Японы мэргэжлийн сүмод яг одоо барилдаж буй цорын ганц их аварга буюу ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жилийн өмнө 2022 он гуравдугаар сарын башёд түрүүлснээсээ хойш гэмтлийн улмаас сайн барилдаж чадахгүй байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын башёгийн 11 дэх өдрөөс гэмтлийн улмаас цааш барилдах аргагүй болсон. Ийнхүү сүүлийн гурван башёд барилдалгүй өнжөөд байгаа юм. Харин тэрбээр ирэх тавдугаар сарын башёд барилдахаа мэдэгдэж, урьдчилсан тойргийн барилдаануудад зодоглож эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Японы сүмо сонирхогчид болон мэргэжлийнхний дунд Тэрүнофүжи их аварга цаашид амжилттай барилдах уу, тэр 10-аас дээш удаа түрүүлж дай ёкозүна болж чадах уу гэх зэрэг таамаг хөвөрч байна.
Тухайлбал, www.japantimes.co.jp сайтад “Тэрүнофүжи бүх цаг үеийн шилдэгт тооцогдож чадах уу? гэсэн өгүүлэл нийтлэгджээ. Уг нийтлэлд “Их аварга Тэрүнофүжигийн гэмтэл илааршиж, аажмаар хэвийн байдалдаа эргэн орж байна. Тэрбээр ирэх тавдугаар сард болох зуны башёд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Тэрүнофүжи Японы сүмогийн холбоо болон ёкозүнагийн зөвлөлөөс ихээхэн ойлголцол, тэвчээр гаргасан. Тухайлбал, аль аль нь түүнд шахалт үзүүлээгүй. Энэ нь мэдээжийн хэрэг өөр ёкозүна цолонд нэр дэвших хүн байхгүй, Японы үндэсний спорт энэ өдрүүдэд озэки төрүүлэхийг хичээж байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч ийм тэвчээр хязгаартай бөгөөд дөрөв дараалан башёд барилдахгүй өнжих бараг боломжгүй” гэжээ.
Тэрүнофүжи тавдугаар сарын башёд 50-аас доош хувийн амжилт үзүүлбэл башёгийн дараа зодог тайлах асуудал яригдаж таарна гэдгийг ажиглагчид ярьж байгаа аж. Өөдрөгөөр харвал Тэрүнофүжи өмнө нь доод зиндаанд унаад эргэн ирж, их аварга цолд хүрсэн шигээ дахин тэсэрч магадгүй. Гурван түрүү авбол тэрбээр дай-ёкозүна цолны болзол хангана гэж үзэх хүмүүс ч байгаа юм байна. Тэрүнофүжи сүмо бөхийн түүхэнд байгаагүй эргэн ирэлт хийж чадсан тул түүнийг энэ удаа ч бас гайхалтай ёкозүна болох уу, үгүй юу гэдгийг ойрын ирээдүйд таамаглахад бэрх байгаа юм.
Тэрүнофүжийгийн хувьд Японы эзэн хааны цомыг долоон удаа хүртсэн нь тийм ч бага амжилт биш ч Хакүхогийн амжилтын ердөө 16 хувь нь юм. Мөн Асашёорюүгийн амжилтын гуравны нэгд хүрэхгүй. Тэрүнофүжи бэртэл гэмтэл авч, хүнд өвчнөөр өвдөж, окэки цолноосоо доод зиндаанд хүртэл унаж, эргэн дээд зиндаанд гарч их аварга болоход таван жил зарцуулжээ. Хэрвээ анх озэки болоод л цаашид эрчимтэй барилдсан бол өдийд тэр амжилтаараа Важимаг гүйцэж түрүүлэх байсан хэмээн www.japantimes.co.jp сайтад бичжээ.