Friday, November 22, 2024

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн билээ. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг.Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай:

1.1. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэх, “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх;

1.2. Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох шийдвэр гаргах;

1.3. Ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлаг болон төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан засаглал, үр нөлөөтэй удирдлагын тогтолцоо бүхий ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмыг бүрдүүлэх;

1.4. Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-ойг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэн, аж ахуйн нэгжид татварын болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж, халамжаас-хөдөлмөрт шилжих цогц бодлоготой мод тарьж ургуулах бүх нийтийн үйлсийг уялдуулах;

1.5. Иргэн, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлэх болон гадаад улсаас Монгол Улсад ирж буй хүн бүр монгол оронд мод тарих санаачилгыг өрнүүлэх;

1.6. Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох;

1.7. Мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргын усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх, хөв цөөрөм байгуулах, усалгааны хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээний төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, зохион байгуулах арга хэмжээ авах;

1.8. Байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар болгон хөгжүүлэх;

1.9. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах монгол зан заншлыг дээдлэх, экологийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр сургалт, соён гэгээрүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлэх.

Хоёр. Энэ зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсугай.

Гурав. Энэ зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон Засгийн газраас гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд улирал тутам мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...