Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы Нүхэн хадны оршуулгаас археологийн малтлагаар олдсон “Алтайн ятга” хөгжим түрэг хөгжмийн зэмсэг үү, монгол хөгжмийн зэмсэг үү гэдгээс эхлээд судлаачдын анхаарлыг татаж буй. “Алтайн ятга”-той уг оршуулга түрүү дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш байсан бөгөөд хөгжмийн зэмсгийн хажуу бөөр, хүзүүний дагуу зургаан хэсэг газарт бичсэн эртний руни бичгийг профессор Ц.Баттулгын тайлж, уншсаны дагуу уг хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг (монгол хэлээр – Аялгуут) хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг Чүрээ гэдэг төдийгүй түүний олонд түгсэн алдар цуу нь “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” гэдэг байсан бололтой. Хөгжим судлаач, урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсэгийн унаган хөг аялгууг сэргээн тогтоожээ. Өдгөө язгуур урлагийн “Алтай” хамтлаг эл хөгжмийн зэмсэгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж буйг бид мэдэх билээ.
Угсаатны хөгжим судлалын ууган эрдэмтэн Жөвдхөн Жамбалын Энэбишийн ирүүлсэн “Алтай ятга”-ын тухай сонирхолтой өгүүллийг хүргэж байна. Урлаг судлалын ухааны профессор Ж.Энэбиш Монголын хөгжмийн урлагийн онолын болон нэрт төлөөлөгчдийн намтар уран бүтээлийн талаар бүтэн жарны турш судалж олон арван бүтээл хэвлүүлжээ. Тэрбээр нэрт соён гэгээрүүлэгч С.Лувсанвандангийн нэрэмжит Гоо зүйн дээд шагналыг 2019 онд хүртсэн юм.
“Алтай ятга” агуйдаа амгалан нойрссоны нууцыг тайлахуй
“Алтай ятга”агуйдаа эсэн мэнд нойрссоны учрыг тайлхад эрэл хайгуул хийсэн эрдэмтдэд анзаарагдаагүй үлдсэн нэгэн нууц байна. Угсаатны хөгжим судлаач би археологичид агуйн оршуулгын олдворыг авч явсны хойно дөрвөн сарын дараа очиж ажиглалт судалгаа хийсэн юм. Асга хад нуранги чулуу ихтэй, очиход нэн бэрхшээлтэй цомцгор толгойн оройд байрлах зууван хэлбэртэй жижиг нүхэн агуй нь өргөн ч биш, гүнзгий ч биш дунд зэргийн багтаамжтай юм. Ер нь агуй гэхээсээ илүү нүх гэвэл зохилтой санагдав.
Нүхний ам нь 86х60 см, дотор нь орвол дотроо нэлээн зайтай. Энэ агуйн оршуулгын тухай тухай археологчидын тодорхойлолтоос сийрүүлбэл:
”Жаргалант Хайрханы хадны оршуулганд хүний толгойг зүүн хойд зүгт азимутын 4 хэм чиглэлд хандуулж нуруугаар нь хэвтүүлэн хоёр гарыг биеийг дагуулан чигээр нь сунгаж, хоёр хөлийг нь нийлүүлэн жийлгэж тэнэгэр байдлаар тавьжээ. Хүний баруун бугалга, зүүн шуу, шилбэний яс хөндөгдсөн бол бусад яснууд анхны тавилтаараа байна. Хүний толгойн яс их биенээс салан агуйн хойд буланд нүүрээрээ зүүн зүгт харсан байдалтай хэвтэнэ. Энэ нь агуйн ялимгүй хэвгий тогтоцоос,эсвэл эрт цагт араатан жигүүртний хөлөөр салж өнхөрсөн бололтой… Хүний хөлийн харалдаа доор, зүүн ханын дэргэдээс өмхөрч муудсан эмээлийн хавтасны үлдэгдэл, зүүн шилбэний ясны зүүн талд ясан арал, баруун гарны шууны ясны яг зэргэлдээ баруун талд эмээлийн баруун хавтасны хугархай, хавтгай ясан эдлэл, сэнжтэй төмөр эдлэл, энэ талын гарын сарвууны яснаас баруун тийш 10 орчим см-т амтай хүрэл гархи, сурны үлдэгдэлтэй төмөр цагираган эдлэл, нурууны ясны хоёр талд бүсэлхийг ороосон маягтай хүрэл ба төмөр товруу чимэглэлүүд, хүзүүний ясны зүүн талд амтай хүрэл гархи, хүзүүний ясны баруун талд хуниралдсан ширний тасархай, түүний харалдаа хойд талд зууван хэлбэртэй ширэн эдлэлийн тасархай, баруун бугалганы ясны баруун талаас шар торгоны тасархай зэрэг олдвор анхны тавилтаараа олджээ. Мөн талийгаачийн толгойн харалдаа хойд талд нь модоор хийсэн нэгэн хөгжмийн зэмсгийг царыг нь дээш харуулаад, толгойг нь зүүн зүгт хандуулж тавьсан байсан нь анхны тавилтаасаа огт хөдөлсөн шинж тэмдэггүй он цагийн уртад ямар ч элэгдэл гэмтлийг үзэлгүй маш сайнаар хадгалагдсан байна. Түүний зүүн дээд болон царын хөвөө дагуу орхон бичээстэй юм. Хөгжмийг баримтжуулж авахад царын доод тал дээр хадны зураг дахь дүрслэлийн аргаар нэг анчин эр элдэв ан амьтныг авлаж буй зохиомжит зургийг битүү сийлжээ…” гэсэн байна.
