Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт даваа гарагт өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүслээ. Энэхүү хуулийн төслийн хүрээнд, нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно. Хоёрдугаарт, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно. Гуравдугаарт, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авна.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулахдаа,
-2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш Монголд ирэх жуулчдад хэд хэдэн мэссэж өгнө.
1-рт визийн хамгийн сайн нөхцөлтэй, визгүй ангиллын орон гэдэг ангилалд багтсан гэдгээ олон нийтэд зарлах.
2-рт, Монгол Улсад ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байна гэдэг мэссэжийг ирэх онд Монголыг зорих жуулчдад өгөх зорилгоор 33 зүйл, таван бүлэгтэй хуулийн төсөл боловсрууллаа. Уг хуулийн төслийг дагаж 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Тухайлбал, Зөвшөөрлын тухай, Агнуурын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Төсвийн тухай, Иргэний агаарын тээврийн тухай гэх мэт хуулиудад өөрчлөлт орж байгаа. Үүнээс гадна багц байдлаар гурван хууль өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнд, Казиногийн тухай, Морин бооцоот уралдааны тухай, Төлбөр, тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг багцлан Аялал жуулчлалын багц хууль гэж нэрлэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа.
Аялал жуулчлалын тухай хуулийн гол үндсэн үүргийг аймаг, нийслэлийн ИТХ, аймаг, нийслэлийн Засаг дарга хүлээж байгаа. Энэ юу гэвэл төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлогыг гардан хэрэгжүүлэх эрхийг эдгээр байгууллагуудад, орон нутагт нь өгч байгаа. Одоо та бүхэн мэдэж байгаа, Буйр нуур, Хөвсгөл нуур, Өгий нуурын эргээр дүүрэн дэд бүтэц хөгжөөгүй, жорлонгүй, зах замбараагүй отоглож буудаг энэ асуудлыг цэгцэлж, орон нутаг нь шийдэж өгье. Хоёрдугаарт, дэд бүтцийн салбарт бид шинэ хувьсгал хийе ээ. Жорлонгийн хувьсгал гэж ярьдаг. Аж ахуйн нэгж байгууллагуудын татвар ногдох орлогоос нь чөлөөлье. “00”-ийн асуудлаа шийдсэн аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогоос чөлөөлье гэж Сангийн яамтай татвар ногдуулах концепцийн хувьд их ололттой тохиролцсон. Өөрөөр хэлбэл зам дагуу байгаа бензин колонкуудын эзэд, отоглож буудаг зочид буудал, ресторан, хоолны газруудын татвар ногдох орлогоос боловсон “00” хийсэн тохиолдолд татвар ногдох орлогоос бүхэлд нь чөлөөлж байгаа” хэмээн ярилаа.