Thursday, November 21, 2024

П.Чогдон баатар Халхын голын дайны гэрч болж байцаагджээ

Date:

“Суварган цэнхэр уулс” киноны зураг авалт ид үргэлжилж байсан үе. Шөнийн зураг авалтын дараа уран бүтээлчид хэсэгхэн зуур амарч байв. П.Чогдон баатар гутлаа тайлчихсан нэлээд ядрангуй сууж байна гэнэ. Г.Жигжидсүрэн найруулагч буурал хурандааг өрөвдөж “Баатрыг урьд шөнө нойргүй хонуулчихав уу даа” гэхэд “Халхын голд миний нойргүй хонох шөнийн тоо дуусаагүй л юм байна” хэмээн өгүүлсэн гэдэг. Жийгээ найруулагч энэ тухай дурсахдаа “Мөн гоё хэлж байгаа биз” гээд сэтгэл хангалуун инээж билээ. Түүний ярианаас үүдээд П.Чогдон баатрын тухай бичих сэн гэсэн хорхой гозолзоод явчихав. Эх оронч хэмээн алдаршсан буурал хурандаагийн Халхын голд нойргүй хонож явсан олон шөнө, амь дүйсэн тулалдаануудынх нь тухай өнөөгийн бид  хэр мэдэх билээ. Монгол Улсын баатар П.Чогдон Халхын голын дайны хамгийн хүнд сорилтыг үүрсэн Сүмбэрийн заставыг удирдаж явсан домогт хилчин. Эдүгээгээс далан жилийн тэртээ дорнод хил дээр дүрэлзсэн дайны гол талбар нь Сүмбэрийн долдугаар застав байв. Энэ заставаас Монгол Улсын баатар Н.Жамбаа, Д.Гуулин, эрэлхэг эх оронч М.Гаасүрэн нарын олон арван эр зоригтнууд төрөн гарсан юм. П.Чогдон баатар Халхын голын дайн эхлэхээс дуустал бүхий л тулалдаан, тулгаралтуудад оролцож, хатуу хөтүүг биеэр туулжээ. Энэ тухайгаа тэрээр сэрүүн тунгалагтаа Халхын голын ялалтын ойн баярын хурал, уулзалт, цуглаанууд дээр хэлсэн үг, дурсамждаа дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм билээ. Бас баатарын намтар түүх, дайнд хэрхэн оролцсон тухай нь өгүүлсэн цөөнгүй ном хэвлэгджээ.

П.Чогдон баатар болон түүний удирдаж байсан Сүмбэрийн заставынхны тухай домог шиг яриа олон бий. Гуч гаруйхан хүнтэй энэ заставынхан ар талаас гол хүч ирэх хүртэл хэдэн арав дахин илүү хүн, хүчтэй дайсныг тогтоон барьж байв. Энэ түүхээс сэдэвлэн “Зарлаагүй дайны оршил” киног бүтээсэн гэдэг. П.Чогдон баатар “Халхын гол өөрийгөө хамгаалаад үлдсэн нутаг байгаа юм” хэмээн ярьдаг байжээ. Энэ л нутгийн дов толгод, гуу жалга бүхнийг хилчид андахгүй. Харин японууд машин тэрэгтэйгээ хамаагүй тууж ороод шаварт суучихдаг, эсвэл элсэнд шигддэг байж. Мөн П.Чогдон баатрын заставынхан морин маневрыг гарамгай хийдэг байжээ. Хэдэн манхнаа тойрч давхиад л, тав зургаахан хүн байлаа гэхэд хэдэн арван хүн шиг л тал талд гарч буудаад байхаар самурай нарын толгой эргэж орхидог байв. Хүч давуу дайсанд бүслэгдээд амь дүйсэн үхлийн ирмэг дээр морин атакаар бүслэлтийг сэт цохин гарсан нь ч нэгээр тоологдохгүй. Энэ мэт эрэлхэг гавьяа байгуулсны учир түүнийг эх оронч Чогдон гэж нэрлэх болсон байна. Харин тэрээр нэлээд хожуу буюу 1971 онд БНМАУ-ын баатар цолоор шагнуулжээ.      

