Уншигч олонд “Хөлгүй цэнхэр нуур”, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороо” тэргүүтэй ном, “Хөлгүй цэнхэр нуур, “Би нар”, “Гэргий” уран сайхны кино, “Сэтгэл мэднэ”, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит кино, “Хүйтэн сэтгэл”, “Хүний үнэр” телевизийн жүжиг зэрэг олон арван зохиол бүтээлээрээ оюуны таашаал хүртээж, ухаарал хайрласан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Программын нэгдсэн захиргааны дарга Магваны Эрдэнэбаттай ярилцлаа.
-Таны зохиол бүтээлийг уншигч, сонсогч, үзэгчид болон хамт олны тань өмнөөс Сар шинийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд баяр хүргэе. Их олон хүн таныг Төрийн дээд энэ цолыг хүртээсэй гэж хүлээж байсан байх. Мөн “Магваны Эрдэнэбат одоо л гавьяат болж байгаа юм уу, аль эрт авчихсан гэж бодсон” гэсэн хүмүүс ч байна?
-Хөөрч баярлахаасаа илүү гайхаж, эргэлзэж би юу хийж бүтээв, цаашид юу бүтээх билээ гэж боддог юм билээ. Энэ сайхан шагналыг хүртсэндээ баяртай байна. Эрдэнэбат гэдэг уран бүтээлчээс гадна миний ажил амьдралаа зориулж буй МҮОНРТ, хамт олныг давхар үнэлсэн гэж бодож байгаа.
Яагаад гэвэл телевиз, радиогийн бүтээл найруулагч, зураглаач тэргүүтэй олон уран бүтээлч, ажилтны хамтын бүтээл байдаг. Намайг уран зохиолоос гадна телевиз, радиогийн бүтээлүүд минь олны танил болгосон юм болов уу.
Монголын төр, ард түмэн намайг үнэлж, уран бүтээлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх үүрэг оногдож байна. Олны энэ их хайрыг цаашдаа дааж амьдрах хэрэгтэй, тэгэхийн тулд цаашдаа улам сайн уран бүтээл хийх даалгавар ирж байна. Өнөөг хүртэл хийсэн бүтээсэн бүхнээсээ давсан уран бүтээл олныг хийгээрэй гэж надад их итгэл даалгаж байна гэж бодсон.
-Хүний эцэг, эхийн нэр үргэлж үр хүүхэдтэйгээ хамт явж байдаг. Та аавынхаа ч нэрийг төрдөө “үнэсүүллээ”. Аавынхаа тухай дурсаач?
-Миний аав Магван Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул хүн. Миний ээж Оюун Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул. Би айлын ууган хүүхэд, хоёр дүүтэй. Миний аав малын эмч хүн байсан их залуугаараа бурхан болсон. Залуу насандаа аавыгаа их үгүйлдэг байлаа. Амьдрал гэдэг их гунигтай эд. Хорвоо эхэлдэг төгсдөг, төрсөн нь үхдэг, уулзсан бол хагацдаг, баяжсан бол хоосордог гээд арга билэг дээр явж байдаг. Үүнийг нь бодохоор их уйтгартай. Тэглээ гээд амьдрал уйлаад гуньж гутраад байх шалтгаан биш. Хорвоотой эвлэрэхээс өөр аргагүй.
Одоо бол би аавынхаа насыг өнгөрөөд явчихлаа. Би өдий дайтай явааг бодоход аав, ээж минь намайг өр нимгэн, бусдын төлөө зүтгэх сэтгэл зүрхтэй хүн болгож хүмүүжүүлж дээ. Олон дунд хоолоо олоод идэх ухаан заяасан ээж, аавдаа баярладаг.
-Говь-Алтай аймаг шийдмэг, ноён нуруутай эрчүүдээрээ болон зохиолчдоороо алдартай. Би таныг аль аль ангилалд нь багтана гэж боддог?
