Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Түүний өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 30 байраар урагшилж 97 дугаар байрт орсон, цаашид илүү урагшлах, илүү дэвшихийг зорьж байна.
Агаарын тээврээр 2023 оны эхний 9 сарын байдлаар нийт 1.3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 137 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар тус тус өссөн байна.
Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо.
Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 80 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна. Цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 8-20 дахин хямдарсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна. 2023 онд гэхэд Катар, Грек улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.
Мөн Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр OPEN SKY хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр хорин жил яригдсан Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн шийдэгдлээ. Ийнхүү шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ одоо буйгаас 2 дахин хямдарч, 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм. Эхний ээлжид ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу, цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ойрын үед Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
АВСТРАЛИ РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО
Мөн монголчууд маань хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болохыг чухалчилж байна.
Өнгөрөгч зун манай улс жуулчдын хөлд дарагдлаа. Энэ үед манай зам тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбар ирсэн зочдоо унаа хүлгээр улдааж явгалахгүй байх үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Тухайлбал, БНСУ-тай Агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдлээ. Монгол Японы хооронд 7 хоногт 61, Монгол Туркийн хооронд 7 хоногт 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, Агаарын харилцааны хэлэлцээрийг тус тус шинэчилсэн нь зорчигч урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд бодит үр дүнгээ өгч байна. Энэ онд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Бойнг 787-9 агаарын хөлөг хүлээн авч нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр Монголоос дэлхийн аль ч цэг рүү шууд нисэх боломж бүрдлээ.
2024 ОНД МИАТ ТӨХК-ИЙН ОНГОЦЫГ 10 БОЛГОН НЭМНЭ
Ирэх оны зургаадугаар сар гэхэд МИАТ компани агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Орон нутгийн 8 чиглэлд нислэг сэргээж, онгоцны тийзийг 2-оос 2.5 дахин хямдрууллаа. “МИАТ” ТӨХК-ийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс орон нутгийн 9 чиглэлд зохих нөхөн олговортойгоор нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу “МИАТ” ТӨХК нь Өлгий, Ховд, Улиастай, Улаангом, Алтай, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад чиглэлд амжилттай нислэг үйлдэж байна. 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн нислэгээр 310 мянган зорчигч тээвэрлээд байна.
Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын хүрээнд орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулахыг зорьж байна. Тухайлбал, Өндөрхаан нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгох төслийг Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
Мөн аялал жуулчлалын гол бүс нутагт байгаа “Мөрөн”, “Гурвансайхан”, “Ховд”, “Чойбалсан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нисэх буудлын статустай болгохоор ажиллаж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийгхэрэгжүүлэх төлөвлөгөөнд 1820 км төмөр зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгаад байна. Үлдсэн 860 км төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”, үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэххүрээнд 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км, нийт 648 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулаад байна.
Мөн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтуудыг холбох хил дамнасан төмөр замын төслүүдийг эхлүүлээд байна.
ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТ ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОНО
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг өнгөрөгч 05 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлж ирэх 11 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна.
“Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан 09 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталлаа. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 ондэхлүүлэхээр төлөвлөөд байна.
Манай улс урьд нь урагшаагаа Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байлаа. Харин ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын 5 гарцтай болох гэж байна.
Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай. Цар тахлын өмнө буюу 2019 оны мөн үед олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 46 хувь буюу 6,900 км байсан бол 2022 оны мөн үед 50 хувь буюу 7485 км хатуу хучилттай авто замтай болж нэмэгдсэн байна. Түүнчлэн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын болон орон нутгийн чанартай 400 км, тусгай зориулалтын 220 км, нийт 660 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Авто замын салбарт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 755 км авто замын барилгын ажил, 230 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, гадаадын зээлийн санхүүжилтээр нийт 261 км авто замын барилгын ажил, мөн 201 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, Төр хувийн хэвшлийн түншлэлээрнийт 1237 км авто замын барилгын ажил, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 265 км авто замын барилгын ажил тус тус хийгдэж байна. Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн орууллаа. Энэхүү босоо тэнхлэгийн авто зам нь Монгол Улсыг урд, хойд хөрш, Ази Европтой холбосон Азийн авто замын сүлжээнд холбогдсон 2 дахь коридор болж байна. Саяхан уг чиглэлд БНХАУ болон ОХУ-тай хамтран гурван улсын туршилтын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, транзит тээврийг эхлүүллээ.
Манай улсын автозамын гол сүлжээ болох Азийн автозамын АН-3 сүлжээний Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын барилгын ажлыг ирэх сард дуусгаж, 2 урсгал 4 эгнээ замын хөдөлгөөнийг нээнэ. Цаашид Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто зам, Улаанбаатар хотоос Замын-Үүд боомт хүртэлх 718 км 2 урсгал 4 эгнээ авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ одоо байгаа авто замыг ашиглалтад хэвээр үлдээж, иргэдийн зорчих хөдөлгөөнд огтхон ч саад болохгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.
Мөн Монгол-Хятадын хилийн Ханги, Гашуунсухайт боомтыг хатуу хучилттай авто замаар холбох Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км тусгай зориулалтын авто замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.
21 АЙМАГ, 96 СУМ НИЙСЛЭЛТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДЛОО
Засгийн газраас 2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууслаа. Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна. Цаашид Шинэ сэргэлтийн таван цагираг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм. Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина. Энэ бүхний үр дүнд манай улс аймгийн төвүүдээ төдийгүй Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болно.
Мөн 2024 онд авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, хамгийн их эвдрэлтэй байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн нийт 350 гаруй км авто замд их засвар хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд авто замын засвар арчлалтын стандарт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.
Нэгдсэн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Одхүү, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Будбаяр, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нар оролцлоо.