Халхын голын дайны амьд гэрч болсон буурал хилчин энхийн цагт ч эх орныхоо даалгаврыг олонтаа хүлээж, тэр үүргээ нэр төртэй биелүүлж явсан ажгуу. Тэрээр самурай нарыг газар нутгаа чөлөөлөхийн төлөө цус урсган тулалдсаныхаа дараа буюу 1948 онд Токиод очиж японуудтай “цусгүй тулаан” хийжээ. Энэ “тулаан” Халхын голд зэвсэг барин тулалдахаас ч хэцүү байв. Халхын голд цус асгаруулсан дайныг хэн өдөөсөн бэ гэдгийг гэрчилж, нотлох үүрэг хошууч П.Чогдонд ногджээ. Токиод болсон цэрэг, дайны гэмт хэрэгтнүүдийн шүүн таслах олон улсын хуралд тэрээр Монголын талын гэрчээр оролцох үүрэг хүлээсэн нь тэр юм. Энэ шүүх хуралд оролцох болсон түүх нь  ч тун сонин юм билээ. 1948 оны эхээр болсон энэхүү олон улсын шүүх хуралд оролцуулахын тулд маршал Х.Чойбалсангийн тушаалаар П.Чогдон баатарыг зүүн хилээс дуудан ирүүлж, эх орны даалгавар, ээлжит тушаалыг сонсгожээ. Тэрээр Улаанбаатарт хоёр сар хэртэй сууж Халхын голын дайны тухай баримт, материалтай танилцаж, дараа нь Москвад очих хүртлээ ийм тусгай даалгавар биелүүлэх гэж байгаагаа мэдээгүй гэдэг. Тиймээс гэр орныхондоо ямар нэгэн сураг чимээ ч хүргэж чадаагүй байна. Москвад очсон хойно нь түүнийг Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг яллах олон улсын шүүх хуралд оролцох ёстой гэдгийг хэлж, тусгайлан бэлтгэсэн байна. П.Чогдон баатар энэ тухай хожим нь дурсахдаа “Би ээж, аавын хүү биш эх орны хүү. Тиймээс эх орныхоо төлөө, Монгол Улсынхаа төлөө явж байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан” хэмээн өгүүлжээ. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн энэ түүхэн үйл явдлын тухай “Гэрч” хэмээх баримтат кино бүтээсэн байдаг. Халхын голын дайныг өдөөсөн буруутнуудыг олон улсын шүүхийн өмнө нотолж, эх орныхоо даалгаврыг биелүүлээд ирэхдээ хүүхдүүддээ бэлэг болгон хос арслан авчирч өгснийг охин нь эдүгээ хадгалж байдаг аж.

П.Чогдон баатрынх хүү охин, хоёртой айл байв. Хүү, охин хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Үүнийг бичигч 2009 онд охин Ч.Оюунцэцэгийг нь сэрүүн  тунгалаг ахуйд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхад нь ярилцлага авч байсан юм. Баатрын охинтой аавынх нь тухай дурсамж сөхөн хуучилснаа сийрүүлэн уншигчдадаа толилуулж байна.   

Ч.Оюунцэцэг: Маршал аавд “Залуу зан битгий гарга” гэж захисан гэдэг

-Аав тань аль нутгийн хүн бэ?

-Миний аав Ховд аймгийн хүн. 1915 онд Дарви сумын нутаг Цагаан булан гэдэг газар төрсөн гэж албан ёсны намтарт нь бий.

-Халхын голын дайнд застав командлан тулалдаж явахдаа хорь гаруйхан настай байсан хэрэг үү?

-Тийм. Аав минь есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын долоо дахь хүү нь. Багаасаа эгэл бор амьдрал туулж ажил, хөдөлмөрийн амтыг эрт мэдэрсэн хүн. Түр сургуульд суралцан бичиг үсэгтэн болж, нягтлан болохын курс дүүргэж мэргэжил эзэмшсэн. Ингээд 17-тойдоо дээд газрын шийдвэрээр Увс аймгийн Бөхмөрөн суманд томилогдон очиж улсын худалдаанд данс хөтлөгч, нярав, худалдагч зэрэг ажил хийж байсан гэдэг юм.

-Тэндээсээ цэрэгт татагдсан байх нь ээ?

-Бөхмөрөн суманд ажиллаж байгаад 1936 онд цэргийн албанд татагдан Одонт тусгай хороонд байлдагч болсон юм билээ. Улмаар 1938 онд Халхын голын 24 дүгээр отрядын Сүмбэрийн долдугаар заставт очсон гэдэг. Аав тэнд очихдоо бага дарга цолтой байжээ. Хэсэг хугацаанд заставын даргаа орлож байж. Тэр үедээ Халхын голын зарлаагүй дайны оршил болсон олон жижиг тулгаралт, тулаануудад заставаа чадварлаг удирдаж гавъяа байгуулсан гэдэг юм. Хил орчмоор зэвсэгт өдөөн хатгалга хийхээр орж ирсэн баргын мянга гаруй айлыг тав хоногийн дотор нүүлгэн шилжүүлэх үүргийг дөрөв хоногийн дотор амжилттай биелүүлсэн төдийгүй хил зөрчиж орж ирсэн япон цэргүүдийг олзлон ангидаа хүргүүлсэн гэж аавын намтар, түүхэнд бий. Өөрөө ч сэрүүн тунгалагтаа энэ тухайгаа ярьсан байдаг. Дээрх гавьяаг нь үнэлж Сүмбэрийн долдугаар заставыг 1938 онд Засгийн газрын баярын бичгээр шагнасан байдаг юм. Ингээд 1939 оны зургадугаар сард аавд дэслэгч цол олгон заставын даргаар томилсон түүхтэй.

-Халхын голд дайны гал дүрэлзэж эхэлсэн үе байж шүү дээ.

-Халхын голын дайн эхлэх угтал болсон олон жижиг тулаанууд аавын удирдаж байсан Сүмбэрийн долдугаар заставын хариуцсан нутаг дэвсгэрт болж байж. 1939 оны тавдугаар сарын 11-нд Халхын голын дайн эхэлсэн гэдэг юм. Энэ тулаанд мөн л Сүмбэрийн долдугаар заставынхан гол үүрэгтэй оролцож байжээ. Тавдугаар сарын 14-нд аавын заставын хилчид дайсны нэг морьт хороо, 13 машин цэрэгтэй байлдаж, 200 гаруй хүнийг нь устгажээ. Хүч тэнцвэргүй тулалдаанд сум нь дуусмагц дайсныг гэнэдүүлж байгаад атаклан дайрч бүслэлтийг сэтэлж гарсан гэдэг. Аав минь ийм амь дүйсэн олон тулалдаанд оролцож явсан.

-Дайны дарааТокиод болсон цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх олон улсын  хуралд явсан тухайгаа юу гэж ярьдаг байв?   

-Эх орныхоо төлөө яваа гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байсан. Тиймээс үүргээ сайн биелүүлэх сэн гэж бодлож явсан гэдэг байв. Аав маршалын даалгавраар энэ шүүх хуралд гэрчээр оролцсон. Гэр орондоо ч хэлэлгүй яваад хойно Москвад очсон хойноо л ярьсан байдаг юм. Тэгээд дахиад тав, зургаан сар сураггүй болсон гэж ээж ярьдаг байсан. Харин Японоос ирэхдээ хоёр ижилхэн арслан авчирсан нь одоо ч бий.

Аавыг тэр хуралд оролцохоор явахад нь маршал Х.Чойбалсан дуудаж уулзаад, “Залуу зан битгий гарга. Төлөв буурьтай байгаарай” хэмээн захисан гэдэг.

-Чогдон баатар дайны дараа энхийн хөдөлмөрт гарамгай амжилт гаргаж, хөдөлмөрийн баатар болох хэмжээний гавьяа байгуулсан гэдгийг хамт ажиллаж байсан нөхөд нь дурссан байдаг. Баатар маань ямар алба хашиж байсан юм бэ?

-Аав Халхын голын дайны дараа барилгын салбарын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан. Барилгын хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга, хотын барилга конторын дарга, барилга трестийн дарга, Байшин үйлдвэрлэх комбинатын даргаар ажилласан. Тэнд ажиллаж байхдаа орон сууц их олныг барьсан. Налайхын уурхайн барилга байшингууд, Төв шуудан, төв музейн барилгыг барилцсан юм билээ. Сонгинын барилгын цэргийн ангид ажиллаж байхдаа Био комбинатын барилгуудыг барихад гар бие оролцсон. Хожим эргээд хилийн цэрэгт ирж Дорнодын 31 дүгээр отрядад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Баатар хэр сайн аав байсан бэ. Хүүхдүүдээ юу гэж сургадаг байв?

-Хамгийн сайн аав байсан гэж боддог. Аавыгаа үргэлж хүндэлж явдаг. Би аавынхаа зааж өгсөн сургуулийг төгсөж, мэргэжил эзэмшин, хийгээсэй гэж хүссэн тэр ажлыг хийж байгаадаа бахардаг. Аав минь тэр үеийн хүмүүжлээр л биднийг хүмүүжүүлсэн. Ажлыг сайн хийх хэрэгтэй. Хөдөлмөрт үнэнчээр зүтгэ. Ажил чамайг голно уу гэхээс чи ажлыг голж болохгүй гэж сургадаг байсан. Мөн аливаад гутрах хэрэггүй, зөв бурууг амьдрал аяндаа харуулна гэдэг байв. Аав ер юманд их дайчин, зорьсондоо хүрэхийн төлөө тэмцдэг хүн байсан. Тиймээс улс орныхоо ирээдүйн төлөө тууштай зогс, нугарч бууж өгөх ёсгүй гэж сургадаг байлаа.

Гэртээ байхдаа хоол их сайхан хийнэ. Хүүхдүүдтэйгээ ажиллахдаа их санаачилгатай. Эрдэм боловсрол үнэ цэнтэй гэдгийг үргэлж ойлгуулдаг байсан.

-Аавынхаа байлдаж байсан газарт очиж байв уу?

-Аавтайгаа хамт Халхын голоор явж байсан. Байлдаж байсан газруудыг нь очиж үзсэн. Аавыг өнгөрснөөс хойш явж чадаагүй л байна. Харин ахын маань хүү 1997 онд өвөөгийнхөө удирдаж байсан домогт Сүмбэрийн заставт өөрийнхөө саналаар очиж алба хаасан.

-Халхын голд байлдаж явсан тухайгаа дурсдаг байсан уу?

-Аав Л.Дандар баатартай дотно нөхөрлөнө. Н.Жамбаа баатрынхтай хамт зусланд гардаг, орой үдшийг нэгнийдээ цуглаж ярьж хөөрдөг байсан. Дайчин нөхдөө их дурсдаг байв. Сүүлд нас ахисан хойноо, “Хамт тулалдаж явсан нөхдийнхөө нэрийг мартаж эхэлж байна даа” хэмээн их л гутарч байж билээ. Халхын голын дайнд эрэлхэгээр амь эрсэдсэн эх оронч М.Гаасүрэнг их дурсч ярьдаг байсан. Тэр хүн аавын цэрэг нь байсан юм. Дайны талбарт түүн шиг зоригтой хүн байгаагүй гэдэг сэн.

-П.Чогдон баатар Халхын голын дайны амьд түүх болсон хүн байсан гэдэг. Тэр тухайгаа бичиж тэмдэглэсэн зүйл, дурсамж сэлт нь бий юу?

-Ирэх жил аавын 95 насны ой тохионо. Би аавынхаа мэндэлсний ойг угтан түүх намтар, амьдрал замналынх нь тухай ном бэлтгэж байгаа. Энэ номд өөрийнх нь бичиж байсан дурсамж, Халхын голын түүхт ойнуудын үеэр хэлсэн үг, Токиод болсон Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг яллах олон улсын шүүх хурлын тэмдэглэл зэрэг орно. Аавын эдэлж хэрэглэж байсан зүйл, буу зэвсэг зэргийг нь бид 1980-аад онд Хилийн цэргийн музейд өгсөн. Харамсалтай нь уг музейд хулгай орж хэд хэдэн Улсын баатрын одонгууд алдагдсан. Тэгэхэд аавын минь эд зүйлс алга болсон. Тиймээс өвөөр нь фонд байгуулах боломжгүй болоод байна.

Г.СОНИНБАЯР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...