Монгол Улсын нийгэм, эдийн засаг 2023 оны эхний улирлын төлөв байдлыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Танилцуулгаас харвал эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлсэн нь хамгийн таатай мэдээлэл байлаа. Тухайлбал, гадаад худалдаа 1.8 тэрбум долларын, төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын тус тус ашигтай гарчээ. Энэ бүхэнтэй уялдаад 2023 оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3524 төгрөгт хэлбэлзэж, ам.доллар өмнөх сараас 17 төгрөгөөр суларсан байна. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 3490 төгрөг болж оны эхнээс 70 орчим төгрөгөөр суларчээ.
Гадаад худалдааны тэнцэл болон төлбөрийн тэнцэл ашигтай гарна гэдэг эдийн засагт валютын орох, гарах урсгал нэмэгдсэн гэсэн үг. Монгол Улсын төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарна гэдэг нь улсын валютын нөөц тэр хэрээр нэмэгдэж төлбөрийн чадвар сайжирч, төгрөг чангарч, валютын ханш буурах сайн талтай юм. Энэ нь эдийн засаг харьцангуй тогтворжиж, өсөх хандлагыг илэрхийлж буй аж.
Монгол Улсын эдийн засгийн энэ эерэг үзүүлэлт олон улсын байгууллагын судалгаанд мөн тусжээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангийн энэ оны дөрөвдүгээр сарын шинэ дугаарт “Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8%-ийн өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4%, 2024 онд 6.1%-иар тус тус өсөх төлөвтэй байна” гэдгийг онцолжээ. 2023 оны эхний хоёр сард нийт гадаад худалдааны бараа эргэлт 3.4 тэрбум америк доллар болж экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая америк доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая америк доллароор буурсан байна.