Friday, November 22, 2024

БНСУ-ын Дунян их сургууль төмөр замын салбарт боловсон хүчин бэлтгэхэд хамтрана

Date:

УБТЗ-ын гадаа харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн онд БНСУ-ын Дунян их сургуультай багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, УБТЗ-ын инженер техникийн ажилтнуудыг тус сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, туршлага судлах, хамтарсан судалгааны хүрээлэн байгуулах зэрэг чиглэлээр өмнө нь харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж байсан. Хамтын ажиллагаа, төслийн ажлууд ямар шатанд явж буй талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэн БНСУ-ын Дунян их сургуулийн Замын тэнхимийн профессор, тус улсын туннел, газар доорх байгууламжийн стандартыг батлах хорооны тэргүүн Чон Хёг Сангтай ярилцсаныг хүргэе.

-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. УБТЗ-ын 75 жилийн өндөр их ойд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярын сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа, нийт төмөр замчдадаа УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” хэмээх өндөр нэр хүндтэй цол олгох ёслолд оролцсондоо баяртай байна. Тиймээс УБТЗ-ын “Баатар” хамт олонд баяр хүргэе. Миний хувьд Солонгосын их, дээд сургуулиудыг төлөөлөн ирлээ. Төмөр замчдын баярт хоёр дахь удаагаа оролцож байна.

“УБТЗ” ХНН-тэй манай сургууль хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан. Энэ том баярт нь оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

-“Санамж бичиг”-ийн хүрээнд танай сургууль ямар ажлууд дээр хамтран ажиллаж байна вэ?

-2016 онд УБТЗ-ын Төмөр замын дээд сургуультай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Тэгээд дэлхий нийтэд коронавирус гарах хүртэл оюутнуудад зориулсан хэлний бэлтгэл хичээллүүлээд ТЗДС-д төлөөлөгчийн газраа ажиллуулдаг байсан. КОВИД-ын дараа ТЗДС болон Политехникийн коллежтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн төмөр замын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр олон уулзалтыг зохион байгуулсан.

Мөн манай сургууль “КОРЕЙЛ” буюу Солонгосын төмөр замын корпорацтай хамтран КОИКА-ийн буцалтгүй тусламжаар нэг том төсөл оруулж байгаа. Энэ төсөл дэх боловсролын салбарыг манай сургууль хариуцах сайхан мэдээг ирэх есдүгээр сард сонсох гээд хүлээж байна.

-Энэ төслийн хүрээнд ямар ажил хийхээ танилцуулж болох уу?

-Бид Монголын талтай харилцан ойлголцоод дэмжигдсэн. Харин Солонгосын Засгийн газартай ярилцаад буцалтгүй тусламжаар авах төсвөө хүлээж байна. Үүнд боловсролын чиглэлийн ямар үйл ажиллагаанууд байгаа вэ гэвэл, сүүлийн жилүүдэд Монголд төмөр зам, туннелийн чиглэлээрх ажлууд маш хурдтай явж байна. Үүнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын метроны төсөл, шинэ төмөр замын ТЭЗҮ зэрэг маш олон ажлыг Солонгосын Үндэсний төмөр зам, Солонгосын төмөр замын корпорац, Зам, тээврийн яам болон төмөр замуудтай харилцаа холбоо тогтоож байна.

Бидний хувьд цаашид “Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэний дараа төмөр замын дэд бүтцийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх хүрээнд УБТЗ-ын ТЗДС, Политехникийн коллежтой хамтран ажиллана. Мөн олон оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар бэлтгэж байна.

Үүнээс гадна төмөр замд одоо ажиллаж буй ажилчдыг урт, богино хугацаанд сургах төсөл бий. Саяхан УБТЗ-ын Замын аж ахуйн албаны 15 ажилтан манай сургуульд очиж долоо хоног суралцаад явсан. Цаашид зөвхөн УБТЗ гэлтгүй “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгойн төмөр зам” ХХК-ийн ажилчдыг сургах төлөвлөгөөтэй байгаа.

Мөн ТЗДС, Политехникийн коллежийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр сургана. Түүгээр ч зогсохгүй энэ хоёр сургуульд Лабораторийн танхим бий болгож өгөх гэхчлэн маш өргөн агуулгатай төслийг бид бэлтгэж байна.

-Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2016 онд байгуулснаас хойш танай сургуульд хэчнээн оюутан сурч байна вэ?

-Манай сургууль 6000 гаруй оюутантай. Миний мэдэж буйгаар одоогоор есөн улсын 500-аад гадаад оюутан суралцаж буйн 150 шахам оюутан нь Монгол. Тэр дундаа төмөр замын чиглэлээр 20-30 оюутан суралцаж байгаа. УБТЗ-ын Политехникийн коллежийн профессор хүртэл манай сургуульд очоод докторт сурахаар бэлтгэж байна.

-Энэ удаад та бүхэн зөвхөн ойн баярт оролцох биш, хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх чиглэлээр ярилцсан болов уу гэж бодож байна?

-Энэ удаагийн айлчлалаар ирэхдээ Зам, тээврийн яамтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Үүнд ерөнхийдөө төмөр замын метроны төслийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг яаж хамтран хэрэгжүүлэх вэ гэдэг талд нэлээд ярилцсан. Бидний ярилцсанаар эхний ээлжид 30, 30 оюутнаар эхэлж, жил ирэх тусам 100-200 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах тухай байлаа.

Тодруулбал, Монголын талаас тал хувийг нь, Солонгосын талаас тал хувийг нь хариуцахаар тохирсон. Энэ хүрээнд ирэх оны гуравдугаар сараас нэгдүгээр курст сурах оюутнуудыг сонгон шалгаруулж авна. Харин бидэнд буцаж очоод энэ тохиролцоогоо ажил болгох л үлдлээ. Монгол Улсын Зам, тээврийн сайд саяхан томилогдсон байна. Харин тэр хүн өөрөө төмөр замын мэргэжилтэй болохоор бидний саналыг найрсгаар хүлээн авч, энэ төслийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.

-Таны хувьд туннелийн чиглэлээр мэргэшсэн хүн гэж сонссон. Манай улсад цаашид туннел хийх зайлшгүй шаардлагатай олон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж байгаа. Энэ талд хамтран ажиллахаар болсонд талархаж байна?

-Монгол Улс газар зүйн байрлалаасаа шалтгаалж төмөр замын бүтээн байгуулалтыг дандаа уулыг тойруулан хийж ирсэн юм билээ. Би туннелын чиглэлээр мэргэшсэн. Солонгосын туннелийн стандартыг батлах хорооны даргаар ажилладаг. Монгол Улсад туннел зайлшгүй хэрэгтэй цаг үе нь ирсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд, УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүнтэй хамтран Богд хан төмөр замыг заавал туннелтэй хийх тухай захирамж гарсан юм билээ. ТЭЗҮ болон үүнийг барих хөрөнгө мөнгөний талд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хамтарч ажиллах саналуудыг тавьсан. Хэрвээ болохоор бол би өөрийнхөө чаддаг мэддэг бүхнээ Монголд хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна.

Туннел, тэр дундаа түүний стандарт маш чухал. Тиймээс Богд хан төмөр зам, “Улаанбаатар метро”-ны туннелиэс гадна бусад төмөр зам, авто замд туннел хийх шаардлагатай. Үүнийг стандартын дагуу хэрэгжүүлж, цаашид авч явах боловсон хүчин хамгийн чухал гэдгийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нартай бид ярилцсан. Энэ чиглэлээр хамтран ажиллах болсондоо баяртай байгаа.

-Төгсгөлд нь олон улсын төмөр замуудтай хамтран ажиллах чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ гэдгийг тодруулж болох уу?

-БНСУ-ын хувьд байршил нь одоогоор олон улсын галт тэрэгний үйл ажиллагаа явуулах боломжгүй улс. Энэ ч утгаараа манай улсын хувьд хамгийн чухал гэж үздэг улс нь Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНАСАУ. Миний амьдралын хамгийн том хүсэл бол ирээдүйд хэзээ нэгэн цагт БНСУ, БНАСАУ, БНХАУ-аар дамжин Монгол, ОХУ руу явах Ази-Европыг холбосон төмөр зам бий болоосой гэж боддог. Энэ бол миний амьдралын зорилго. Манай хоёр улс энэ чиглэлд эртчилэн бэлтгэх хэрэгтэй байх. Манай улс заавал Монголоор дамжин Евроазийн төмөр замтай холбогдоосой гэж хүсэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...