Нэг. Нээлттэй сонгон шалгаруулалт
Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 89 орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь олон нийтийн анхаарлын төвд байна. Шалгаруулалтыг олон улсын жишигт нийцсэн тест, ярилцлага ашиглан нээлттэй зохион байгуулна. Цаашид тус компанид дарга гэдэг нэршлийг хэрэглэхгүй. Дарга нар давуу эрх эдэлдэг, тусгай хангамж шаарддаг байдлыг зогсооно. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежментийг сайжруулж, гадаад дотоодод өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд ийм өөрчлөлт хийхээс өөр аргагүй гэж үзжээ. Энэ нь төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой, орон тоог цомхон, чадварлаг байлгах тогтолцоо руу шилжүүлэх ажлын эхлэл аж. Өөрөөр хэлбэл, цаашид төрийн өмчит компаниудын хүний нөөцийг олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлдэг болох юм байна. Ингэснээр төрийн өмчит компаниудад улс төрийн нөлөөлөл, намын харьяалал болон танил талаараа ажилд ордог зүй бус жишиг, хандлага үгүй болно. Энэ нь бол төрийн алба болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хувьд зайлшгүй хийх ёстой өөрчлөлт, шинэчлэлт.
Хоёр. Хамаарал бүхий этгээдэд хаалттай
“Эрдэнэс Монгол”-оос эхэлж буй хүний нөөцийн энэхүү өөрчлөлт, шинэчлэл Ерөнхий сайдаас холбогдох сайд нарт өгсөн үүрэг, чиглэлтэй ч шууд холбоотой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байх хугацаанд нь хамаарал бүхий этгээд нь төрийн удирдах албан тушаал хашихгүй, мөн хамаарал бүхий этгээдийнх нь компани тендер, төрийн худалдан авалтад оролцохгүй байх хуулийн өөрчлөлт хийхийг үүрэг болгож, энэ дагуу хуулйн төсөл боловсруулж эхэлсэн гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдэгдсэн. Төрийн алба, төрийн өмчит компаниуд улстөрчдийн ураг, төрлийн алба болж хувирдаг, тендер бүхэнд улстөрчдийн хамаарал бүхий этгээд, эрх мэдэлтнүүдийн гарын хүмүүс ялдаг бусармаг байдлыг хуулиар таслан зогсоохоор зорьж байгаа нь Засгийн газраас гаргаж буй зоримог шийдэл, санаачилга, бодлогын дорвитой алхам гэж болно.
Гурав. Бүтээмжийг нэмэгдүүлэх бүтцийн өөрчлөлт
Засгийн газраас орон нутгийн болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад эхний ээлжинд хийх ажлаараа төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг нэрлэж байв. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын санхүү болон бусад үйл ажиллагаанд нь үнэлгээ хийсний үндсэн дээр дөрвөн хэсэгт хуваан бүтцийн өөрчлөлт хийхээр болсон. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд корпорац болгох саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өнгөрсөн жил гаргасан юм. Мөн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 34 хүртэлх хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд нээлттэй хэлбэрээр арилжаалах чиглэлийг баримталж буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судлах ажлын хэсэг саяхан байгуулагдаад байгаа нь энэ ажлын эхлэл юм.
Дөрөв. Эрх мэдэлтэнд давуу байдал олгодоггүй эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг УИХ энэ сарын 16-нд хэлэлцэх эсэхийг нь дэмжин дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа. Энэ хууль батлагдсанаар төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан дэглэм бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Үүн дээр нэмээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хүний нөөцийн бодлого ил тод, нээлттэй, сонгон шалгаруулалт нь шударга, төрийн өндөр албан тушаалтнууд түүнд нь хуруу дүрдэггүй болох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газар ажиллаж эхэллээ. Энэ бүхний үр дүнд төрийн өмчит компаниуд өрийн хүүдий байхаа болино оо л гэсэн үг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээд 106 төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанид 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн статистик мэдээлэл бий.