“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ анх удаа биржээр, хил нөхцөлөөр арилжаалж, эхний тээвэрлэлтээрээ БНХАУ-ын Ганцмод боомтод амжилттай хүргэжээ. Уурхайн ам нөхцөлөөр тонн нүүрсийг 100-110 орчим ам.доллараар худалдаалдаг байсан бол биржээр худалдаалснаар тонн нүүрс 178.6-179.1 ам.долларт хүрсэн. Энэ үнэ цаашид өснө. Ийнхүү хил нөхцөлөөр өндөр үнээр арилжаалсан нүүрсээ монголчууд өөрсдөө тээвэрлэн хүргэж өгч байгаа нь нүүрсний салбарт шинэ хуудас нээлээ. Нүүрсний үнийг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулан компанийн ашгийн түвшинг нэмэгдүүлж эхэлсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд том амжилт. Энэ нь монгол тээвэрчид нүүрс тээвэрлэж, тухайн тээврийн ашиг Монгол Улсад үлдэх боломжийг нээв. Хамгийн том үр дүн нь нүүрсний олборлолт, тээвэрлэлт, худалдаа арилжаа гээд бүх шатны үйл явц цаашид эрх мэдэлтнүүд, бизнесийн бүлэглэлийнхний ханцуйн дотроо тохиролцдог дамын наймаа байхаа больж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл нүүрсний хэрэг гэдэг луйвар, булхай гарах боломж бүрэн хаагдав.
Өнгөрсөн жилүүдэд нүүрсний салбарын алдагдсан боломжийг тооцох юм бол хэдэн арван тэрбумаар тоологдоно. Уурхайн амнаас нүүрс худалдан авдаг компаниуд хилээр нүүрс тээвэрлэж гаргахдаа гааль, хилийн цэргийн бүртгэл, мэдээллийг устгасан, засварласан, бүртгэхгүйгээр гаргасан, нүүрсний жинг хасаж гаргасан, хоосон гэж бүртгүүлэх замаар албан татваруудаас зайлсхийдэг, үүнд нь төрийн өндөр албан тушаалтнууд, бизнес улс төрийн бүлэглэл гараа дүрдэг бусармаг явдал ужгирсаар “Нүүрсний хулгай” гэдэг хамгийн олон оролцогчтой, хамгийн их хохиролтой дуулиант гэмт хэрэг болсон нь илэрч, өнөөдөр хууль шүүхэд очоод байгаа билээ.
Ийм хулгай гарахгүй байх, гаргахгүй байх боломжтой гэдгийг Хөрөнгийн биржээр хийсэн нүүрсний цахим арилжаа, нүүрс тээврийн зөвшөөрлийн нээлттэй сонгон шалгаруулалт харууллаа. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш гурван сар гаруйхны дотор гарч буй үр дүн. Экспортод гаргах нүүрсийг хөрөнгийн биржээр нээлттэй цахимаар арилжих Засгийн газрын шийдвэр, журам гарснаар сар хүрэхгүй хугацаанд гурван удаагийн арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг худалдаалаад байгаа. Ирэх долоо хоногт дөрөв дэх арилжаагаа хийхээр болжээ.