Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одонт эхчүүдийн хүндэтгэлийн ёслолд оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Алдарт эхийн одонт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ, Энэ хорвоод өнгө нэмсэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ээ. Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилж байгааг хүлээн авна уу. Буурал түүхийн хуудаснаа тодоор тэмдэглэгдэн үлдсэн монгол хатдын агуу үйлс, түүхэн гавьяа, суу билиг, хатан ухаан, хайр энэрэл, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргээр монголчууд бид үеийн үед бахархдаг.
Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд “монгол хатад эмэгтэйчүүд эртний түүхт Монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, хүн төрөлхтний түүхийг бүтээх их үйл хэрэгт зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн тодорхойлсон байдаг. Сэцэн ухаант монгол хатдын эрхэмсэг оршихуйг залгамжлан тээсэн охид, бүсгүйчүүд дэлхий ертөнцөд оюун ухаанаараа тэргүүлж, монгол эмэгтэй генерал, энхийг сахиулагч зоригт бүсгүйчүүд маань даян дэлхийд энхтайвныг тогтоох их үйлсэд хүчин зүтгэж, авьяас билиг, амжилт бүтээл, эр зоригоороо дэлхийд тэргүүлэх болсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна. Ачтай буянтай ээжүүд та бүхний маань халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүйн наран мандаж байдаг. Монголын үзэсгэлэнт сарангоо, биднийг төрүүлсэн ижий Та бүхэн бол энэ хорвоогийн амьд бурхад юм шүү.
“Шүүдрийн дуслыг цуглуулж, мянгантаа цай чанаж өгсөн ч, шүтээн болсон ээжийнхээ ангир уургаа амлуулсан нэгэн шөнийн ачийг хариулж үл чадна” хэмээн бидний өвөг дээдэс сургаж ирсэн. “Ямар хүү төрүүлснээ, ээж минь та хараарай, Ямар хүнээр мануулснаа, эх орон минь та үзээрэй” хэмээн манай ард түмэн шүлэг, дуундаа мөнхөлсөн байдаг. Энэрэлт эхийн ачийг, энэ биеэрээ хариулж үл чадавч эрдэмт хүмүүний биеийг олсон хүн бүр эх орондоо гавьяатай, эцэг эхдээ ачлалтай, үр хүүхдэдээ элбэрэлтэй, гэр бүлдээ түшигтэй хүн байж, ачит эхийнхээ сэтгэлийг дэвтээж, итгэлийг бэхэлж зөв амьдрах учиртай.
Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо, Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон 1,000 дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна. Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амар амгалан, аз жаргалтай гэр бүлээс аливаа улс орны өөдлөн дэвжиж, өсөн мандахын эхлэл тавигддаг. Айл гэрийн аз жаргал бол эцэг хүний ноён нуруу, эх хүний элбэрэл хайр дээр эвлэн тогтдог жамтай. Иймээс эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай. Энэ бол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг бөгөөд эр хүн, эцэг хүний эрхэм үүрэг гэдгийг ямагт санаж явах учиртай. Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.
Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр, хүн бүр ачлалт эх, элбэрэлт хань, энхрий охидоо баярлуулах гэж хичээдэг билээ. Энэ хорвоод ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр баярлуулж, өдөр бүр инээлгэж, аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой гэдгийг энэ өдөр хэлэхийг хүсэж байна.
Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай! Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай!” гэлээ.