Sunday, November 24, 2024

Алаг нүд шиг эх орондоо тэр өнө мөнх оршино

Date:

Цэнхэрийн гол нь алхан хээ шиг урсаж байгаа, тэнгэрийн орондоо тэр аялгуу, дуундаа амьдарч байгаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын 70 насны ойд зориулсан “Баярлалаа” хүндэтгэлийн тоглолтын дуун цэнгүүн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн магнайд Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа нарын нэр хамгийн түрүүнд бичигдэж, тэдний араас Д.Лувсаншарав, Г.Бирваа гээд алтан үеийнхэн алдраа дуурьсган бүтэн жарныг эзэлсэн бол хоёр дахь давлагаа нь 1980-аад оноос Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал тэргүүлэн Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров нарын нэгэн үеийнхэн гарч иржээ. Тэдэн дунд Бямбасүрэнгийн Шарав яах аргагүй өөрийн орон зай, цаг хугацаатай, давтагдашгүй мөнхийн сод бүтээлтэй суутан билээ.

Эдүгээгээс 70 жилийн тэртээ 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Өлзийтийн өвөрт хүннү малчин ард Бямбасүрэнгийн гэрт нэгэн хүү мэндэлсэн нь хожмын суут хөгжмийн зохиолч Шарав байлаа. Хүннү малчин ард гэдэг тодотголыг хөгжмийн зохиолч өөрөө хэлдэг байж. Ахынхаа хэлснээр баян хуур хөгжим дардаг болж ирээд сумынхаа клубт хөгжимдөх хүсэл мөрөөдөлтэй 16 настай хүү анх Улаанбаатарт хөл тавьжээ. Хөгжмийн цагаан толгой анх заалгаж эхлэх үедээ төгөлдөр хуурын товчлуурыг цаасаар зурж, будаж хийгээд түүнийгээ гэрийн унинд өлгөчихөөд ноотоо давтдаг байж…

Энэ мэт дурсамж хөвөрч, дуун цацал ар араасаа эгшиглэсээр. Ая эгшгийг нь ноотлон буулгасан ч өөрөө сонсож амжаагүй бүтээлүүд цөөнгүй бий аж. Суут хөгжмийн зохиолчийн үлдээсэн тийм бүтээлийн дээж “Баярлалаа” тоглолт дээр анх удаа үзэгч, сонсогчдод хүрэв. Тухайлбал, ханийн тухай дууг нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дууч Г.Хонгорзул анх удаа дуулав. “Алаг нүд шиг эх орон” дуугаа Б.Шарав гуай тэнгэрт халихынхаа өмнөхөн “Харанга” хамтлагын дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Лхагвасүрэн, “On and off” продакшны захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн, төгөлдөр хуурч Б.Чинбат нарт захиж өгсөн аж. Уг дууг мөн анх удаа тайзнаа амилуулав. Мэдээж дуучин нь “Харанга”-ын Лхагваа, төгөлдөр хуурч нь Чинбаа.

Нэрт яруу найрагч Д.Сэнгээгийн шүлэг, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн хөгжим “Эх орон” дууг монгол хүн бүр мэднэ. Б.Шарав агсан “Эх орон” шүлэгт аялгуу зохиосныг Төрийн шагналт “Харанга” хамтлаг энэ үдэш амилуулав.

…Тэр өөрөө байсан бол арваннэгдүгээр сарын 13-нд төрсөн өдрөө тайзан дээр ёслол төгөлдөр тэмдэглэх байсан нь гарцаагүй. Тэр Хөдөлмөрийн баатрын алдраа, тэр ч байтугай 2006 онд хүртсэн “Чингис хаан” одонгоо ч ёслон тэмдэглэж амжаагүй… хэмээн хөтлөгч өгүүлэхэд зритель санаа алдах мэт чив чимээгүй. Тэр өөрөө өдгөө үгүй ч уран бүтээлийн хамтрагчид, найздаа, хөгжмийн зохиолчдоо, эрхэм ахдаа, багшдаа гэсэн олны сэтгэл, хайр энэрэл хуралдан чуулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсэн дуунуудыг нь дуулж, гайхамшигт аялгуу тансаг хөгжмийн бүтээлүүдийг нь эгшиглүүлэн “Баярлалаа” нэртэй хүндэтгэлийн тоглолтыг нь зохион байгуулж буй нь энэ ээ.