-Говь-Алтай Засагт ханы гал голомт л доо. Хуучин Баянхонгор, Завхан аймгийн тал, Говь-Алтай аймаг бүхэлдээ Засагт хан гэж явдаг байсан. Засагт ханы гол хошуу одоогийн Говь-Алтай аймгийн төвд Дэлгэр, Тайшир хавьцаа нутагт байдаг. Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романд “Засагт ханы хөх харчуул хэцүү дээ” гэдэг. Энэ дүрийнх нь амнаас санамсаргүй гарчихсан үг биш. Ч.Лодойдамба гуайн тодорхойлсон тодорхойлолт. Би Засагт ханынханаа магтаад яривал зөндөө л зүйл байна. Говь-Алтайнхан өөрийн бодолтой, амьдрах арга ухаантай улс. Байгаль цаг уурын хувьд хангайтай адилгүй, зүйрлэхийн аргагүй хатуу ширүүн уур амьсгалтай орчинд амьдарч ирсэн. Уул, говь, тал хээр нутагтай, хавар намартаа шуурна, өвөл нь их хүйтэрнэ. Түүнийгээ дагаад цас их, явдал суудал ихтэй. Хангайд аргалаа голоод түлдэггүй бол Говь-Алтайн тийшээ аргал гэдэг нүдний гэм. Түлээ түлш олж бэлтгэх, мал ахуйгаа туун маллахад тийм ч таатай газар нутаг биш. Гэхдээ л тэр хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицоод амьдраад сурчихсан учир Говь-Алтайнхан тэсвэр тэвчээртэй, ажилсаг, гүйлгээ ухаантай. Тийм л хүмүүсийг харж өссөн учраас сайн зохиолчид, эрдэмтэд, цэргийн жанжин, генералууд, улстөрч, бизнесмэн төрдөг байх.
Ямар сайндаа Сономын Лочин гуай “Манай Говь-Алтай хамгийн олон зохиолчтой газар. Гурван сайн зохиолчтой, гурван зуун муу зохиолчтой” гэсэн байдаг. Гурван сайн нь хэн бэ гэхээр Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж. Гурван зуун муу нь Санжийн Пүрэв, Далхаагийн Норов бид нар шүү дээ” гэж ярьж байсан.
-Түүхийн талаас ч хүнд цаг үеүдийг туулсныг архивын баримт, уран зохиолд тэмдэглэж үлдээсэн байдаг?
-Халхын зах хязгаар нутаг, цаашаа Шинжаан, Уйгар, Хятадтай, Хойшоо Ойрадтай хиллэдэг байсан. Баруун хилийн тулгаралт, хил дамнасан нүүдлийг үзэж, үдэж өнгөрүүлсэн ард түмэн. Түүнээс улбаалаад олон домог гарсан. Их эртний түүх яривал Чингисийн есөн өрлөгийн нэг Хүлэг Боорчид энэ газар нутгийг захиран хариуцуулж өгч байсан түүхтэй юм билээ. Эзэн Чингистэй холбоотой маш олон түүх дурсгал үлгэр домог бий. XII-XIII зуунаас эхтэй түүх одоо болтол яригддаг.
Өргөн уудам тал, говь, өндөр их уултай эрс тэс уур амьсгалтай. Зун хөрсөн дээрээ 40 хэм хүртэл халдаг хэрнээ уулынхаа хярд цастай байдаг. Газар орноосоо мөн түүхийн зовлон жаргал үзчихсэн учир манай нутгийнхан нутаг сэтгэлтэй улсууд байдаг.
-Таныг уран зохиолын ертөнцөд оруулсан, гараас тань хөтөлж явсан багш тань хэн бэ?
-Би ахлах ангид байхдаа л юм хум бичдэг байсан. Загдын Түмэнжаргал зохиолчтой учирч, тэр хүнд л анх шүлгээ үзүүлэхэд намайг урмаар тэтгэж, “Наад хүнд үзүүлдэггүй зүйлсээ хүмүүст уншиж өгч бай” гэж хэлж нүүрийг минь хагалсан. Тэгж л би тугалын бэлчээрт хүрсэн учир Загдын Түмэнжаргал зохиолчийг багшаа гэж хүндэлж бахархаж явдаг.
