НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн А.Амартүвшин, Б.Ану-Үжин, Б.Сэмжидмаа, Б.Мөнхбаатар, Б.Мягмар нар оролцсон бөгөөд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг Филиппин багш нараар нөхөх тухай, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын спорт, урлаг заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах тухай, Нийслэлийн “Ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай, сургуулийн эргүүлтэй холбоотой Ажлын хэсгийн санал дүгнэлтийг тус тус хэлэлцлээ.
Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай асуудлыг танилцуулЛАА. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 332 сургуульд 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээлийг судалж байгаа бөгөөд англи хэлний 1403, англи орос хэлний 129 нийт 1532 багш 7 хоногт нийслэлд 38.324 цагийн англи хэлний хичээлийг орж байна. Багшийн 7 хоногийн ачааллыг дунджаар 22 цагаар тооцож үзэхэд нийслэлийн хэмжээнд 210 багшийн дутагдалтай байгаа аж. Тэгвэл Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаагаар өнгөрсөн 3-р сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа аж. Иймд Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад гадаадаас англи хэлний багш ажиллуулж байгаа туршлагыг үндэслэн шаардагдах зардлын тооцооллыг 200 багшаар хийж үзсэн бөгөөд нийслэлийн төсвөөс 3.9 төгрөг шаардагдах байна. Гадаад багш нарыг ажиллуулах нь сурагчдад англи хэлний мэдлэгийг өндөр түвшинд олгоход чухал бөгөөд багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр нөлөөтэй гэж үзжээ.
Төлөөлөгчдийн зүгээс сургууль бүрт хэдэн гадаад багш өдөрт, долоо хоногт хэдэн цагаар ажиллах, хотын захын сургуулиудад хүүхдийн тооноос хамаарч 2-3 багш томилох, эргээд үр дүнг хэрхэн тооцож гаргах зэргийг тодруулж, дараагийн хуралдаанаар илүү нарийн мэдээллийг өгөх талаар санал хэллээ. Тус асуудлыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар дэмжлээ.