“Баярлалаа” тоглолтын төгсгөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэл, нэрт яруу найрагч Тангадын Галсангийн шүлэг “Аав, ээж хоёр минь” дууг нь тоглолтод оролцсон бүх дуучид хамтран дууллаа. Эдүгээ 91 нас сүүдэр зооглож буй Тангадын Галсан найрагч тайзнаа морилон гарч ирж хүндэтгэл үзүүлэн, үг хэллээ. Тэрбээр,

“Сайн хүн улс үндэстэнтэйгээ адилхан байдаг юм байна. Модун хаанаас хойших монгол хүнтэй Шарав маань адилхан хүн байлаа. Шарав эх оронч сэтгэл зүрхээ хөгжмийн аялгуугаар эгшиглүүлж, тусгаар тогтнолынхоо нэгэн шүншигийг бүтээснийг өнөөдөр амилуулав. Бас өнөөдөр Шаравыгаа авьяас билгээр нь амилуулж байгаа та бүхэндээ баяр хүргэе. Уржигдар Шаравын маань хүүхдүүд надад заллага айлтгалаа. Тэгсэн чинь шөнө үүрээр дөрвөн цагт шүлэг орж ирлээ. Тэр шүлгийг уншъя” гээд шүлгээ дуудлаа.

Далай авьяаст, тэнгэрлэг Шаравынхаа 70 насны ойд нулимсаараа урсгасан шүлэг

ЦЭНХЭРИЙН ГОЛ

Морьтны нутгийн газрын зургийг дэлгээд хар даа

Цэнхэрийн гол алхан хээ шиг урсаж байгаа

“Монголын нууц товчоо”-г дэлгээд хар даа

Сэнгүр гэж босоо бичгээр таталгасан байгаа

Цэнхэрийн гол энхэр гол

Чингис Богдын буурьтай Сэнгүрийн тал

Өнөөгийн бидэнд бол үлгэр домгийн тайз

Өрнө, дорнынхонд бол үл гуядах түүхийн пайз

Ангир аагисан бишгүүр голыг

Ариун Хэрлэний цутгуур голыг

Галуу ганганасан жимбүүр голыг

Гал үдийн халуунд сэвэлзүүр голыг

Цэнхэрийн гол гэж дуунд аялдаг юм

Сэнгүрийн тал гэж симфони нүргэлдэг юм

Нугас нуугисан жигүүр голыг

Нутгаа санахуй хуур, цоор голыг

Цахлай царгисан чандмана голыг

Чагтлан хүйнд уяатай зэндмэнэ голыг

Цэнхэрийн гол гэж уулс, үүлс дуулдаг юм

Сэнгүрийн талыг бүү хөнд гэж аянга нүргэлдэг юм

Болжмор жиргэсэн болор гол та

Боржигин омогшсон молор гол та

Наян хэлийн шувуудын дуурь гол та

Наран саран хайлсан тууль гол та

Цэцэгтэй талдаа жирмийн сүлжээтэй

Чингис удмын сэтгэлийн аргамжаа даа

Амрагтаа яарсан эрийн хүлгийн ергөө дөө

Ангарагт дуурсах ая эгшгийн солонгон хүрхрээ дээ

Ийнхүү Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн оргил, суу билэгт хөгжмийн зохиолчоо дурсан хүндэтгэсэн эхний үдшийн дуун жигүүртэй тоглолт өндөрлөв. Маргааш орой нэрт хөгжмийн зохиолчийн хөгжмийн бүтээлийн хүндэтгэлийн тоглолт болно. Сэрсэн талдаа Сэтгэлийн эгшигээ дуурьсган, Алаг нүд шиг эх орондоо тэр өнө мөнх амьдарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...