Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 4 дүгээр сарын сарын 5-ны өдөр хэлэлцжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэв.
Хэргийн сануулахад, Э.Одбаяр нь өөрийн ашигладаг фейсбүүк цахим сүлжээний “Odbayar Demos.mn /зон/” нэртэй пэйж хаягт 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 16 минутад, твиттер цахим сүлжээний “Odbayar Demos.mn /зон/” нэртэй хуудсанд 2021 оны 7 дугаар сарын 31-ний 03 цаг 05 минутад “…Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ…” гэсэн илт худал мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, иргэн М.Бас-Эрдэнэ нарын зурагтай хамт нийтэлж тэдний нэр төр, алдар хүндэд халдаж олон нийтэд тараасан гэмт хэрэгт,
Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Б.Бямбагэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт иргэн Д.Монголхүүг шалган нэвтрүүлэх хэсгийн сканер хаалгаар хүчээр түлхэн гарч авч яван шүүгдэгч хууль сахиулагчдын хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Одбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.