Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласан. Тоо толгой нь 22-хон байсан мазаалай 2023 онд 52 болж тоологдсон нь сайхан мэдээ. “Улаан ном”-д орсон 52 мазаалай Улаанбаатарт, уулын аманд “ирчихжээ”. Тэд “Мазаалай” цас, мөсний фестивалийн гол дүр болж амилсан нь энэ. Уг фестивалийн хүрээнд мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12 метр өргөнтэй 22 метр урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай цас, мөсөн баримал гээд бүтээн байгуулалтууд хийсэн байна.
“Мазаалай” цас, мөсний фестивалийн эхний өдөр 12 метр өргөн, 18 метр урт мөсөн гулгуураар нэг цагийн дотор хамгийн олон буюу 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэх болзлыг хангажээ. Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн байна. Энэ бол Монголын аялал жуулчлалыг дэлхий дахинд таниулах маш том сурталчилгаа. Өвлийн аялал жуулчлалын газрын зурагт Монгол Улс ийн тод томруун тэмдэглэгдэв. Монгол Улс 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлнэ гэсэн зорилтыг Засгийн газраас дэвшүүлсний эхний том мессэж энэ болов. Улаанбаатар хэдийгээр өвлийн хот боловч өвлийн аялал жуулчлалын брэнд болсон бүтээгдэхүүн, эвент үгүй байсан гэхэд болно. Тиймээс өвлийн улиралд Монголд ирсэн жуулчид Улаанбаатарыг алгасаад Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр, эсвэл Ховдын “Мөнгөлөг шагшуурга”, Хэнтийн “Талын түмэн адуу” фестивалийг зорьдог.
“Мазаалай” цас, мөсний фестиваль цаашид өргөжин тэлж, агуулга, цар хүрээгээ тэлэх юм бол Улаанбаатар өвлийн аялал жуулчлалын төв, нийслэл болох боломжтой. Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан. Энэ дагуу ажлууд хийгдэж буйн нэг нь “Мазаалай” фестиваль.