Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ. Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Энэ бол 20 жилийн өмнөөс ярьж, хөөцөлдөж эхэлсэн ажлын эцсийн үр дүн юм. Эдүгээгээс 21 жилийн өмнө Монгол Улсаас АНУ руу шууд нислэг хийх саналыг АНУ-ын тал манайд тавьсан ч МИАТ компанийн удирдлагууд энэ саналыг эсэргүүцэн гацааж байжээ. Ингээд 10 жилийн дараа буюу 2012 онд Монголын талаас АНУ-д хоёр улс хооронд шууд нислэг үйлдэх саналыг тавьсан байна. АНУ-ын тал тухайн үед уг саналыг шууд хүлээж аваагүй аж. Энэ нь АНУ-ын 2002 онд тавьсан саналаас манай улс татгалзаж байсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох талаар шат дараатай ажлыг эхлүүлж, өнгөрсөн онд хоёр улсын хооронд “OPEN SKY” хэлэлцээрийг үзэглэсэн юм. Ингээд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг энэ оны хоёрдугаар сард талууд баталсан. Мөн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй ЗТХЯ, ИНЕГ, “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчид энэ оны нэгдүгээр сард Вашингтон хотноо ажиллаж, Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах талаар АНУ-ын Төрийн Департамент, Тээврийн яам, Тээврийн аюулгүй байдлын газар болон Холбооны нисэхийн захиргааны албан тушаалтнуудтай нарийвчлан ярилцсан байдаг. Энэ бүх бэлтгэл ажил, урьдчилсан хэлэлцээрийн үр дүнд Ерөнхий сайдын АНУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.
Монголоос АНУ руу шууд нислэг үйлддэг болсноор нислэгийн цаг одоогийнхоос хоёр дахин багасаж, энэ хэрээрээ тийзийн үнэ ч буурах боломжтой юм. Тодруулбал, тийзний үнэ нислэгийн хугацаанаас шууд шалтгаалдаг. Ковидын өмнө Монголоос АНУ руу жилд 57 мянга орчим хүн нисдэг байжээ. Энэ хүмүүс Сөүл, Бээжин, Туркээр дамжин ниссэн байна. Ингэж явахад 20-24 цаг зарцуулдаг. Судалгаанаас үзэхэд монголчууд гол төлөв зорчдог АНУ-ыг 3-4 хот байгаа аж. Эдгээр хотууд руу Монголоос шууд нисэхэд 10 цагаас 10 цаг 40 минут нисэх боломжтой болно. Нислэгийн цаг ийнхүү хоёр дахин багасаж байгаа учраас үүнийгээ дагаад тийзний үнэ ч буурах боломжтой гэдгийг ЗТХЯ-ныхан хэлж байна. Манай улсаас 80 гаруй мянган хүн АНУ руу байнгын зорчдог визтэй, Монгол Улсын 40 орчим мянган иргэн тус улсад амьдарч байгаа аж. Шууд нислэгтэй болсноор энэ тоо өснө. Хоёр улсын хооронд зорчигч урсгал нэмэгдэж, худалдаа, бизнес, аялал жуулчлалын салбар тэлэх өргөн боломж нээгдэх юм.