэрэгжүүлээсэй.

Яруу найрагт шавь төрүүлнэ гэдэг шинэ тив нээхтэй адил

-Утга зохиолын их өргөөний ноён нуруу болсон манай алдартай уран бүтээлчид таны зургийн цомогт мөнхөрчээ. Энэ бүхэнтэй уулзаж учирч л явсан биз дээ.

-Утга зохиолын түүхэнд тодорсон энэ хүмүүс үнэхээр тэнгэрээс заяат гэрэлт одууд байсан. Манай Явуу багш байна, М.Цэдэндорж багш байна, Н.Нямдорж байна, ер нь Монголын утга зохиолыг нуруун дээрээ үүрч явсан гайхамшигт хүмүүстэй уулзаж учирч явсан хувь тавилан бол миний хувьд энэ насанд олдошгүй сайхан тавилан гэж бодож явдаг.

Монголын зохиолчид, залуу зохиолчид эрхэм сайхан нөхөдтэй хөдөө орон нутагт сууж уран бүтээл хийж, ингэж яваагийн хувьд хандаж хэлэхэд Монголын зохиолчид бол хэцүү бэрх хүнд цагийг туулж байлаа ч гэсэн хийх юмаа хийж, бүтээх юмаа бүтээж явна.

Залуу зохиолчиддоо их халамж тавьж, тэднийхээ тусын тулд их зүйл хийх шаардлагатай байна. Залуу зохиолчдыг халамжилж хайрладаг байгууллагыг сэргээн байгуулж, тэр хүмүүсийг халамжилж Монголын утга зохиолын энэ их цэцэрлэгт цэцэрлэгч болгохын тулд анхаарал тавихгүй бол залуу зохиолчид нэг бол өөрийгөө олохгүй их баларч байна, эсвэл олсон ч гэсэн амжилтдаа эрдэж өөртөө ханаж мөхөх тийм аюулд орж болзошгүй боллоо. Тийм болохоор залуу зохиолчдыг халамжилж их анхаарал тавих цаг тулж ирлээ.

-Та бол багш хүн, Хэнтий нутагтаа олон жил суулаа. Ард түмний үр хүүхдэд эрдэм ном заалаа даа. Таны “школ” гэж байна уу? Яруу найрагч шавь нар хэр төрж байна?

-Энэ их сайхан асуулт байна. Манай Хэнтий аймаг бол авьяастнуудын орон юм. Олон сайхан яруу найрагчийг Монголын утга зохиолд төрүүлж өгсөн сайхан авьяастай ард түмэн энд байдаг. Яг надаас хойш, миний багш болсноос хойш яруу найрагчид олон төрж байгаа. Яруу найрагт шавь төрүүлнэ гэдэг бол шинэ тив нээх шиг хэцүү… Шавьтай байхын бахархлыг миний багш сургасан. Хэнтий аймагтаа 15 жил багшилж, 20 жил Боловсрол, соёлын төвд ажилласан. Намайг 30 гаруй яруу найрагч багшаа хэмээн хүндэтгэдэг.

Манай залуучууд “Хан Хэнтий” яруу найргийн сургууль гэж өөрсдөө нэр өгч, тийм сургуультай гэж ярьдаг юм. Энэ нь биднийг дамжиж өнгөрсөн хүүхдүүд өөрсдийгөө нэрлэж байгаа нь тэр л дээ. Эд нарыг өөрсдийнх нь хөдөлмөр шийднэ.

Сүхийн долоон нуураас нүүдэллэж ирсэн сонгоол анчны үр сад, би

-Таныг Хэнтий аймгийнх гэдгийг мэдэх юм. Гэхдээ тэр сайхан нутгийн хаана нь таны хүй цөглөсөн газар байдаг бол?

