Saturday, June 7, 2025

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг “Улирал ба зохиолч” сэтгүүлд олголоо

Date:

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг гардуулах ёслол өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Ард түмний хайртай найрагчийн мэндэлсний 85 насны өндөр их ойг нь таширлуулан ийнхүү Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналын эзнийг тодруулсан байна. Энэхүү хүндтэй шагналыг энэ удаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаагийн эрхлэн гаргадаг “Улирал ба зохиолч” сэтгүүлд олгохоор шийдвэрлэжж. Шагналыг “Шаравын Сүрэнжав” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Лүндэг, монголч эрдэмтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, доктор Мацуда Таданори, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Хишигсүрэн нар Д.Нямаа найрагчид хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Их найрагчийн нэрэмжит шагналыг хүртэж буй “Улирал ба зохиолч” сэтгүүл 12 жилийн турш улирал бүр тасралтгүй гарч байгаа уран зохиолын төрөлжсөн сэтгүүл юм.

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг түүний үр хүүхдүүд нь санаачилж “Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог шийдэл бүхий бүтээл”-д олгож байхаар шийдвэрлэсэн бөгөөд анхны шагналыг нь 2017 онд Ш.Сүрэнжав найрагчийг сэрүүн тунгалаг ахуйд “Улаанбаатар” их сургуулийн багш, хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаад олгож байжээ.

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын олон зуун, шүлэг найраглал хийгээд “Хэрлэнгийн барьяа” роман, “Нутгийн цэнхэр уулс”, “Хөх тэнгэрийн хур”, “Дуулганд ургасан цэцэг”, “Онгодын цагаан хүлэг” тэргүүтэн яруу найргийн түүвэр, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамжийн номоороо монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Нэрт найрагчийн эрийн гурван наадмын тухай өгүүлсэн уран сайхны киноны зохиолоор нь “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино бүтээсэн юм. Мөн их найрагчийн шүлгээр бүтсэн “Арав дахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо…”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” зэрэг олон арван дуу монгол түмний зүрх сэтгэлийн хойморт эгшиглэсээр байдаг билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