Би бага зэрэг тонгойж гараараа агуйн ёроолын үлдэц наранд халсан шороог эргүүлж тойруулж ухаж үзэж байхад агуйн ёроолд доошоо буусан маш нарийхан цооног нүх олдов. Цооног нүх урт бөгөөд түүгээр шагайхад нэлээн гүнд нар туссан газар харагдав. Энэ цооног нүх бол “Алтай ятга” агуйдаа бүрэн бүтэн үлдсэний нууц юм. Харин цооног нүх байгалынх байсан уу, гараар үйлдсэн үү гэдэг тодорхой бус.
“Ятга” нэрийг хайрласан гадаадын эрдэмтэдийн санал мэдрэхүй
ХБНГУ-ын эрдэмтэн Естеер Яаковсон-Тенфер “DIE JAGDSZENE AUF MUSIKINSTRUMENT” үгүүлэлдээ: ”Агуйгаас олдсон хөгжмийн зэмсэг бол археологийн хосгүй нэгэн олдвор болно. Монголд олдсон энэ төрлийн хөгжмийн зэмсэг хамгийн эртний агаад түүний ер бусын үнэ цэнэ нь нэн ялангуяа байгаа байдал нь эртний түрэгийн цонхыг дэлхийд дахин нээсэнд оршино” хэмээн бичсэн бол профессор Питер Цийме “ZUM RUNENTEXT AUF DEM MUSIKINSTRUMENT” үгүүлэлдээ “Энэ хөгжмийн зэмсэг тун гайхалтай ховор олдвор бөгөөд Түрэг (Руни бичгээр) хэлээр бичигдсэн хамгийн эртний дурсгал мөн” гэж үнэлжээ. Профессор Зузана Шульц DIE ALTAI HARFE-EINE REKONSRUKTION” үгүүлэлдээ “Эл чавхдаст хөгжмийн зэмсэг нь агуйн учир холбогдлоос VII-VIII зууны эртний түрэгийн цаг тоололд хамаарч байна. Эл хөгжмийн зэмсэг олдсон газар орон ба мориний толгой, төгсгөлд нь байгааг бодоход Монголын морин хуурын өмнөх хэлбэр хийц байж магад гэх таамнал,төсөөлөл төрүүлэв” гэсэн байна. Германы эрдэмтэд Монголын хадны оршуулгаас гарсан хөгжмийн зэмсгийн талаарх анхны санал таамаглалаа ингэж дэвшүүлжээ.
“Алтай ятга”-ыг манай танайх гэж маргасны учир
Бүгд Найрамдах Казахстан Улсын Л.Гумилёвын нэрэмжит Евроазийн их сургуулийн Түрэг ба үгийн гарал судлалын төвийн захирал, профессор С.Харжаубай “Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн 1500 настай хөгжмийн зэмсэг” үгүүлэлдээ “Түрэг угсаатны хувьд хамгийн чухал хөгжмийн зэмсэг 1500 настай эртний түрэг хөгжим Монгол Улсын хадны агуйгаас олдов…V зууных гэж таамаглаж байгаа энэхүү хөгжмийн зэмсэг нь орчин үед Казак Каракалпак болон Ногай үндэстнүүдийн хэрэглэж байгаа хоёр чавхдастай хөгжмийн зэмсэг болох Доомбортой маш төстэй. Монголын археологчид энэ хөгжмийн зэмсгийн монголчуудынх гэдэг. Бид түрэгийн хөгжмийн зэмсэг болхыг нотлов” гэж бичжээ. Орхон бичээсийг профессор С.Харжаубай уншаад орчин цагийн хэлээр “Сайхан аялгуу биднийг баясгадаг”гэж тайлжээ.
