Ирэх жилээс Засгийн газар “Шүд” төсөл эхлүүлэх нь тодорхой боллоо. Үндэсний хэмжээнд аян, хөтөлбөр болж хэрэгжих байх. Тэгэхээс өөр аргагүй болсон гэдгийг цөөн хэдэн тоо, баримтаас харж болно. Шүд цоорох өвчний тархалт дэлхийн улс орнуудын дундаж 40-45 хувь байхад Монгол Улсын дундаж 80-99 хувьтай буюу хоёр дахин их байгаа аж. Энэ бол эрт илрүүлэг, оношилгооны явцад гарсан статистик. 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагдсаны 64 хувь нь хүүхэд. Тэдний 61 хувьд шүд цоорох өвчтэй. Хүн амын дунд, тэр тусмаа хүүхэд, өсвөр насныхны амны хөндийн эрүүл мэндийн асуудал ноцтой нөхцөл байдалд хүрчээ гэсэн үг.
Шүд цоорох өвчнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2000 онд олон шалтгаант халдварт өвчин хэмээн бүртгэсэн байдаг. Шүд цоорно гэдэг халдварт өвчин төдийгүй халдварт болон халдварт бус олон өвчний үндсэн шалтгаан болдог учраас ийн шийдвэрлэсэн аж. Эдүгээ дэлхий нийтээр нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэгээр шүд цооролтыг дурдах болжээ. Монголд ч гэсэн шүд цооролт аюулын харанга дэлдэхүйц ноцтой түвшинд хүрснийг эрт илрүүлэг, оношилгооны явцын үр дүн харуулав. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүр, амны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзах үеэрээ 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган, төлөвлөгөө гаргах үүрэг өгчээ. Эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд санхүүжилт авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжийг судлах, амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар цогц танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг чиглэл болгосон байна.
Энэ хүрээнд нэн тэргүүнд орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах зэрэг асуудлыг шийдэх ёстой. Цаашилбал, хүн амыг эрүүл хоол хүнсээр хангах, байгалийн гаралтай, эрүүл бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх асуудал ч амны хөндийн эрүүл мэндтэй шууд холбогдоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн нэг гол цөм нь эрүүл хүүхэд, эрүүл шүд гэсэн агуулгын дор хэрэгжих учиртай. Хүнс эрүүл байж хүн эрүүл байна. Түүн шиг шүд эрүүл байж хүн эрүүл байна гэж хэлмээр байна.