Thursday, November 21, 2024

Морин хуурыг 2008 онд ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.

Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов. Ерөнхийлөгчийн зарлигийг талархан дэмжиж, манай сайтын зүгээс морин хуурын түүх, энэхүү гайхамшигт хөгжмийн зэмсгийн онцлогийн талаар танин мэдэхүйн мэдээллийг цувралаар хүргэх болно.

Морин толгойтой хөгжмийн зэмсгийн нэгэн төрлийг морин хуур гэнэ. Чавхдас ба нумын аль алиныг нь морины сүүлний хялгасаар хийдгээрээ онцлог юм. Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа илэрхийлэх чадвар сайтай, хийц ба хөг, эгшгийн төгс төгөлдөр зохицлыг олсон хөгжмийн зэмсэг билээ. Монголчууд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Монголчуудын түүхийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Монголчууд хүнээсээ олон морь дагуулан явж дайтдаг байв. Тиймээс ч монголчууд хүчирхэг армитай байсан юм. Монголчууд хамгийн эрхэмлэн хайрладаг мориндоо зориулан хөгжмийн зэмсэг бүтээсэн билээ. Товшуур, эхил, цоор, хулсан хуур, морин хуур нь нэн эртний чавхдаст монгол хөгжим юм.

Морин хуур хөгжмийг анх эртний Хүннүд үүссэн гэдэг. Хөгжмийн хамгийн дээд хэсэгт морины толгойг чимэглэсэн байдаг учраас морин хуур хэмээн нэрлэжээ. Морин хуур нь монгол морь, монгол хүнтэй салшгүй нандин холбоотой билээ. Монгол айл өрх бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэж хуурандаа хадаг зүүж хүндэтгэн гал голомт руугаа харуулан байрлуулдаг. Морин хууртай айлыг бүтэн айл, морин хуургүй айлыг бэлэвсэн айл хэмээх ёсон байжээ. Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлгэдэл юм.

Морин хуур татаж сурч байгаа хүн хамгийн түрүүнд жороо морины явдлыг аялгуулан татаж сурдаг. Монгол морь нь монгол цэргийн бахархал, эв нэгдлийнх нь хамгийн гол түшиг тулгуур байсан билээ. Чингис хаан 200 мянган хүнтэй морьт армийг бүрдүүлж, 400 – 800 мянган морьдыг дагуулан явдаг байв. Тийм учраас Монголын армийн хамаг гол хүч нь морь байсан бөгөөд Чингис хаан тэдний хүч чадлыг бий болгосон гэж түүхчид үздэг.

Орчин цагт морин хуурыг хувь хүмүүсээс илүү мэргэжлийн хөгжимчин хүмүүс тоглох нь давамгайлжээ. 1940-өөд оноос уламжлалт монгол аялгуу болон дэлхийн сонгодог аялгуунуудыг тоглож бие даасан чадвараа гайхуулах болжээ. 1992 онд Монгол улсын Морин хуурын чуулга байгуулагдан өдгөө 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 2002 онд Монгол улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хойморьтоо морин хуураа залж дээдлэн хүндэтгэх болсон билээ.

Орчин цагийн морин хуурын хувьсал нэрт хуурч Г.Жамьян гуайтай шууд холбоотой. Г.Жамьян гуай морин хуур тоглох шинэ сургалтын аргыг боловсруулжээ. Өөрөө виолэнчелло тоглодог байсан тул түүн дээрээ үндэслэж шинэчилсэн бөгөөд энэ нь маш чухал эргэлт болжээ. Учир нь 1940-1950 оны үед морин хуур гэрээс гарч концертын танхимд эгшиглэх болсон юм. Морин хуурын хөгжмийн зэмсэгт шинэчлэл хийсэн хүн бол Оросын мэргэжилтэн Д.Ярвой болон түүнтэй хамт ажиллаж байсан Монголчууд билээ. Тэр үед морин хуурыг хийл хийх аргаар хийж модон цартай болгосноор дуу нь сайжирч, цаг агаарын бэрхшээлийг давах чадвартай болжээ. Шинэчлэлийн дараагийн шат бол морин хуурыг үйлдвэрийн аргаар олон цөөнөөр хийж эхэлсэн бөгөөд энэ нь 1990-ээд он юм. Морин хуур хөгжим нь 2008 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...