“Алтай ятга” дахь бичиг үсгийн дурсгалыг уншсан судлаачдын тайлал
МУИС-ийн Гадаад хэл соёл судлалын тэнхмийн эрхлэгч доктор, профессор Ц.Баттулга “Агуйн олдвор хөгжмийн зэмсгийн хажуу бөөрөнд руни бичгээр бичсэн бичээсийг эх бичиг судлалын үүднээс судлаад “Чүрээ би тууль хайлж хэв алдалгүй хэлж өгөв” гэж уншиж тайлжээ.
“Алтай ятга” дахь гар зургийн дурсгалыг тайлбарлах нь
Агуйн олдвор хөгжмийн зэмсэг дээрх сийлмэл зургийн хэв шинж арга барил зохиомж нь хуучин чулуун зэвсгийн үеийн дүрслэгдхүүнтэй адил төстэй байгаа нь нэн сонирхолтой. Монгол домог үлгэрт “Туульч, үлгэрч, үзмэрч гурав Алтайн ууланд ан агнахаар яваад ан олдохгүй болхоор нь тууль хайлж Алтайн лус савдагийг баясгасан тухай өгүүлдэг. Чүрэгийн урласан хөгжмийн зэмсэгт ийм сэдэв байгаа нь эртний үлгэр домгийн давхцал бололтой.
“Алтай ятга”-д амь оруулж өвөг хөгжим урласан урчуудын мэдрэхүй,далд ухамсар
Алтайн уулнаас олдсон агуйн олдворыг олж нээсэн нь археологичдын нээлт мөн боловч тэр олдворыг амилуулж эгшиглүүлсэн нь хөгжим урлаачдын ур ухаан урлагийн хосгүй үнэт бүтээл юм. Энэ билэг авьяас Увс нутгийн хүү Дагваны Ганпүрэвт ногдоно. Д.Ганпүрэв үндэсний урлагийн үнэ цэнэ ач холбогдлыг 1993 онд “Эгшиглэн” хамтлаг байгуулж баруун Европын улс орнуудаар тоглолт хийж явахдаа гүн мэдэрч шинэ үзэл бодол суужээ. Энэ үзэл бодол нь түүнийг аливаа шинэ зүйлийг соргогоор мэдрэх, үнэлэх, цэгнэх дадалд хөтөлжээ. Энэ дадлын дагуу тэрбээр Алтайн Жаргалант хайрханаас олдсон хосгүй үнэт олдворыг сонсоод түүний мөрөөр мөшгөжээ.
ХОЁР. “Алтай ятга”-ыг амилуулагч, зохион бүтээгч Д.Ганпүрэвийн бүтээлээс
2013 оны 3 сар Жаргалант Хайрханы эх олдвор дээр хийсэн судалгааг үндэслэж анхны гар зургаа зурав.
2013 оны 6 сар – Судалгааны гар зургаа үндэслэж нарийн хэмжээст Corel 6x программ дээр зурав.
2013 оны 08 сард “Эгшиглэн Манлай” үндэсний хөгжмийн үйлдвэрийн эзэн, МУСГЗ, урлаач, П. Байгальжавтай уулзаж Алтай ятгыг хэрхэн бүтээж болох талаар ярилцжээ.
2013 оны 09-р сарын 10-д албан ёсны хамтран ажиллах саналыг “Эгшиглэн Манлай” үндэсний хөгжмийн үйлдвэрт хүргүүлснээр Алтай ятга анхны үйлдвэрлэлтэд оруулжээ.
2013 оны 10 сарын 21-д Алтай ятгын анхны эгшгийг нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэнэ дуугаргав. Алтай ятгын анхны чавхдас ер бусын, гайхалтай дуугарсан нь хэсэг хүмүүсийг алмайруулав.