-Би 1945 оны хоёрдугаар сарын 16-нд Хэнтий аймгийн Биндэр сумын Хөмөлийн гол хэмээх гэгээн тунгалаг сайхан голын дэргэд төрсөн. Миний нутаг Сэрүүн Галттай гэж Монголын утга зохиолд алдартай тэр газрын баруун залгаа оршдог. Угаасан ус, Хөмөлийн голын рашаан тунгалаг ус. Хэнтий аймгийн ширхэг чулуу, урсаж буй гол мөрөн нь Монголын түүхийг гэрчилж үлдсэн. Үүний зэрэгцээ хэнтийчүүдийг агуу их Рашид-Аддин “Судрын чуулган” зохиолдоо “Онон, Хэрлэнгийн савд төрсөн охид хөвгүүд гоо үзэсгэлэнтэй бөгөөд ухаантай сэргэлэн” гэж тэмдэглэсэн байдаг. Миний нутгийн ард түмнийг “Судрын чуулган”-д магтаж, “Монголын нууц товчоо”-ны хуудас бүрт мөнхөрсөн.

-Буриад зон халхуудыг бодвол өвөг дээдсээ их сайн мэддэг шиг санагддаг. Та аль овогт нь багтдаг вэ?

-ОХУ болон манай Сэлэнгэ аймгийн зааг нутагт Сүхийн долоон нуур гэдэг газар бий. Сүхийн долоон нуурт миний өвөг дээдэс амьдарч байгаад 1920-иод оны эхээр Монголд ирж суурьшсан. Манай өвөг дээдсийн эрчүүд нь ан гөрөө, эмэгтэйчүүд нь гэрийн ажлаа хийж ирсэн эгэл жирийн амьдралтай хүмүүс байсан. Нанзад, Буд гэдэг миний хоёр нагац 1937 онд баригдаж цаазаар авахуулсан. Бусад нь нутаг орондоо амьдарч байгаад ертөнцийн мөнх бусыг үзэцгээсэн дээ. Манайхан сонгоол овогт багтдаг. Ашвагад омогтой.

-Аав тань гөрөөчин хүн байсан гэсэн. Байгаль эхээ хайрлах, хүн байхын мөн чанарын тухай олон зүйлийг хэлж сургасан болов уу? 

-Тэгэлгүй яах вэ. Аав минь ан хийхдээ өөрийнхөө хэрэгцээгээр ан хийж, хэрэгцээнээс илүү олон амьтан агнаж, байгаль дэлхийгээ сүйтгэдэггүй ёс суртахуунтай хүн байсан. Ангийн цээрлэл гэж гайхамшигтай цээрлэл байдаг. Жишээлэх юм бол амьтныг үр төлөө гаргаж байх үед нь ч юм уу, орооны үед нь алж болохгүй. Авласан ангийнхаа цусаар байгалийг бузартуулж болохгүй гэх мэтийн маш олон цээрлэлийг баримталдаг байсан. Одоо анчид биш ангуучид л их олширч дээ. Аав минь хүүхэд насны минь олон сайхан дурсамжуудад байдаг. Би бараг л могойн чуулган дунд өссөн хүүхэд. Миний төрж өссөн Хорхойт гэдэг газарт олон могой байдаг байлаа. Пийшин, ор дэрэн дээгүүр гулсаж явдаг тэр олон могойн нэгэнд ч хатгуулаагүй л юм даг. Харин аав минь намайг 13 настай байхад бурхан болж билээ. Гэхдээ би их хатуужилтай өссөн. Аав минь намайг эрт ухаажуулахын тулд бага балчирт минь орхиж явсан гэж бодоод шүд зуудаг байлаа. Түүнийг ойлгох ухаарал бага насанд минь байсанд гайхдаг юм. “Зовлон бол цэцэн хүний багш” гэж Байроны хэлсэн үг байдаг даа.  Амьдралаас амсаж үзэхийн тулд л би өөрийн дуртай бүхнээ хийж, аавынхаа араас буян үйлдэхийг хичээж явсаар өдийг хүрсэн дээ.

-Аавыг тань өнгөрснөөс хойш амьдралыг үүрч, дүүрч явсан ижийнхээ тухай яриач?

