Wednesday, November 27, 2024

Аврагчдын сэтгэлд дэлгэрсэн “Гүмүда”

Date:

Өдөр шөнө тэнцсэн, монгол хүн сансарт ниссэн, нарны баяр Наурыз таширласан сайн өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын соёлын төв яруу найраг, дуу, хөгжмийн эрчим долгионд автав. Хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө энхийн манаанд цаг наргүй зогсдог онцгой байдлын албаныхан, аврагчдын хувьд яруу найргийн шидэт мөрүүдийг таашаан, найрагчдын халуун дотно ярианд сэтгэл сэргээн, Консерваторын залуу хөгжимчдийн уран бүтээлийн дээжээс сонсон нэгэн үдшийг өнгөрүүлэх нь таашаалтай сайхан байсан бизээ. Нийслэлийн онцгой байдлын газар, уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлээс санаачлан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Гүмүда” яруу найргийн үдэшлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, Б.Болорцэрэн, До.Болдхуяг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаяр, Г.Нэргүй, Д.Оюундэлгэр, МЗЭ-ийн гишүүн, хутагтын хишигт яруу найрагч Б.Бүргэд нар хүндэт зочноор уригдан оролцож, онцгой байдлын алба хаагчдад эх орон, хайр дурлал болон чөлөөт сэдвээр шүлэг найргаа уншиж сонордуулсан юм.

Тангадын Галсан найрагч эх орон, эх хэл, нутаг ус, монгол уламжлал, бахархлын тухай, аврагчдын бахархам үйлсийн талаар онч сургаал үгээ айлдаж, уран цэцэн найргаа хайлсан нь нижигнэсэн алга ташилтаар шагнуулж байлаа. Ерэн насны өлзийт босгыг хэдийнэ давсан буурал найрагчийн үг бүхэн эх орон, хүн ардаа хайрлан дээдлэхийн тухай байсан нь хүн бүхэнд нэгийг бодогдуулсан байх. Тэрбээр “Та бүхэн бол хүмүүний төлөө нүд цавчилгүй зогсдог эгэл баатрууд шүү, хүүхдүд ээ. Харин онцгой байдлын гэх нэршил буруу. Авралынхан, аврагчид хэмээвээс зохилтой. Сэтгэлд хэчнээн дулаан сайхан сонсогдох билээ” хэмээсэн.

Гурван даваа бүхий найргийн уншлага онгодтой шүлгийн дугараа цалгиулан өндөрлөж, Консерваторын морин хуур, үлээвэр хөгжимчдийн уран бүтээлийн дээж эгшиглэж, төгсгөлд нь Монгол Улсын Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Чингисийн баатрууд”, “Нарлаг монгол орон” тэргүүт дуунуудаараа ая өргөсөн юм.

Аврагчдын сэтгэлд гэгээ татуулсан “Гүмүда” яруу найргийн үдэшлэгийн нэг гэнэтийн бэлэг нь Нийслэлийн онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйн шүлэг, Б.Сайнтөмөрийн хөгжим, онцгой байдлын албаны гал сөнөөгч, ахлагч М.Сумъяадоржийн дуулсан “Мөрдөст бүсгүй” дуу байлаа. Уг дууны хөгжмийн найруулгыг шинэчлэн Хилийн цэргийн чуулгын дуучин бүсгүйчүүд шинэчлэн дуулснаа “Гүмүда” яруу найргийн үдэшлэг дээр анх олны сонорт хүргэв. Мөрдөст бүсгүйчүүдийн дуулсан “Мөрдөст бүсгүй” дуу үнэхээр цоглог, бадрангүй, эрч хүчтэй хэмнэлийг мэдрүүлсэн. Энэ дууг ийнхүү нийслэлийн онцгой байдлын албаны 20 жилийн ойд зориулан шинэчлэн дуулсан байна.

Аавын хүүгээс хат дутаагүй

Аюулыг сөрөн цэх зогссон

Аминаас үнэтэй тушаалын дор

Алдах эрхгүй зүтгэл нэмсэн

Эгнээ жигдхэн дайчин эрсийн

Жагсаал чимсэн мөрдөст бүсгүй

Ээлийн хорвоод бүүвэй аялсан

Эх орны цэрэг эрэлхэг бүсгүй хэмээсэн “Мөрдөст бүсгүй” дуу төрийн алтан соёмбоо магнайдаа залж, түмний төлөө тангараг өргөсөн бүсгүй бүхний магтуу, сүлд дуулал болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт...

Хөгжим судлаач, доктор Ж.Энэбиш Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн...