Saturday, November 23, 2024

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын онцлох шийдвэр, шийдлүүд

Date:

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дараах хамгийн том форум энэ болов. Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөсөн. Форумд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид төдийгүй парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл оролцож, дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар хэлэлцсэн нь нэг онцлог байв. Өөрөөр хэлбэл хөгжлийн том асуудлууд дээр улс төржилт, талцал, хуваагдал хэрэггүй гэдгийг харуулж чадлаа. Тиймээс энэ форум УИХ-ын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум судалгаа, тооцоон дээр тулгуурласан, бодит амьдралтай танилцсаны үндсэн дээр гаргасан нөхцөл байдлын үнэлгээ, зураглалтай, тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгаа, шийдэл, төсөөлөл, төлөвлөлт, үзэл баримтлалыг гаргасан, түүндээ  тулгуурлаж ярилцсан нь бас нэг онцлог байлаа.  Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 7-нд болж, дөрвөн дэд сэдвийн хүрээнд салбар салбарын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн форумыг угтаж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд төвийн зургаан дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулсан. Тэрбээр сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотой гэдгийг онцолсон юм. Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй. Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд мөн хэлсэн юм. Тухайлбал, хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэсэн.

Засаг захиргааны шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэг салбар хуралдаан нь “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлсэн. Засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд Улаанбаатарыг 20 минутын хот болгохоор зорьж буй. Энэ нь 20 минут буюу 1.6 км зайд төр, нийгмийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой хот төлөвлөлтийг хэлж байгаа юм. Үүний тулд нийслэлийн 204 хороог хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газарзүйн байршилд үндэслэж 42 нэгж болгон шинэчлэхээр төлөвлөжээ.  Ингэснээр төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдэд илүү ойртоно.

Өнөөдрийн байдлаар нэг хороонд дунджаар 14 албан хаагч өдөрт 15-25 иргэнд төрийн 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд 400 метр тутамд төрийн үйлчилгээний ХУРДАН системийг байршуулж, 440 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр төлөвлөжээ.

Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлгээс гарсан онцлох саналуудыг дараах байдлаар тоймолж болох юм.  

-Өнгөрсөн хугацаанд зөвхөн хумих, төвлөрөх бодлого явуулж ирсэн бол үүнээс гарахын тулд Улаанбаатар хотыг тэлэх, бүсчлэх бодлогыг явуулах ёстой.

-25 км радиуст хотын нийгэм, эдийн засгийн бүх амьдрал өрнөж байгааг 50, 75 болгох хэрэгтэй.

-Тухайн хот олон дарга, хороотой байхаас илүүтэй хотын асуудлыг шийдэх хуулиуд хэрэгждэг үү, тэр хууль асуудлыг шийдэж чадаж байна уу гэдэг нь чухал.

-Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болох ёстой.

-Улаанбаатар хотын төлөвлөлтийг хийхэд улс төрийн намууд нэгнээ үгүйсгэлгүйгээр нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх шаардлагатай.

-Монгол Улсын засаг захиргааны талаар ярьж байгаа бол тухайн нэгжийн удирдлагыг хамтад нь авч хэлэлцэх нь зүйтэй.

-Анхан шатны нэгж, иргэнд үйлчлэх хамгийн эхний хаалганы эрх чадамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа цогцоор нь төлөвлөнө

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Нийслэлийн суурьшлын бүсийн 58.2 хувийг гэр хорооллын бүс эзэлдэг. Улаанбаатар хотын 1.7 сая орчим хүн амын 841 мянга нь орон сууц, 797 мянга нь гэр хороололд амьдарч байна. Замын хөдөлгөөний түгжрэл, төвлөрөл, агаар, орчны бохирдол зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор ажиллаж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулж байгаа бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан байна. Нийслэлээс баримталж буй бодлогын хувьд дэд төвүүдийг орон сууцжуулахдаа 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь барилгажих талбай байх бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нам давхрын орон сууц барина. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн байгууллагуудыг цогцоор нь төлөвлөж, нэгдсэн тогтолцоонд оруулан, жишиг дэд төв болгох юм. Дэд төвийг бүтээн байгуулахдаа хувийн хэвшил, иргэн хоёрыг холбож орхилгүйгээр төр оролцоотой байхаар ажиллаж буй юм байна. Тухайлбал, орон сууцжуулах ажлыг санхүүжүүлэхээр нийслэл олон улсын бонд гаргахаар болсон. Энэ бүтээн байгуулалтыг жишиг болгон хийгээд бусад дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх юм. Түүнээс гадна зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах бодлогод хамруулахын тулд ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох зайлшгүй шаардлагатай байгаа аж. Орон сууцжуулах бодлогын талаар хэлэлцүүлгийн явцад гарсан санаа, саналуудыг багцалбал,

-Гэр хорооллыг орон сууцжуулахдаа дэд төвүүдийг түшиглэнэ.

-Эдийн засаг, хүн амын нягтрал багатай бүсэд эдийн засгийн эргэлтийг бий болгоно.

-Орон сууц барих газрыг чөлөөлөхдөө иргэдийн амьдрах орчин нөхцөлийг дордуулахгүй байхад голчлон анхаана.

-Бүсчилсэн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай хийх нь зөв.

-Хотыг тэлэхдээ нийслэл бодлого, төлөвлөлтөө гаргаад, гүйцэтгэлийг хувийн хэвшлээр хийлгэх нь зүйтэй.

-Дэд төв, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн байгууламжаас гадна ажлын байрыг бий болгоход анхаарах хэрэгтэй.

-Тухайн бүсэд ажлын байрыг бий болгосноор замын хөдөлгөөний түгжрэл буурна. Мөн худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулах зэргээр цогцоор нь төлөвлөх шаардлагатай.

-Ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй.

-Барилга, бүтээн байгуулалтын ажил хийчхээд араас нь өөрчилж болдог зүйл биш учраас төлөвлөлтийн шатанд сайтар анхаарах хэрэгтэй.

-Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулахын тулд логистик, дэд бүтцийг эхний ээлжид шийдэх ёстой.

Эрчим хүчний салбарт тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” салбар  хуралдаанаар эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон гэдэгт олон оролцогч санал нэгдсэн. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг. Энэ үнийн зөрүүнээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна гэдгийг салбарынхан болон хотын удирдлагууд хэлж байв.

Өнөөдрийн байдлаар дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц Улаанбаатар хотын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж буй. Түүнчлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойны 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж. Тиймээс Улаанбаатар хот инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрээд байгаа юм.

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, шийдлийн талаар оролцогчид дараах байр суурийг илэрхийлж байлаа.

-Эрчим хүчний тарифын асуудлаас шалтгаалж энэ салбарт либералчлал хийхэд хүндрэлтэй байна.

-Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан.

-Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглэгчдийг бүсчлэлээр нь ангилж байж тарифын зөв тогтолцоог боловсруулна. Тиймээс эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээний ялгаа, төрлийг зөв танин, ангилж чадвал тарифын тогтолцоо ч органикаар тодорхойлогдоно.

-IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд хуучирч, 30-аас дээш жилийн насжилттай болсон.

-Нүүрсний эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станц харьцангуй тогтвортой ажиллагаатай байдаг бол сэргээгдэх эрчим хүч нь байгалийн нөхцөл байдлаас хамааралтай байдаг. Сэргээгдэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг хадгалж, ашиглахад батарейн систем үр дүнтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...