УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр 10 цаг 05 минутад гишүүдийн 80,1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар оролцов. Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. (бүрэн эхээрээ эндээс) Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, гадаад орчин эмзэг байгаа энэ үед бидний монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна. Мэдээллийн дайны энэ эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давлагаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүйг онцгойлон анхааруулсан.
Мөн олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь инфляцын хөөрөгдөл, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна. Иймд төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляц, эдийн засгийг зөв удирдах шаардлагатай гэв.
Эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайх хэрэгтэй гэдгийг дурдаад хоёр хөрш болон дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон эдийн засаг, улс төрийн сайн харилцаагаа идэвхжүүлэх, боломжийг бодит ашиг, үр дүнд хүргэхэд чиглэсэн зөв бодлогыг яаралтай боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэйг мэдэгдлээ.
“Шинэ сэргэлт”-ийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье. Энэхүү бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот-хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болгох хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг даван туулахад чиглэсэн. Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал 3 дахин, эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэх юм. Товчоор хэлбэл Монгол Улс шинэ сэргэлтийн сэргэн мандлын замд гарна. Тиймээс бодлого баталсандаа санаа амарч, тайвширч, алгуурлаж сууж хэрхэвч болохгүй гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн тэрбээр, 2020 оны сонгуулиар сонгогч олны итгэлийг хүлээн сонгогдсон Та бидний бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орлоо. Шийдлээ хүлээсэн бодлого, шийдвэр, эрх зүйн реформын олон асуудлууд өмнө минь байна. Тиймээс илүү идэвх санаачилгатай байж, амралт алжаалыг хойш тавин зүтгэх шаардлагатай байгааг гишүүдэд анхааруулаад энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно. Улмаар эдгээр хоёр үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ нь парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухай асуудал гэдгийг тодотгосон.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл юм. Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал юм. Тиймээс Улсын Их Хурлаас тусгайлан ажлын хэсэг байгуулж, тус банканд хяналт шалгалт хийж байна. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол хийхээр товлосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болох ёстой.
Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно. Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэж байлаа.
Г.Занданшатар дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, монголчууд бид нэгдмэл үнэт зүйлстээ тулгуурлан, эвийн хүчийг эрхэмлэн, Монголоо мандуулах түүхэн цаг ирснийг тодотгоод үүнтэй холбогдуулан “Монголоо мандуулъя” төслийг эхлүүлэхээр болсныг дуулгаад энэхүү аяныг хот хөдөөгүй монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалав.
Энэ хаврын чуулганаар 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан 55 асуудлыг хэлэлцэх юм. Үүнд,
1/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
3/Газрын багц хуулийн төсөл;
4/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
7/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл;
9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
12/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл;
14/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
15/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
16/Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл;
18/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
20/Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
21/Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
22/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
23/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
24/Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл;
25/Төрийн өмчийн тухай хуулийн төсөл;
26/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
27/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
28/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл;
29/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;
30/Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
31/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
32/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
34/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
35/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
36/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;
37/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
38/Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл;
39/“Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
40/Улс төрийн намын тухай хуулийн төсөл
41/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
42/Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
43/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл;
44/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
45/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
46/Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
47/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
48/Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
49/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
50/Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
51/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
52/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
53/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
54/Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;
55/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.
Маргааш Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ахмад настны хуулийн хэрэгжилтийн талаархь ажлын хэсгийн хуралдаантай юм байна.