2013 оны 11 сарын 13-д анхны Алтай ятгыг гар дээрээ авсан.
2013 оны 12 сараас Алтай ятгыг тоглох арга барилын судалгаа явагдсанаас гадна Бодонгууд Дөшийн “Дайны бурхан” найраглалаас сэдэвлэсэн “Домогт нүүдэлчид” бэсрэг тууль, “Хөх Алтайн уянга” бүтээлүүдийг анхлан зохиов.
2014 оны 1-р сарын 27-д Монгол–Германы хамтарсан “Орхоны хөндийн гео–археологи” төслийн хүрээнд монгол Алтай нутгаас олдсон хадны оршуулгын дээл, малгай, хөгжмийн зэмсэг зэрэг олдворуудыг Герман улсаас Монгол улсад хүлээлгэн өгснөөр Жаргалант Хайрхны хөгжмийн эх олдвор эх орондоо эргэж ирэв.
2014 оны 3 сард удаах Алтай ятгаа “Эгшиглэн Магнай” үндэсний хөгжмийн үйлдвэрт захиалж хийлгэв.
2014 оны 3 сарын 15-п Алтай ятгыг дуурьсуулах их цэнгүүнд зориулж 60 хүний найрал дуу, симфони найрал хөгжимд зориулсан “Хүндэтгэлийн магтуу”-г зохиов.
2014 оны 3 сарын 22-д урлаг судлалын ухааны доктор, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров гуайтай уулзаж Алтай ятгыг танилцуулав.
2014 оны 4 сарын 8-д “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд нээгдсэнээр урд өмнө үзэж, сонсож байгаагүй, хэний ч санаанд үл ором Алтай ятга анхны эгшгээ ард түмэндээ хүргэснээр үзэсгэлэнгийн нээлтийг амжилттай нээв.
2014 оны 5 сарын 1-д хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл “Алтайн цуурай” хос ятгын бүтээл хийсэн тул нэмж 2 Алтай ятга захиалав.
2014 оны 5 сарын 10-д “Алтай ятга”-ын анхны баримтат киног Монгол Угсаатны Хөгжмийн Товчооноос олон нийтэд танилцуулав.
2014 оны 5 сарын 16-д Алтай ятгыг дуурьсуулах их ёслолыг АСА циркт зохион байгуулав.
2014 оны 6 сарын 16-д МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Алтай ятгыг хөгжүүлэх баг хамт олныг хүлээн авч уулзав. Энэ уулзалтаар ноён ерөнхийлөгчид 5 дахь Алтай ятгыг бэлэглэв.
2014 оны 6 сарын 16–аас 7 сарын 11-ны хооронд Алтай ятгыг Якут, Буриад улсуудад сурталчлан цэнгүүлэв.
2014 оны 8 сарын 21-д 6 дахь Алтай ятгыг МУ-ын тэргүүн хатагтай Х. Болормаа Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лиюань – д бэлэглэв.
2014 оны 9 сарын 4-д 7 дахь Алтай ятгыг МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Орос улсын ерөнхийлөгч В. Путинд төрийн хүндэтгэлийн бэлэг болгон өгөв.
2014 оны 9 сарын 24-д Алтай ятгыг Халимаг улсын үндэсний төв музейд байршуулсан нь эртний Монгол угсаатанд албан ёсоор Алтай ятгыг танилцуулсан бодит ажил болов.
2015 оны 2 сард Турк улсын Жихан олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгаар “Алтай ятга”-ыг танилцуулав
2015 оны 3 сарын 20-оос 4 сарын 6-ны хооронд Герман, Франц, Турк улсуудад танилцуулах тоглолтыг Монгол Угсаатны Хөгжмийн Товчооноос зохион байгуулав.
2015 оны 3 сарын 27-д Парисын ЮНЕСКО-ын төв танхимд эгшиглүүлэв.
2015 оны 4 сард Турк улсын Анатоли олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгаар “Алтай ятга”-ыг танилцуулав.
2015 оны 4 сарын 6-д Турк улсын Ерөнхийлөгчийн ордонд уригдаж “Алтай ятга”-ыг танилцуулав.
2015 оны 6 сард БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах “ТИКА” агентлагийн хүсэлтээр тус улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд нэг “Алтай ятга” -ыг бэлэглэв.