-Миний ээж бол маш ухаалаг, сайхан сэтгэлтэй хүн байлаа. Би бага балчир, эгч минь 20 гаруйхан настай байсан. Тэр бүхнийг болоод хүнд хэцүү цаг хугацааг ганцаараа авч гарсан даа. Миний ертөнцийг бүтээсэн хүн гэж хэлнэ. Ерөөс эх хүний сайхан нь сэтгэл, хөдөлмөрч зандаа л байдаг шиг санагддаг. Бэрхшээлийг даван туулах чадвар гээд л. Аливаа хүн бэрхшээлийг даван туулж байж оршдог шүү дээ.

Монголчуудад нэг гайхалтай чанар байсан даа. Нутгийнхаа хүүхдийг сайн хүн болгох гэж бүгдээрээ хайрладаг, халамжилдаг. Тэр их хайр, халамжийн ачаар өдий зэрэгтэй явж байна гэж боддог доо. Хаслигийн голыг тойрч тусч, ажилсаг сайхан хүмүүс аж төрдөг байж. Уг голын хөвөөнөөс гурван гавьяат төрсний нэг нь би. Энэ алдрыг Хаслигийн голын ард түмэн л бидэнд зүүж өгсөн гэж боддог. Одоо энэ сайхан чанар алдарч байгаа. Үүнийг засах хэрэгтэй. Аливаа ард түмний түүх, ирээдүйгээ хэрхэн хүмүүжүүлснээс шалтгаалдаг. Нутгийн өвгөд гэдэг агуу их хүмүүжүүлэгч. “Ухаантнаас ухаан цуглуул” гэж манай нутгийнхан ярьдаг. Миний бага, залуу нас ухаант буурлуудын сургаал дээр өнгөрсөн юм даа.

1955 онд буюу 10 настайдаа сургуульд орсон. Тэр үед миний анхны багш А.Долгормаа гэж гайхамшигтай багш байлаа. Миний үеийнхний нэг азтай зүйл гэвэл Ц.Цэдэнжав гэдэг зохиолч манай сум, нэгдлийн даргаар ажиллаж байв. Бидэнд ном унших, эх орноо хайрлах үзлийг хар багад суулгасан. Миний хүүхэд нас Батширээт суманд өнгөрсөн. Багш минь Батширээтийн хүүхэд болгоныг шатарчин болгосон соён гэгээрүүлэгч  байв. 1965 онд Биндэр сумын арван жилийн дунд сургуулийг төгсөөд МУИС-ийн хэл, уран зохиолын ангийг дүүргэсэн.

-Идэр залуухан Нямаа ямар хүн байсан бол оо?

-Би чинь ерөөсөө зугаа цэнгэл эргүүлдэг бага насны явдлаар бага явсан хүн л дээ. Ном эргүүлж, сонин, сэтгүүл уншиж, бас ажил их бодож явсан. Жишээ нь, ажиллаж байсан сургуулиуддаа “Байгууллагын мөсөн уул”-ыг бүтээх гэж хөөрхөн зүтгэж явсан. Үүний жишээ нь уншиж сурсан хүүхдэд эрдмийн алтан түлхүүр гардуулах, хуулийн олимпиадад явуулах мөн баатруудын дурсгалыг хүндэтгэх өдрийг зохион байгуулж Монгол ТВ-ээр нэвтрүүлэг явуулж байсан. Бүх ажиллаж байсан сургуулиа номын сантай болгож, номоо Улаанбаатараас үүрч дүүрч авчирч байсан даа. Одоо Биндэр, Өмнөдэлгэр сумдын сургуулиуд баяжуулаад сайхан аваад явж байна. Ер нь номгүйгээр сургуулийг төсөөлөх аргагүй.

