“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлэн боловсруулсан Цогтцэций сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын сайдын шийдвэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөлтэйгээр байгуулсан.
“Шинэ суурьшлын бүс”-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлого болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн А6-20 бизнес төлөвлөгөө, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээнүүдэд тусгаж мөрдлөг болгон ажилласан байна. Төлөвлөгөөнд тусгаснаар 2040 он гэхэд нийт 4400 га талбай бүхий нутаг дэвсгэрт 51000 хүн ам оршин суухаар тодорхойлжээ. Мөн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан нь төлөвлөлтийн шийдэл, байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөвлөлт, хүн амын өсөлттэй уялдуулсан байна.
Төслийг 2022 оны 6 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус мэргэжлийн зөвлөл, БХБЯ-ны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл гээд Төрийн захиргааны байгууллага болон Иргэд, олон нийтээр шат дараатай хэлэлцүүлсэн. Улмаар “Шинэ суурьшлын бүс”-ийн эхний ээлжийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор 90 га талбай бүхий газар нутгийг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байна. Одоогийн байдлаар эхний ээлжийн бүтээн байгуулалтад шаардлагатай инженерийн бэлтгэл ажил, дэд бүтэц, 600 айлын орон сууц, 400 ажилчны оффис, 240 хүүхдийн цэцэрлэг, 480 хүүхдийн сургуулийн барилгын зураг төслийг гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд байгаа юм.