УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Уг мэдээллийг Ерөнхий сайдыг төлөөлж нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй авто замын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч нэгдсэн нэг бодлогын дор үйл ажиллагаагаа явуулан, цаг алдалгүй үр дүн гаргах зорилгоор 2022 оны 341 дүгээр тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-г байгуулсан. Мөн Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолыг батлан нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420.0 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой Нийслэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 180 дугаар тогтоол батлан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Засгийн газрын хэлэлцээр, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах болон улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрыг байгуулан ажиллаж байна гэлээ.
Ж.Сүхбаатар сайд хот төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд илүү оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон, 2023-2024 онд төлөвлөсөн төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах бүрэн боломжтой гэдгийг онцлов.
Товчоор дүгнэвэл, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын 18-20 хувийг 2022 онд амжилттай гүйцэтгэсэн. Энэ нь 2023-2024 онд хийгдэх нийт ажлын суурь дэвсгэр болж буй тул 2023 онд 60 хувь, 2024 онд үлдсэн 20 хувийн гүйцэтгэл хийснээр нийслэл хотын түгжрэлийг 50 хувиар бууруулна гэж үзэж байгаа гэдгийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдээлэлдээ дурдлаа.
Улс орон, том хотуудын эдийн засгийн хөгжлийн хурд нь авто замын хөдөлгөөний хурдаас хамааралтай болох нь хэдийнэ тодорхой болсон. Түүнчлэн дэлхийн эдийн засагчид хотын авто замын түгжрэлийг эдийн засгийн тэлэлттэй шууд утгаар нь холбон авч үзэж байна. Иймд Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнтэй 7 хоног бүр танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй авч байгаа ажээ.