Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач, доктор, профессор Жамбалын Энэбиш өөрийн гар дээр буй ном, бүтээл, хөгжим судлалын холбогдолтой өв, баримт сэлтийг Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хүлээлгэн өгчээ. Ийнхүү Үндэсний төв архивын сан хөмрөг үндэсний язгуур дуу хөгжмийн талаар 60 жил судалсан хөгжим судлалын анхны доктор, олон эрдэмтэн, судлаач бэлтгэж, энэ салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан энэ эрхмийн бичсэн 40 боть ном, 50 цагийн хальсны бичлэг зэргийг хүлээн авч, сан хөмрөгөө арвижууллаа.
Доктор, профессор Ж.Энэбиш хэлсэн үгэндээ “Өнөөгийн соёл, урлагийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гал голомт бол Урлаг судлалын сектор юм. Сектор, хүрээлэнгийн эрхлэгч, захирлаар Сономын Лувсанвандан багш ажиллаж байлаа. Лувсанвандан багшийн удирдлага дор Хүннү гүрний үеийн малчин нүүдэлчин Монголчуудын дуу хөгжмийн түүхийг 60 жил судаллаа. 40 боть ном хэвлүүлжээ. Эдгээрийн дотроос “Монгол хөгжмийн их нүүдэл” 5 боть номыг хянан тохиолдуулсан эрдэмтэн багш Л.Дашням багшид баярлалаа. Мөн хугацаанд хээрийн шинжилгээний экспедицэд ажиллаж эх орны 18 аймаг 330 сум бригадаас дуу хуурын олон цагийн бичлэг бэлтгэжээ.
Хилийн чанад дахь гадаад улс орнуудаас тухайлбал: БНХАУ,ОХУ, Тува улс дахь Монголчуудын өв тээгчдээс 8 цагийн бичлэг хийж томоохон сан бүрдүүллээ. Дурссан хугацаанд хийсэн цаасан болон хальсны өвийг Үндэсний төв архивын сан хөмрөгт өвлүүлж байгаадаа нэн баяртай байна. Ялангуяа дээрх өв соёл урлагийн сургуулийн магистр, докторантурт суралцаж байгаа оюутнуудад болон өвлөн тээгчдийн үр хойчид олдошгүй үнэт эх хэрэглэгдэхүүн байх болно. Сонирхогч хэн боловч хүрэлцэн ирж судлахыг урьж байна” хэмээн талархлаа илэрхийлэв.
Хувийн цуглуулга, ном бүтээл, баримтуудаа Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх ёслолд Ж.Энэбиш докторын гэр бүл, үр хүүхэд ах дүүс, СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэн, МУБИС-ийн Хэл зохиолын тэнхим болон урлаг судлалын эрдэмтэн судлаачид, шавь нарын төлөөлөл оролцож, түүний Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өгсөн баримтаар бичил үзэсгэлэнг дэглэж хүндэт зочдод үзүүлжээ.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, профессор Ж.Энэбиш Монголын хөгжмийн урлагийн онолын болон нэрт төлөөлөгчдийн намтар уран бүтээлийн талаар бүтэн жарны турш судалж олон арван бүтээл хэвлүүлсэн юм. Тэрбээр нэрт соён гэгээрүүлэгч С.Лувсанвандангийн нэрэмжит Гоо зүйн дээд шагналтыг 2019 онд хүртсэн юм. Түүний бичсэн “Лувсанжамбын Мөрдорж”, “Сэмбийн Гончигсумлаа”, “Билэгийн Дамдинсүрэн” номууд АНУ-ын Конгресийн номын санд албан ёсоор бүртгэгдэн, дэлхийд данстай болжээ.
Ж.Энэбиш нь 1937 оны 6-р сарын 20-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Монголын соёл, урлаг судлалын тулгын чулууг тавилцсан, олон арван эрдэмтэн судлаачдыг төрүүлсэн нэр урлаг судлаач, багш хүн юм. Түүний хувьд хөгмийн урлагийн анхдагч эрдэмтдийн нэг төдийгүй алдарт Хөгжмийн зохиолч Л.Мөрдөрж, С.Гончигсумлаа, Ц.Дамдинсүрэн, Хуурч Г.Жамьяан нартай маөр зэрэгцэн ажиллаж, шавь нь болж их зүйлийг сурч мэджээ. Тэрбээр хөгжим судлалаар 5 доктор, 50 орчим магистрын ажлыг удирдсаны дотор Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын хөгжмийн суу билэгтнүүд түүний шавь нар юм.