Миний багш Монголын дууны шүлгийн их мастер Загдын Түмэнжаргал дууны шүлгийг үнэхээрийн урладаг хүн байсан. Тэр хүний хажууд би олон жил болсон. Энэ хүний хажууд байсных хүн голохооргүй хэдэн дуутай. Дуу хувь заяа нь их сонин. Нээх сайхан дуу гардаг юм тэгсэн мөртлөө амьдардаггүй. Зарим заа яахав дээ гэсэн дуу сүрхий амьдраад яваад байдаг. Хүүхэд нь ямар хүн болохыг эцэг эх хараад мэддэггүйтэй адил зөвхөн дуу ч гэлтгүй уран бүтээл бүр өөрийн хувь заяатай. Зохиолч дууны шүлэг, өгүүллэг, зохиолоо дуусгаад эцсийн цэг хатгаад хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гээд тухайн уран бүтээлийнхээ хувь заяанд нь даатгадаг. Уран бүтээл бүр өөрийн замналтай. Зарим нь магтагдаж байгаад мартагдана, зарим нь алга болж байгаад гараад ирнэ.
-Радио, телевизийн салбарт таныг оруулсан эрхэм хэн байв?
-1995 онд л доо, би Арлааны Эрдэнэ-Очир найзтайгаа уулзсан юм. Бид хоёр хорин хэдэн настай ч А.Эрдэнэ-Очир маань намайг бодвол нэрд гарчихсан найрагч байлаа. Би “Монголын радиогийн Пүрэвжавын Баярсайхан зохиолчийг танина” гээд намайг дагуулаад явлаа. Намайг өгүүллэг бичдэг болохоор өгүүллэгийн зохиолч дээр дагуулж очиж байгаа юм. Уулзаад бичгийн машинаар цохчихсон зургаа, долоон өгүүллэгээ П.Баярсайхан зохиолчид өглөө. Уншаад болж байвал ажилд авнаа гэсэн. Хэд хоногийн дараа “Чамайг ажилд авахаар шийдсэн” гэж хэлсэн. Бодвол миний хэдэн өгүүллэг тэр аварга зохиолчид таалагдсан юм байлгүй. Тэгж радио, телевизтэй амьдралыг минь холбож өгсөн хүн бол Пүрэвжавын Баярсайхан. Амьдралыг нарийн ширийн мэддэг, хурц уран сэтгэдэг үнэхээрийн аварга зохиолч л доо. Уран зохиол авьяас, хөдөлмөр дээр тогтдог гэдэг. Харин Пүрэвжавын Баярсайхан зохиолч авьяас хөдөлмөрөөс гадна төрөлхийн ухаан, манёвртай, хувирч чаддаг. Энгийн зүйлсээс үнэ цэн гоо сайхныг олж хардаг билгийн нүдтэй зохиолч. Пүрэвжавын Баярсайхан шиг сийрэг бичдэг зохиолч одоо ховордчихоод байна уу даа гэж харагддаг.
Дүгнэж хэлэхэд намайг өдий дайтай хүн болоход тусалсан ачтан бол уран зохиол. Уран зохиолоор дамжуулаад зохиолчид. Манай Загдын Түмэнжаргал багш Төв аймгийн Угтаалцайдамынх, Пүрэвжавын Баярсайхан зохиолч Завханы Идэрийн хүн. Уран зохиолоор л дамжиж олон сайхан хүнтэй уулзаж, тэднээс урмын үг сонсож, аугаа их Тангадын Галсан, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн, Очирбатын Дашбалбар тэргүүтэй зохиолчид таалагдаж, дагаж, суралцаж, уншиж, бичиж өдгөө уран зохиолын буянаар төрийн хайр хишиг хүртээд сууж байна. Би өнгөрсөн болоод одоо үеийн уран зохиолчидтой найз нөхөд, ах дүүс. Өнөө цагийн уран зохиолчидтой амьдралын сайхан найзууд. Тэдэнтэйгээ мөр зэрэгцээд ажиллаад, туурвилаа хийгээд явж байна.
-Төрийн дээд цолонд хүрэх мөчдөө Жамъянгийн Болд-Эрдэнэ, Арлааны Эрдэнэ-Очир тэргүүтэй найзынхаа үгээр дутаж, санаж гансарсан уу?
-Тэгэлгүй яахав ээ. Муу найзууд маань байсан бол гэж бодогддог л юм билээ. Жамъянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга бид нар төө зайгүй үерхэж нөхөрлөдөг байлаа. Болд-Эрдэнэ, Уянга хоёр надаас хэд ах л даа. Гэхдээ цуг дэгэж дэврээд л явдаг байв. Мань мэт 1990-ээд оны эхээр дөнгөж уран зохиолд хөл тавьж байхад Болд-Эрдэнэ, Уянга аль хэзээний танигдчихсан, том яруу найрагч болчихсон байлаа. Тэднийгээ дагаж Улаанбаатар хоттой, цаашлаад уран зохиолын том ертөнцтэй танилцсан.
