Sunday, November 24, 2024

Өрийг тэглэж, олборлолтыг эхлүүлсэн “Оюутолгой”-н сэргэлт

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн гурван жилд уул уурхайн салбарт асар олон дэвшил гаргажээ. Мэдээж хамгийн гол, онцлох ажил нь нүүрсний салбарт хийсэн шинэчлэлт, өөрчлөлт, шилэн зөвшөөрлийн систем, нүүрсний хулгай, далд эдийн засгийг илчилсэн тэмцэл. Үүний дараа орох том ажил бол Оюутолгойн Монголын эзэмшлийн 34 хувьд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулсан явдал юм. Олон жил яригдаж, шүүмжлэл, тэмцэл дагуулсан Оюутолгойн асуудлыг ийнхүү Монголын талд ашигтайгаар шийдэж чадсан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын онцлох амжилт гэж болно.  

Оюутолгойн шинэ дүрэм буюу 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажилласан юм.

Түүнчлэн УИХ “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай”  103 дугаар тогтоолыг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан. Уг тогтоолд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг дэмжихээр тусгасан.

Эдгээр  хууль, эрх зүйн актын хүрээнд Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай хэлэлцээ хийж, Монголын талд  ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглүүлж чадсан нь яах аргагүй сайн мэдээ.  2022 оны нэгдүгээр сарын 25-нд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “Туркойс Хилл Ресурсес” компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурсан юм. 

Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр 10 гаруй жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөлсөн.

Ташрамд тодруулахад, “Рио Тинто”, “Туркойз Хилл” компани “Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх 5 санал бүхий албан бичгийг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж байв. Уг албан бичигт “Оюу толгой” төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан байдаг. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгасан байв. Мөн хоёр талаас үүсгээд буй арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар шийдвэрлэх санал тавьсныг Монгол Улс хүлээн авсан билээ.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг Засгийн газар амжилттай хэрэгжүүлснийг тухайн үед хэвлэлээр “Оюутолгойн шинэ дүрэм”, “Оюутолгойн хэлэлцээрт эргэлт гарлаа” гэх мэтээр бичиж байв.

Аж үйлдвэржилтийн сэргэлт буюу гүний уурхайн олборлолт

2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх нээлт болсон нь уул уурхайн салбарын тэргүүлэх том төслийн гацааг арилгасан “дэлбэрэлт” байв. Харин өдгөө Улсын 2024 оны төсөвт Оюутолгой төслөөс ихээхэн хэмжээний орлого орох нөхцөл бүрдээд байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.  Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь Монгол Улсын Засгийн газрын Аж үйлдвэржилтийн бодлогын нэг хөдөлгүүр, зүтгүүр ажиллаж эхэлсэн хэрэг юм.

Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээр ийнхүү уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүлсэг юм. Ингэснээр “Оюутолгой”  компани зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдсэн.

Гүний уурхайн олборлолтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Оюутолгой” төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. “Оюутолгой” төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ. 2022 онд “Оюутолгой” компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, харилцан ойлгож чаддагийн томоохон илэрхийлэл бол “Оюутолгой” төсөл юм. “Оюутолгой”-н хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод,  харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй  түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна” гэсэн юм.

Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр “Оюутолгой” дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийсэн билээ. “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Монгол Улсын эдийн засагт өгөөж, үр шимийг бий болгоно.

“Оюутолгой”-н гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. “Оюутолгой”-н ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байгаа.

Зэсийн экспорт улсын төсөвт төлөгддөг татварын хэмжээгээр голлох үүргийг гүйцэтгэдэг. “Оюутолгой”-н Гүний уурхай 2024 онд 780 мянган тонн зэс олборлох төсөөлөл, таамаг бий. Энэ өсөлтийг дагаад улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ. “Оюутолгой”-н уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн гуравны нэгээр буюу 35 хувиар өснө гэдэг дүгнэлтийг эдийн засгийн нөлөөллийн үнэлгээнд дурдсан байдаг. Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2028-2036 онд оргил үедээ хүрэхэд ДНБ-ий өсөлт, ажлын байрны тоо үе шаттайгаар нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажилтай залуусын тоо нэмэгдэж ажилгүйдлийн түвшин ч буурна. Мөн 1.8 сая төгрөг байгаа өрхийн дундаж орлого өснө.

Энэ мэтээр дурдвал олон үр, өгөөж, ашиг шимийг монголчууд Оюу толгойн уурхайгаас хүртэнэ. Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай мега төслийн хувьд “Оюутолгой” үе үеийн Засгийн газар анхаарлаа хандуулж ирсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр “Оюутолгой”-н сэргэлтийг эхлүүлсэн гэж болно. Энэ бол зөвхөн “Оюутолгой”-н ч биш, гадаадын хөрөнгө оруулалтын, уул уурхайн салбарт ногоон гэрэл асаасан бодит алхам, тод жишиг болж өгсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...