Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганд хэлсэн үгээс онцлох санаануудыг хүргэж байна. Засгийн газрын тэргүүний хэлсэн үг бүхэлдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, цаашид энэ чиглэлээр хийх ажлын тухай сануулга, уриалга, санаанууд байлаа. Тухайлбал, Засгийн газраас энэ жилийг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байгаагийн үр дүн хэрхэн гарав. Дараагийн шатанд ямар ажил хийх ёстой вэ. Яагаад нийслэл Улаанбаатар хотод 5Ш ажиллагааг цогцоор нь идэвхжүүлэх шаардлагатай вэ. Ерөнхий сайд эдгээр асуултад тодорхой хариулах мэдээллийг УИХ-ын чуулганы индэр дээрээс олон нийтэд өгөв.
5Ш ажиллагааны үр дүн 5 сайн мэдээ
1. 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их наяд төгрөг байлаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс 40 литрийн багтаамж бүхий эдийн засагтай байсан гэсэн үг. 2022 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна.
2. Ирэх 2024 оны улсын төсвийг Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам. доллар давна гэж тооцоолсон.
3. Цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар өслөө. Ирэх 2024 онд эдийн засаг долоон хувийн өсөлттэй байхаар төсөөлж байна.
4. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд давж, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам долларын өр бүрэн төлөгдлөө.
5. Улсын төсөв энэ жил 1.8 их наяд төгрөгөөр давж, Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар ашигтай гарч, валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ.
“Тоо худал ярьдаггүй. Эдийн засагт гарч буй энэхүү томоохон өөрчлөлтүүд шулуухан хэлэхэд Монголд ямар том хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны илэрхийлэл юм” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.
Энэ бүхэн Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт, Тавантолгойн нүүрсний хулгайг илчилж, ил тод, цахим арилжаанд шилжүүлсэн, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт зэрэг том түвшний системийн авлигатай УИХ, Засгийн газар, олон нийт хамтран тэмцсэний үр дүн гэдгийг тэрбээр мөн дурдаж, “Энэ нь том түвшний системийн авлигын бүтцэд задрал явагдаж, далд эдийн засаг, нууц мөнгө ил болон бүртгэлжиж, эдийн засаг тэлж байгаагийн эхний дохио юм” гэлээ.
Ерөнхий сайдын онцолсон дараагийн санаа нь системийн авлигын гол хөрс болсон дунд шатны түшмэд, албан тушаалтнуудтай хийх тэмцлийн тухай байв. Тэд “Улстөрчид ирдэг, явдаг, харин бид мөнх” гэдэг бат нот үзэл бодолтой, ужгирч угшсан авлигын торыг нэхэж суудаг нь нууц биш. Яам, агентлаг, аймаөг, нийслэлд ийм дунд шатны түшмэлүүдийн авлигын сүлжээ ил тод болсон. Үүнийг Ерөнхий сайд 5Ш ажиллагааны хүрээнд арилгана гэлээ.
Дунд шатны авлигачидтай тэмцэх 5 шалтгаан
1. Та бид авлигатай тэмцэх эхний үе шатаа давж байна.
2. Одоо эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралын чанарт нөлөөлөхөд саад болж буй хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол дунд шатанд шимэгчлэн амьдарч буй авлигач түшмэд, том авилгачдын төлөөний этгээдүүд, эд эсүүд болсоор байна.
3. Нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ.
4. Хууль хяналтын байгууллагууд ч том шатны авлигын хэргүүдийг шүүхийн шатанд шилжүүлж, дунд шатны авлига руу ханцуй шамлан орох итгэл үнэмшил, цаг хугацаатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
5. УИХ, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд төвлөрч, сүүлийн 30 жил нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос нийслэл хот маань өнөөдөр авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэ болон хувирчээ.
“…Дунд шатанд ужгирч бугшсан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй нийслэл дангаараа хүчин мөхөсдсөөр ирснийг өнгөрсөн 30 жилийн түүх нотоллоо. Улсын нийслэлийн маань асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд УИХ, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна” хэмээн Ерөнхий сайд хэллээ.
Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудал шийдэгдвэл УИХ, Засгийн газрын ачаалал 70-80 хувиар хөнгөрнө гэсэн үг юм. Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Монгол Улсын Үндсэн хуулинд тусгагдсан хүний эрх, иргэдийн аюулгүй байдал, амьдралын чанарын үзүүлэлт огт хэрэгжихгүй нь ойлгомжтой.
Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн гэдгээ Ерөнхий сайд онцоллоо. Энэ бол олон нийтийн дунд “Хотын мафи”, “Авлигын мафи” гэж нэрлэгдэх болсон нийслэлийн авлига, албан тушаалын гэмт хэргийн бүлэглэл, сүлжээг уг үндсээр нь устгах кампанит ажил эхэлнэ гэсэн үг юм.
“Хотын мафи” ба Ерөнхий сайдын 10 асуулт
- Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс баяжиж хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, зөвшөөрлөө аваад байшин барих биш, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол бид мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөх вэ?
- УИХ, Засгийн газраар баталсан хууль, стандарт, дүрэм яагаад 30 жил огт хэрэгжсэнгүй вэ?
- Байгалийн тусгай хамгаалалттай газарт сүндэрлэн боссон тансаг хотхонуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр амьдрах вэ?
- Нийтийн тээвэрт монопол тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон хорлогдож, ашигтай шугамны наймааны төлөө иргэдийн эрх зөрчигдсөөр байх вэ?
- Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газрыг тасдаж аваад хувийн хороолол босгон, ичих ч нүүргүйгээр өөрсдөө амьдарч буй хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрч амьдрах вэ?
- Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ үйлчлэх вэ?
- Нийслэл есөн дүүргийнхээ тогтолцоогоор цаашид иргэддээ хүрч үйлчилж чадах уу?
- Хороодын дарга, хэсгийн ахлагчид аймгаас том хороодыг хэрхэн удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх вэ?
- Гэр хорооллын тэлэлтийг нийслэл, дүүрэгт даатгаад уул уулаараа ухуулсаар байгааг харж шогширсоор л байх уу?
- Аль эсвэл хотын асуудал надад хамаагүй гэж улс төрийн галаас хойш сууж, аргацааж аргалсаар дахиж 30 жил болох уу?
Улсын нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээс хүссэн. Авлигатай тэмцэх чуулган хэмээн тодорхойлсон хаврын чуулганаар ачаалалтай ажиллаж, авлигын эсрэг эрхзүйн орчин, Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадсан шиг, намрын чуулганаар өмнөхөөсөө ачаалалтай ажиллаж, нийслэл Улаанбаатар хотын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын бүтэц, зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны эрхзүйн байдал, газрын харилцаа зэрэг асуудлуудыг цогц байдлаар нь шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүрэн дэмжлэг үзүүлж, хичээнгүйлэн оролцож ажиллахыг хууль тогтоогчдод уриалсан.