Monday, November 25, 2024

Хоол хүнс тогтвортой хөгжлийн үндэс болжээ

Date:

Олон нийтийн газар бэлтгэсэн хоол, хүнс худалдан авах нь орчин үеийн хотын хэмнэл, соёлын нэг хэсэг болжээ. Цар тахал, хөл хорионоос улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, хүнсний сүлжээ доголдсон.
Нөгөөтэйгүүр, дэлхийн хүн амын өсөлт газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлж, үйлдвэржүүлэх тутам хүнсний аюулгүй байдал алдагдаж эхэллээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт ч сөргөөр нөлөөлж байна. Хоол, хүнсээр дамжих өвчлөл арван жилийн хугацаанд бүх тивд эрчимтэй нэмэгджээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар жил бүр 420 мянган хүн химийн бодисоор бохирдсон хоол, хүнс хэрэглэснээс нас бардаг.
Үүний 40 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ тоо баримт хүнсний салбар бизнесээс хальж, шийдвэр гаргагчид, хамтын ний­гэмлэгийн тэр­гүүлэх чиглэл, хүн төрөлхтний тул­гамдсан сэ­дэв болсныг илтгэнэ. Хүнсний аюулгүй байдлын са­наачилгыг хөг­жүүлэх, улс дэл­хийн хэмжээнд хэрэгжүүлэх эрх­тэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн бай­гууллагаас Дэл­хийн хүнсний аюулгүй байдлын өдрөөр буюу зургадугаар сарын 7-нд тусгайлан мэдэгдэл гаргасан. Энэ нь хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуйн хөгжилд чиглэсэн бодлогын хэрэгжүүлэлтэд дэмж­лэг үзүүлэх зорилготой юм. Уриал­гыг Дэлхийн эрүүл мэндийн байгуул­лага, НҮБ-ын гишүүн орнууд болон бусад холбогдох байгууллага дуу нэгтэй дэмжжээ. Товчхондоо, бидний ширээн дээрх хоол, хүнс дэлхийн тогтвортой хөгжлийн тулгуур боллоо. Ургац хураах, боловсруулах, хадгалах, түгээх, бэлтгэх, хэрэглэх хүртэлх бүх үе шатанд чухал учраас үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч, импортлогч улс бүр анхаарал хандуулах ёстой. Хүнсний аюулгүй байдал фермээс эхэлж, хэрэглэгчийн ширээн дээр дуусдаг үйл явц юм. Харамсалтай нь, хүнсний бизнес эрхлэгч, хэрэглэгч аль аль нь өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах үүргээ ухамсарладаггүй. Ялангуяа хөгжиж буй орнуудад хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, худалдах, бэлтгэхдээ эрүүл ахуйн үндсэн дүрмийг сахихын ач холбогдлыг дутуу үнэлдэг.

Дэлхий дахинд үүссэн хүнсний бүтээгдэхүүний ханшийн өсөлт, хомстол Монгол Улсыг “Хүнсний хувьсгал” эхлүүлэхэд нөлөөлсөн. Манай улс хүнсний аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд анхаарч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэ­дээлэл хийж, улс орон даяар “Хүнсний хувьсгал” эхлүүлсэн билээ. Дэлхийн долоон тэрбум хүнээс 1.6 тэрбум нь биднийг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхий хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд хүнсний асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой. Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа зах зээлд гарч, органик хүнс экспортлогч улс болох боломж бий. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа.

Монгол Улс өнөөдрийн байдлаар мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ л дотоодоосоо 100 хувь хангадаг. Тиймээс ирэх таван жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болох зорилт тавьж уг тогтоолыг боловсруулжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд ирэх таван жилд нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм.
Статистик үзүүлэлтээс харахад 1350 импортлогч 84 улсын 4800 нийлүүлэгчээс 420 төрлийн хүнсний бараа жилд импортолж байна.
ОХУ, Украины асуудлаас үүдэн ургамлын тос, элсэн чихэр үр тарианд квот тогтоогдож, экспортын татвар өссөн нь нийлүүлэлтийн эрсдэлийг үүсгэх төлөвтэй болжээ. Мөн Европын холбоо ОХУ нутаг дэвсгэрээр дамжуулан сүү сүүн бүтээгдэхүүний транзит тээвэр хийхийг хориглосон нь өртгийг дунджаар 27 хувь өсгөж байгаа аж. Гадаад дотоодод үүссэн эдгээр нөхцөл байдал яах аргагүй мон­голчуудад айлаас эрэхээр авдраа уудлахыг сануулж байна.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин. Х.Эрдэнэзаяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...