Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 24-нд Хятадын төмөр замууд корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтад Хятадын төмөр замууд корпорацийн ТУЗ-ын дарга Лю Жэнфан, Ерөнхий диспетчер бөгөөд Диспетчерийн төвийн дарга Лю Зүн, Тамгын газрын дарга Жан Цайчүн, Хөгжил, шинэчлэлийн газрын дарга Ли Инжиу, Олон Улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ван Гуозүн, Ачаа тээврийн газрын дарга Хан Болинг, Суртал ухуулгын газрын дарга Сүн Цянтай, Хятадын төмөр замын чингэлэг тээврийн компанийн ТУЗ-ын дарга Ян Бин нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, зам тээврийн салбарт хамтран хэрэгжүүлж буй авто замын төслүүд, дэд бүтцийн салбарт шинээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар товч мэдээллийг өгч тээврийн салбарт тэргүүлэх чиглэлийн авто замын тэнхлэгүүдийг шинэчлэн сайжруулах, энэ чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв.
Мөн “Манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх явдал онцгой чухал юм” гэдгийг онцоллоо.
Төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд анхаарах, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг мөн танилцуулсан юм. Тухайлбал, галт тэрэгний цувааг нэмэгдүүлэх, хилийн боомтууд дээрх чингэлэг тээврийн гацааг арилгаж татан авалтыг хэвийн хэмжээнд оруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Хятадын төмөр замууд корпорацийн ТУЗ-ын дарга Лю Жэнфан “Зам, тээврийн сайдаар томилогдсон танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Монгол Улсын хамтарсан Засгийн газрын баримталж буй бодлого шийдвэр, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудтай танилцсандаа баяртай байна.
Хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар манай хоёр улс олон удаа ярилцсан. Хамтраад ажиллах боломжтой төслүүдийн талаар мөн ярилцана.
Мөн олон удаа дэвшүүлэн тавьж буй зарим ажилд хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр, бодлого шийдвэрүүд чухал нөлөөтэй байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
Улс дамнан хөгжих бүтээн байгуулалтын төслүүдэд эдийн засгийн төлөвлөгөө тооцоо, хоёр улсын итгэлцэл, нягт харилцаа, хамтын ажиллагаа чухал төдийгүй хоёр улсын ард түмний харилцааг бэхжүүлэх гүүр болох учиртай.
Бидний зүгээс хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон талт чухал төслүүдэд хамтран ажиллах боломжтой гэж харж байгаа гэлээ. Тулгамдаж буй асуудлын хувьд, төмөр замыг шинэчлэн сайжруулах, хүлээгдэл үүсгэж буй чингэлэг тээврийн асуудлыг тал дээр холбогдох байгууллагуудад уламжилж дэмжиж ажиллахаа илэрхийлж байна” гэв.