2015 оны 7 сард “Алтай ятга”-ын түүхийг Станбул хотын Их, Дээд Сургуулийн түүхийн хичээлийн хуваарьт оруулж заах санал ирэв.
2015 оны 11 сард 13 чавхдаст “Алтай их ятга” -ыг хөгжим урлаач П. Байгальжав урлав.
2016 оны 6-р сард Алтай ятга болон Аху Ятгаар марк бүтээх саналыг Монгол Шуудан компаниас авлаа.
2016 оны 7 сарын 1-д Алтай ятга, Аху ятга, Тойром бүжгийг олон нийтэд танилцуулах зорилгоор Чойжин Ламын Сүм музейн хэрмэн хашаан дотор “Домогт нүүдэлчдийн асар өргөө” нүүдлийн театрыг байгуулав.
2016 оны 7-р сард ӨМӨЗО-ны Хөх хотын “Морин хуурын музей”-д Алтай ятгыг залав.
2016 оны 10 сарын 26-д Алтай ятга болон Аху ятгын марк үйлдвэрлэлтээс гарлаа.
2016 оны 11 сарын 11-ны 11 цагт Алтай ятга болон Аху ятгын маркийн нээлт Монгол шуудан компани дээр зохион байгуулагдав.
2016 оны 11 сарын 29-д хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр Алтан намар-2016 хөгжмийн наадмын том бүтээлийн ангилалд ятгын 2-р концертоо Аху их ятга, Алтай их ятгад зориулж бичив. Тус бүтээл нь 2016 оны шилдэг уран бүтээлийн шагналыг авав.
2017 оны 4 сарын 22-д Алтай ятгыг Тайвань улсын Засгийн газрын дэргэдэх Монгол Төвөдийн хорооны музейд тавилаа.
2017 оны 8 сарын 5-д Увс аймгийн музейн ойг угтаж судлаачийн зүгээс нэг Алтай ятгыг тус музейн сан хөмрөгт хадгалуулав.
2018 оны 5 сарын 20-23-д Ховд аймгийн Манхан сумын соёлын төв болон тус сумын 10 жилийн сургуулийн 90 жилийн ойг угтаж судлаачийн зүгээс нэг Алтай ятгыг Ховд аймгийн Манхан сумын соёлын төвд дурсгал болгон хадгалуулав.
2018 оны 5 сарын 24-д Ховд аймгийн Манхан сумын Жаргалант Хайрханы Өмнөхийн аманд Алтай ятгын анхдугаар тахилга үйлдэв.
Тус тахилгад Манхан сумын орон нутгийн удирдлага, тус ятгын эх олдворыг анхлан олсон Тахиа овогт Намсрайн Дандар, Бүрэн дунд сургуулийн захирал, түүхч Энхтөр, баг сумдын удирдлагын төлөөллүүд оролцов.
2018 оны 5 сарын 24-д Ховд аймгийн Манхан суманд анх удаа Алтай ятгын тоглолтыг сонирхуулж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
2018 оны 6 сарын 10-д дэлхийн шилдэг 10 эрдэмтний нэг, Герман улсын нэрт эдийн засагч Ханс Вернер Синний 70 насны ойд оролцож тус улсын улс төр, эдийн засгийн төлөөллүүдийн өмнө “Алтай ятга”-аа тоглож албан ёсоор хүндэтгэлийн бэлэг болгон өргөн барив.
2019 оны 3 сард Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын уран бүтээлд 2 ширхэг Алтай ятга ашиглаж эхлэв.
2019 оны 3 сарын 23-д Увс аймгийн бүжигчин Ч. Энхтөр уран бүтээлийн хийх зорилгоор 3 ширхэг Алтай ятга авав.
2019 оны 4 сарын 6-д ХАҮТ-д болсон Хөрөнгө оруулагчдын чуулган дээр Увс аймгийн засаг дарга Д. Батсайханд Алтай ятга өргөн барив.
2019 оны 5 сарын 14-д МУК-ын тайлан тоглолтод икэл, Алтай ятгын татлагын бүтээл эгшиглэв.
2019 оны 5 сарын 17-д олон улсын музейн өдөрт зориулан Монголын Театрын музейд “Ирээдүйд өвлөгдөх өв соёл” Алтай ятгын үзэсгэлэн гаргав.
