Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд луу жилийн сар шинийн баярын өмнө өөрчлөлтийн салхи сэвэлзэх үү гэдэгт сүмо сонирхогчид, сүмогийн мэргэжилтнүүд таавар уралдуулж байна. Токио дахь “Кокүгикан” ордонд өнөөдөр эхэлсэн 2024 оны анхны тэмцээн хацү башё Их сүмогийн оргилд томоохон өөрчлөлт авчирч магадгүй хэмээн Японы хэвлэлүүд бичээд эхэлжээ.
Тухайлбал, www.japantimes.co.jp сайтад бичсэнийг сийрүүлбэл, дөрвөн жилийн өмнө буюу 2020 онд “COVID-19” цар тахлын улмаас сүмогийн башё үзэгчгүй зохион байгуулагдаж, тэмцээний турш шүтэн бишрэгчдэдээ хаалгаа хааж байсан тэр үед их аварга Хакүхо, Какүрюү нарын монгол сүмочид дээд зиндааны чансааг тэргүүлж байсан юм. Тэгэхэд Киришима (тэр үед Кирибаяма нэрээр барилдаж байв) 23 настай, дээд зиндаанд анхны барилдаанаа хийж байв. Хорин дөрвөн башёгийн дараа дээр дурдсан их аваргууд хоёул зодог тайлж, дэвжээний эзэд болсон бол 2020 оны макүүчигийн шинэ бөх Киришима ёкозүна буюу их аварга цолны босгон дээр ирээд байна. Тэрүнофүжи, Такакейшо, Асанояма зэрэг хагас арван жилийн өмнө банзүкэг тэргүүлж эхэлсэн нэрс, мөн сүмогийн дээд зиндаанд олон жил тогтвортой барилдсан бөхчүүдийн нэрс хэвээр байгаа ч энэ спортод шинэлэг уур амьсгал хэдийнэ бий болсон. Хэрэв Киришима энэ сард дахин нэг түрүүлбэл сүмогийн дээд цолыг хүртэх нь гарцаагүй бөгөөд энэ нь их аварга Тэрүнофүжиг гайхалтай карьераа үргэлжлүүлэхэд түлхэц болно.
Шинэ ёкозүна үндсэндээ сүмогийн шинэ эрин үеийг эхлүүлнэ. Энэ амжилтад хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа ч Киришима эдүгээ дөнгөж 27 настай. Тэр жил ирэх тусам улам сайжирсаар байгаа. Тиймээс Монголоос төрсөн зургаа дахь их аварга болох магадлалтай. Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ удаан хугацаанд эзгүй байсан бөгөөд энэ сард дэвжээн дээрээ эргэн ирж, давамгайлах чадвараа харуулсан тул нэгдүгээр сарын барилдаан сонирхолтой болно. Исэгахама дэвжээний их аварга 9 дэх удаагаа эзэн хааны цомыг хүртэх боломжтойг үгүйсгэх аргагүй юм. Хэрэв ийм зүйл тохиолдвол Тэрүнофүжи 10 болон түүнээс дээш түрүүлж дай ёкозүна болоход ганц түрүү дутуу болно. Энэ эрмэлзэл нь 32 настай залууг эрч хүчтэй барилдахад түлхэц болох бизээ. Тэмцээний өмнөх хамтарсан бэлтгэлээс харахад Тэрүнофүжи их аварга озэки нарын дэвжээнд очиж тэдэнтэй өрсөлдөж бэлтгэл хийж байсан аж.