Авьяастай, тийм их халгисан цалгисан улсууд “шатаад” дуусчихдаг, их богинохон насалдаг юм байна гэж харамсдаг. Би түрүү хэлсэн дээ. Амьдрал их гунигтай эд гэж. Цэл залуугаараа одсон найз нөхдөө дурсах гунигтай байдаг.
-Зохиолч хүний хөдөлмөр бэрхэд тооцогддог. Ажлынхаа хажуугаар зохиол бүтээлээ туурвих нь хоёр ажил эрхэлж буйтай ижил хэмжээний хөдөлмөр зарцуулдаг гэдэг. Тэр дундаа радио, телевизийн ажил цаг нарт захирагддаггүй. Таны хувьд ажлынхаа хажуугаар хэрхэн уран бүтээлдээ цаг зав гаргаж байна?
-Уран бүтээлийн дайсан бол ажил байдаг. Ажлаа хийхгүй байя гэхээр мөнгөгүй болчихно. Ажлаа хийгээд байя гэхээр уран бүтээлгүй болчихно. Тиймээс ажлаа ч, уран бүтээлээ ч амжуулж л байна. Хүнд дэмий зүйлсэд зарцуулдаг цаг хугацаа байдаг. Түүнийгээ л уран бүтээлдээ зарцуулвал их зүйл хийх юм билээ.
Ялангуяа Монголд зохиолч хүн цэвэр уран бүтээлээрээ амьдралаа авч явах боломж хомсхон. Байх нь бол байгаа, би Г.Аюурзаныг цэвэр уран бүтээлээрээ явж байна уу даа гэж хардаг. Манайх хүн ам цөөн, зах зээл жижиг. Харин хэдэн арван сая, зуун сая хүн амтай улсад бол номын борлуулалт өндөр. Хуучин бол улсаас зохиолчдынхоо номыг нь хэвлэдэг, хэвлэснийхээ төлөө зохиолчдоо мөнгө олгодог байсан. Одоо бол зохиолч өөрөө хэвлэлт, тараалт, түгээлтийн зардлаа гаргадаг. Тиймээс ажлынхаа хажуугаар зохицуулаад уран бүтээлээ хийхээс ч өөр аргагүй.
Үүнээс гадна миний хувьд хар багаасаа зүтгэчихсэн учраас радио, телевизийн салбартаа хайртай, орхиж чаддаггүй. Учир нь дандаа авьяастай хүмүүсийн дунд амьдардаг. Ажил амьдралын, уран бүтээлийн маш их олж омог олдог. Хүмүүс ажлаа хоёр дахь гэр орон гэдэг бол телевиз, радиогийн уран бүтээлчдийн хувьд хонож ажиллана, амралтын өдрүүдэд ч ажилтай таардаг болохоор ажил нь гэр байдаг. Өдгөө олон телевиз, радио бий. Гэхдээ хөрс нь энэ л өндөр антены дороос гарсан шүү дээ. Энд л бэлтгэгдсэн уран бүтээлчид өөр өөр байгууллагад очиж ахалж ажиллаж байна.
Миний хувьд үндэсний радио, телевизийнхээ хуучны сайхан уламжлалыг хадгалж, залуу уран бүтээлчиддээ өвлүүлчих юмсан гэж хүсдэг. Жишээ нь, телевизийн жүжгийн уламжлалыг таслалгүй үргэлжлүүлэхээр зохиолоо барьж аваад ажиллаж байна.
-Нэгэн сэтгүүлч, редактор “Магваны Эрдэнэбатын өгүүллэгүүд богино хэрнээ их гүн утгатай. М.Эрдэнэбат бол орчин цагийн өгүүллэгийн мастер” гэж гэж бичсэн байсан. Олон ч хүн санал нийлэх байх.
-Миний бичсэн бүтээлүүд жижигхэн орон зайд санаагаа базаад төгсчих гээд байдаг. Миний бичлэгийн онцлог л байх. Хүн намайг нүүрэн дээр магтахаар таатай байдаггүй. Эргэлздэг гайхдаг ичдэг. Намайг мундаг үнэлсэнд баярлаж байна. Намайг магтсан халуун дулаан сэтгэл, надад хайрласан урмын үгний хариуг уран бүтээлээрээ барихыг л боддог. Магтаалд догдолдоггүй хариуцлага гэж боддог учир сэтгэлийг нь гонсойлгохгүй уран бүтээл хийхийг чармайдаг.
-Төрийн дээд цол, шагнал авсан хүмүүс үзэгч түмэндээ тоглолтоо хийдэг. Танд тоглолт хийгээч гэсэн хүсэлт, санал хэр ирж байна?
-Би 2012 онд “Ub palace”-т “Хөлгүй цэнхэр нуур” тоглолтоо хийсэн. Одоогоор санал ирээгүй байна. Ажлын хамт олон, ах дүү, найз нөхөдтэйгөө хамт цай уух ёстой байх. Тэгэхдээ уран бүтээлийнхээ тайланг хийнэ гэсэн төлөвлөгөө бий. Тоглолт гэхээсээ илүү ном зохиолоо хэвлүүлж, түмэн олондоо хүргэхийг зорьж байна.
–Ойрын хугацаанд уншигч, үзэгчиддээ хүргэх бүтээлүүдээсээ бага сага танилцуулж болох уу?
-Монголын радиод ч тэр, телевизэд ч ажиллаж, халуун залуу насаа үдсэн учраас Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88 жил, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойдоо зориулж “Хүйтэн бороо”, “Хүний үнэр” теле жүжгийнхээ үргэлжлэл болгож, дахин теле жүжиг туурвих хүсэл бий. Би жилдээ 2-3 баримтат кино хийдэг. Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жил, Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагад элссэний 60 жилийн ойн хүрээнд гээд төр засгийн холбогдолтой баримтат кинонууд хийсэн байна. Энэ жил “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв, “Бурхан буудайн хөх салхи” Мишигийн Цэдэндорж гэсэн хоёр баримтат кино хийхээр төлөвлөсөн.
Санжийн Пүрэв хэмээх агуу зохиолчийн 80 насны ой тохиож байна. Монголын уран зохиолд Санжийн Пүрэв гуайн бүтээсэн зүйл нүсэр их. 32 ном хэвлүүлсний 10 гаруй нь роман. Энэ бүхнийг аль чадахаараа багцлаад, багтаагаад баримтат кино хийе гэж бодож байна.
Мөн Монголын их эрдэмтэн, МҮОНРТ-д ч ажил, амьдралаа зориулсан Мишигийн Цэдэндорж гуайн 90 насны ой тохиож байгаа. Амьдарч ахуй хугацаандаа арилшгүй мөрөө үлдээсэн ч эгэл даруу хүн байсан болохоор судалгаа их орж байна. Хоёр том зохиолчийн тухай баримтат киноны маань судалгаа хийгдээд, зохиол бичигдэж байгаа.
Үүнээс гадна богино өгүүллэгийн түүвэр номоо гаргах гээд бэлтгэж байна. Урам зоригтой байгаа энэ үе дээрээ зохиол бүтээлүүд дээрээ төвлөрье гэсэн бодолтой байгаа. Роман ч болчхоор тууж барьж авсан. Би уран зохиолд их залуугаасаа ороод богинохон бичээд сурчихсан. Энэ маань нэлээд тээг болж байна. Би жижигхэн орон зайд үг, утга хоёроо шахаж бичдэг. Ингэж бичээд сурчихсан хүнд дэлгэрэнгүй бичих гэхээр уйтгартай ч юм шиг, баахан юм биччихээд эргээд харахад “ус”-аар дүүргэчихсэн ч юм шиг санагдаад эргэлзээд байдаг тал бий.
Гэхдээ хүссэн ч, эс хүссэн ч миний урт хэмжээний, туульсын том бүтээл хийх нас ирсэн. Үүндээ ч төвлөрнө. Дууны шүлэг, өгүүллэг, жүжиг, кино зохиол, сэтгүүл зүйн төрлөөрөө баримтат кинонууд дээр ч ажиллалаа, ажиллаж байна. одоо өөрийгөө илүү их шавхсан бүтээл хийх насан дээрээ ирчихлээ, зохиолчийнхоо хувьд өөрийгөө илүү сайн сорь гэж Төрөөс шагнал олгосон байх.