Миний шавь нар утга зохиолын мөсөн уулыг хага цохих болно

-Яруу найргийн мөсөн уулыг хөдөлгөх дөрөв дэх давлагаа эхэллээ гэж та ойрмогхон төвийн сонинд бичсэн байна билээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Монголд утга зохиолын цөөхөн хэдэн школ бий. Жишээлбэл, Булганд Д.Мандахсаны школ гэж байна. Д.Мандахсан “Хүнд аялгуу” гэж маш гайхамшигтай ном бичсэн. Д.Мандахсаны “Уран өд” яруу найргийн дугуйлангаас Д.Баянтунгалаг, С.Оюун, Д.Баттогтох, Б.Цэрэнжамц, Ж.Батцэцэг, Б.Ганчимэг гээд олон авьяастан төрөн гарсан. Их утга зохиолд давлагаа гэж байдаг юм. Тухайлбал, Хэнтийгээс 1960-аад оны үед С.Эрдэнэ, Н.Нямдорж, Р.Чойном нар утга зохиолд давлагаа болж байлаа. Дараагийн давлагаа миний үеийнхэн байсан юм. Гурав дахь нь Б.Галсансүх, Б.Одгэрэл нар. Дөрөв дэх давлагаа өнөөдөр Хэнтийн довон дээр байна. Маш өвөрмөц сэтгэлгээтэй, хурц авьяастай хүүхдүүд бий. Шинэ үзэгдэл болно. Эд Монголын утга зохиолын мөсөн уулыг хага цохих болно. Үүнийг би батлан хэлж байна. Би Хэнтийнхний утга зохиолыг хөдөлгөж байсан давлагаа, үеийг нэрлэлээ. Нутаг нутагт ийм үе, давлагаа байсан. Авьяастай, чадалтай нь нутаг нутгаас тодрон гарч нэгдэн, их утга зохиолыг давлагаалуулж байсан юм.

Ганц хүний авьяасыг нээнэ гэдэг хүн төрөлхтнийг аврахтай адил гэсэн үг байдаг. Хүнд байгалиас заяагдсан нуугдмал, дарагдмал байгаа авьяасыг нээж, тэтгэн услах гэдэг багш хүний, тэр тусмаа яруу найргийн дугуйлангийн багшийн эрхэм зорилго гэж би ойлгодог.

Онон мөрний хөвөөнд шавь нарын хамт. Зүүн гар талаас Г.Сонинбаяр, Д.Галсансүх, М.Болд, Ай.Төмөр-Очир, арын эгнээнд А.Түмэнбаяр, Т.Цогт-Эрдэнэ, М.Саруулдалай 2005 он. Хэнтий аймгийн Батширээт сум.

-Хан Хэнтийн яруу найргийн дугуйлангаас Б.Галсансүх, Б.Одгэрэл нар төрөн гарсан. Б.Галсансүхийг утга зохиолыг шинэчлэгч гэдгийг утга зохиолын хүрээнийхэн дуртай дургүй ч хүлээн зөвшөөрдөг. Тэр маш гаж, өвөрмөц сэтгэлгээтэй шүлгүүдтэй. Үүнд багшийн нөлөө их байсан уу, эсвэл өөрсдийнх нь авьяас илүү байсан уу?

-Миний шавь нарын гурав дахь үеийнхэн 1990 онтой золгосон. 1990 он бол чөлөөт сэтгэлгээ нийгэмд ид цэцэглэж эхэлсэн үе. Миний шавь нар түүний үр хөврөл. Га (Ш.Гаадамба) багш “Чөлөөт сэтгэлгээ хөгжсөн газар утга зохиол хөгждөг” гэж дандаа ярьдаг байсан. Би багшийнхаа заасан сургаалыг амьдралд мөрдлөг болгон ажиллаж, шавь нараа тийм үзлээр хүмүүжүүлсэн. Нэг ёсондоо миний шавь нар бэлтгэгдсэн хүмүүс байсан. Тэд утга зохиолын хаалгаар биш цонхыг нь хага цохиод орж явчихсан.

