Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2024 оны есдүгээр сарын 24-нд БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопэн болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр улсын зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын дэд бүтцийн салбарт хийх бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ хамтарсан Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлого тогтвортой байх тал дээр анхаарч ажиллаж байгааг хэлээд манай улсын цаашдын хамтын ажиллагааны стратеги нь хөгжлийн тусламжаас Засгийн газар, хөгжлийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны харилцан үр дүнтэй, ач холбогдолтой, үр өгөөжтэй ажиллах шинэ шат руу шилжиж буйг дуулгасан юм.
Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, зам тээврийн салбарт хамтран хэрэгжүүлж буй авто замын төслүүд, дэд бүтцийн салбарт шинээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар товч мэдээллийг өгч авто зам, агаарын тээвэр, төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны стратеги нь Монголын ард түмэнд хөгжлийн бодит үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн тодотгов.
БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопэн “Монгол Улсын хамтарсан Засгийн газрын ерөнхий төлөвлөгөөнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх дэд бүтцийн ажлуудыг илүү түлхүү хийхээр тусгасанд баяртай байна.
Мөн салбарын сайдаас бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг илүү тодорхой хүлээн авч танилцаж байна. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудад таны дэвшүүлэн тавьж буй санал хүсэлтийг бид тусгаж ажиллахын чухалчлах болно.
БНХАУ-ын Засгийн газар, Тээврийн яамны зүгээс хоёр улсын зам тээврийн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, олон сайхан бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах тухай бодлого шийдвэрүүд тун удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.