2019 оны 5 сарын 25-д Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхны Өмнөхийн аманд Алтай ятгын 2-р тахилгыг үйлдэж Соёлын төвд нь ятгын сургалт болон Алтай ятгын тухай илтгэл, танилцуулах тоглолт зохион байгуулав
2019 оны 5 сар 24-д Алтай суманд Алтай ятгыг танилцуулах тоглолт хийв.
2019 оны 5 сар 27-оос 30 хооронд Дуут сумын соёлын төвд Алтай ятгын сургалт болон Алтай ятгын тухай илтгэл, танилцуулах тоглолт зохион байгуулав
2019.11.14 өдөр ширэн цартай Алтай ятгын анхны захиалгыг Увс аймгийн икэл хуур урлаач Л. Баярсайханд илгээв.
2020 онд МУК-ийн Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн дэргэд Язгуур Урлагийн Тэнхим шинээр байгуулагдсанаар Алтай ятга албан ёсоор сургалтын хөтөлбөрт оров.
2020 оны 10 сарын 19-д Ховд аймгийн Манхан сумын соёлын төвд Алтай ятгын 3 дахь тахилгыг үйлдэж ятгын сургалт болон Алтай ятгын тухай илтгэл, танилцуулах тоглолт хийв.
2020 оны 11 сарын 27-д Японы NHK TV-ийн Asian Insight сувгаар Алтай ятгыг онцолж дэлхийн 180 улсад зориулсан баримтат кино цацагдав.
2020 оны 12 сард Алтай ятгыг олон нийтэд сурталчлах зорилгоор Монголын Театрын Музейд АГУЙ о2 (auditorium) түүх, өв соёл, язгуур урлагийн тайлбарт танин мэдэхүйн өргөөг байгуулав.
2021.01.20 өдөр Увс аймгийн икэл урлаач Л. Баярсайхан анхны ширэн цартай Алтай ятгыг урлав.
2021 онд Ховд аймгийн 90 жилийн ойгоор Алтай ятганд зориулж хөшөө босгов.
2022.01.14 өдөр Эртний туульсын ятгын бүлд хамаарах анхны Буган ятгыг Увс аймгийн икэл урлаач Л. Баярсайхан урлав.
2022.10.17 өдөр Говь-Алтай аймгийн Алтай чуулгын даргын захирамжаар “Чүрэ” Алтай ятгын чуулга байгуулав.
2022 онд Алтай ятгыг Монгол улсын иргэний гадаад паспортын 37-р хуудсанд залав.
2023 оны 11 сарын 14-д Алтай болон Буган ятга сонирхогчдын ЧҮРЭ КЛУБ байгуулав.
2024 оны 2 сарын 16-д асрамжийн газрын хүүхдүүдийн Алтай ятгын ӨНӨР чуулга байгуулав.
2024 оны 5 сарын 30-д Алтай ятгын 4-дахь тахилгыг хийв.
Алтай ятгын энэхүү үлэмж өгөөж нь Дагваны хүүгийн далд ухамсараас Алтан нарны хурц тусгалаас Алтайн Ард түмний сэтгэлийн өргөлөөс үүдэлтэй юм.
ГУРАВ. ТОВЧ ДҮГНЭЛТ
Алтай уулын Жаргалант хайрханы нүхэн агуйд эрсдэлгүй 1500 жил нойрссон Түрэгийн үеийн туульч Чүрээгийн ятганы чухал бүрдэл болох тэвх буюу Герман, Монголын хөгжим урлаачдын урласан ятганы тэвх нь Монгол Улсын морин хуур болон хуучирын тэвхтэй огт ижилгүй, зүүн Азийн улс орнуудын хэвтээ ятгын тэвхнүүдээс тэс ондоо юм. Үүнээс үүдэн “Алтай ятга”–ын хэлбэр, хийц, бүтээц төдийгүй эгшиг дуурьсал, өнгө будаг, хөгжимдөх арга барил өвөрмөц юм. Эндээс олон чавхдаст “Алтай ятга”-ын олон нууц тайлагдана.
Угсаатны хөгжим судлалын ууган эрдэмтэн Жөвдхөн Жамбалын Энэбиш
2024 оны зургадугаар сарын 03.
Эхний сурвалжилга: Шинжлэх ухаан амьдрал сэтгүүл №1 2017 55-65-р тал
Алтайн эзэн Алиа хонгор эрдэнэсийн сангаа нээв.