Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Төрийн тэргүүн илтгэлдээ “Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал үндэстэн хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм. Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн.
Энэхүү санаачилгын нэг зорилт нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болно. Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж бий. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 2021 онд гэхэд нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон. Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд та бүхний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон.
Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын сүүгээр боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүйг бид мэднэ. Аль юм болгон бид айлаас гуйж амьдрах вэ. Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил, дэвшлээс ухарсан хэрэг юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай. Хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай болжээ. Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгааг харуулж байна. Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой. Үүнд төр, засаг, ард түмнээрээ анхаарлаа хандуулцгаая. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна. Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой” гэдгийг онцолсон юм.