-Хөдөө сууж уран бүтээл туурвидаг хүнд хотоос ирсэн уран бүтээлчидтэй утга зохиол ярих сонин сайхан байдаг. Харин Өндөрхаанд та хэнтэй сэтгэлээ онгойтол ярилцдаг вэ?

-Миний сэтгэлийг онгойлгодог хүн байхгүй. Яруу найраг, гүн ухаан, М.Бүдханд (эхнэр нь) гурав байгаагүй бол Л.Нямаа байхгүй байх байсан. Гаслах зүйл их байдаг. Би ардчиллыг их дэмжсэн. 1975 онд МАХН-ын гишүүн болсон. МАХН-ын гишүүн хэвээрээ байсан бол би ширээний ард суух байсан. Би тэгээгүй. Үүнийгээ их хувь заяа гэж боддог.

Анхны шүлэг минь Онон мөрнийхөө тухай байсан

Таны анхны шүлэг төрсөн нутгийн тухай байв уу?

-Онон голын тухай байсан. Шүлгийн санаа нь Онон гол эхэндээ хүүхэд алхаад гарчихаар жижигхэн горхи байдаг. Урсан урссаар Номхон далайд цутгахдаа усан онгоцоор ч туулж барамгүй том мөрөн болдог гэсэн утгатай. Төрсөн нутгийн тухай санаанд байдаг нь “Гурван Монгол” шүлэг. Уг шүлэгт

“Хянганы уулын оргилыг цочоосон чонын дуу

Бурхан Халдуны чулуу мөргөөд

Байгаль нуурын ёроолд очиж замхардаг… гэсэн мөрүүд байдаг.

-Та үргэлж номтой нөхөрлөж байдаг. Тэгэхээр өдий хүртэл барагцаагаар хэчнээн ном уншсан бол?

-“Ном бол миний амьдрал юм. Номноос хагацсан мөчүүд бол миний гунигт мөч юм” гэж Цэдэндорж багш маань хэлж байсан. Миний хувьд Монголд гарсан яруу найргийн номуудыг баргийг нь үзчихсэн байх. Ер нь яруу найрагч хүн аль ч үеийн яруу найрагчдынхаа номыг аль болох уншиж, тэндээс юм олж авдаг байх хэрэгтэй. Д.Гармаа гуай нэг удаа “Ерөөсөө Монголын зохиолчид бие биеийнхээ номыг уншдаггүй. Тэгсэн хэрнээ бие биеэ үгүйсгэдэг ноцтой дутагдалтай” гэж ярьж байсан. Энэ дутагдлыг би өөртөө засахын тулд Монголынхоо зохиолчдын номыг аль болох их уншихыг боддог.

-Та яруу найрагт юуг баримталдаг вэ?

-Яруу найрагч хүн хойч үедээ их анхаардаг байх ёстой. Миний багш М.Цэдэндорж “Жинхэнэ яруу найрагч бол 10 мянган шүлэг бичиж 100-г нь хэвлүүлсэн хүнийг хэлдэг юм” гэдэг байсан. Энэ үг нь надад бодогдож явдаг.

Ярилцсан:

Барын Цэдэв

Лханаагийн Мөнхтөр

Дуламын Цэрэннадмид  

Индэрсүрэнгийн Байгалмаа

Гомбо-Очирын Нэргүй

Ширнэнгийн Анхтуяа

Чулуунбаатарын Болортуяа

Эрдэнэбаатарын Энхцолмон

Мэндчулууны Дэвээжаргал

Эх сурвалж:

“Улаанбаатар”, “Хэнтийн мэдээ”,  “Улаанбаатар таймс”, “Монголын мэдээ”, “Үндэсний шуудан”, “Утга зохиол, урлаг”, “Зууны мэдээ”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...

Д.Цэрэнтогтох аваргын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох дээд зиндаанд дэвшсэний найраа хийжээ

Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү, Монгол Улсын...

“Оюу толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийн нэмэгдүүлэхээр санал нэгджээ

 “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал...