Friday, November 22, 2024

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ирээдүйд олборлох газрын тосыг Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ

Date:

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо лхагва гарагт хуралдаж УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улсын Шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонсчээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг ЕРС 01: Технологийн бус барилга байгууламж, ЕРС 02: Анхдагч процессын болон дагалдах байгууламж, ЕРС 03: Үйлдвэрийн цахилгаан станц, ЕРС 04: Лицензит технологийн байгууламж гэсэн дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа аж.

ЕРС 01 багц ажлыг БНЭУ-ын “JMC projects India” компани, ЕРС 02 ба 03 багц ажлуудын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компани, генератор, уурын турбиныг ХБНГУ-ын “Siemens”, уурын зуухыг мөн улсын “ThyssenKrupp” компани үйлдвэрлэж байгаа аж. Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани шалгарч ажиллаж байгаа юм байна. Мөн газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons’ компани хийж байгаа юм байна.

Үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлууд харьцангуй сайн явагдаж байгаа хэдий ч компанийн зүгээс шийдвэрлэх боломжгүй, төр засгийн дэмжлэг шаардлагатай тулгамдсан асуудлууд тулгараад байгааг Байнгын хуралдаанд танилцуулсан. Үүнд төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал болон зээлийн дүнг нэмэгдүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчилсөнтэй холбоотойгоор үүсч буй хүндрэлүүд, үйлдвэрийн хотхон, гаалийн түр горим, түүхий тос, дамжуулах хоолой, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхтэй холбоотой асуудлууд багтаж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлага дурдсан байна.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолыг баталжээ. Тус тогтоолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн өмчийн хувьцаа  эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд  заасны дагуу мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах  төрийн захиргааны төв байгууллагыг тогтоох, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаанд шаардагдах урсгал зардал, орон сууцны барилгын үлдэгдэл санхүүжилт болон бусад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Газрын тосны олборлолтыг орд ашиглах үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөнд заасан хэмжээнд хүргэх зорилгоор хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, олборлосон тосыг Монгол Улсад баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэхтэй холбогдуулан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон түүний дээд шатны байгууллага болох “Хятадын газрын тосны үндэсний корпорац (CNPC)” болон “Дачин Ойлфийлд” компанитай хэлцэл хийн, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ирээдүйд олборлох газрын тосыг Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн тусгасан байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосон талбайд хайгуулын ажлыг гүйцэтгэх, үүнтэй холбогдон гарах хөрөнгө санхүүгийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг  төсөл хэрэгжих хугацаанд гаалийн нутаг дэвсгэрт түр горимоор байршуулах боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...