Эсгий хийх өдөр эцгийн гэрт мэндлэв
Ардын хувьсгал ялсан 1921 оны намар, билгийн тооллоор усан нохой жилийн намрын дунд сарын 15-ны өдөр. Дуниартсан намрын шаргал өдөр Онгон элсний зүүн урд энгэрт Гүн шандын хойно Сайхан мод хэмээх газарт намаржиж буй хот айлынхан эсгийгээ хийж, хөл хөгжөөн ихтэй байв. Эсгий хийх гэдэг бол нүүдэлчин монголчуудын уламжлалт ажил хөдөлмөр төдийгүй өвөрмөц зан үйл, ёс заншил. Нэг талаар ажил хөдөлмөрийн баяр ч гэж болох билээ. Яг нэгэн зуун жилийн тэртээх есдүгээр сарын 15-ны өдрийг ийн барин тавин дүрсэлж буйн учир хэмээвээс өнөөдөр зуун насны төрсөн өдрөө тэмдэглэн, үр ачаа тойруулан суугаа буянтай буурлын өөрийнх нь бичсэн намтар түүхийг уншаад ийн төсөөлөн бодсоных билээ. Дарьгангын эгэл нүүдэлчин малчин Чогдов намрын шаргал өдөр эсгий хийж байхад төрсөн хүүдээ Намдаг хэмээх бурхан шажны сан тахилгатай холбоо бүхий гүн утгат төвөд нэр хайрлажээ. Намдаг хүүг төрөхөд Чогдовынхтой айл хөрш намаржиж байсан Дондовцэрэн гэж хүний эхнэр Ханд эх барьж авсан аж. Энэ тухай буурлуудаасаа сонсож мэдсэнээ Ч.Намдаг гуай хожмоо дурсамж дурдатгалын номдоо дэлгэрэнгүй сайхан бичжээ. Түүний дээдчүүл үе удмаараа эдүгээгийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Олон худаг, Баянбүрд, Шар бүрд, Онгон таван булаг, Орлой гурван зээрд, Шорвог, Ламын шанд, Холбоо, Ганжуур булаг зэрэг газраар нутаглаж, өвөлдөө элсэнд өвөлжиж, зун намар нь элсний захаар усны тунгалаг, өвсний соргогыг даган нүүдэллэж ирсэн ажээ. Энэ л сайхан нутаг бол хуучнаар Дарьганга хошуу, Хоньчин гар, Ганжуур булаг сумын аравдугаар арван гэгдэж байжээ.
Жинчид дагасан эрдмийн харгуй
Айлын арван нэгэн хүүхдийн отгон нь болж төрсөн Намдаг хүү арван нас хүртлээ эцэг эхийнхээ гар дээх өсөж хүмүүжин, гэр малын ажилд туслан хэрсүүжжээ. Алсыг харж, холыг ухаарсан эцэг нь отгон хүүгээ арваннэгэн нас хүрмэгц нь 1932 онд Дарьганга хошууны анхны бага сургуульд оруулжээ. Үсэг бичигт тайлагдаж, дөрвөн аргын тоо сурав. Хоёр жилийн дараа буюу 1934 онд Дарьгангаас гурван сурагчийг Дорнод аймгийн дунд сургуульд суралцуулахаар болсны нэг нь Намдаг байв. Ингээд балчир жаахан хүү анх удаа аав ээжийгээ орхин, өвлийн жавах тачигнаж эхэлсэн арваннэгдүгээр сард нутгийн жинчидтэй хамт Дорнод аймгийг зорьсон нь эрдэм номын мөр хөөж, амьдралын урт харгуйд хөлсөн тавьсан анхны алхам нь байжээ. Дорнод аймгийн долоон жилийн дунд сургууль гурван жил суралцан төгсөөд 16 настай хүү Багш нарыг бэлтгэх техникумд элсэн 1937-1940 онд мөн гурван жил суралцан дүүргэсэн байна.
Багш нарыг бэлтгэх техникумын тэр үеийн захирал нь Палаан, багш нар нь Цэенжав, Болд, Цэгмид, Түвдэн, Шаравнямбуу, Жүрмэд, Далхжав, Гончигжав, Батсүх, Цэдэнжав, Базар, Чимиддорж, Цэдэв нар байлаа хэмээн Намдаг гуай эдүгээгээс 80 гаруй жилийн өмнө эрдэм ном заасан ачтануудаа хүндэтгэн дурсаж бичжээ. Тэдний ангиас Гавьяат зоотехникч Д.Намдаг, Гавьяат багш Гомбосүрэн, эрдэмтэн Товт нарын алдар цуутан, ажил хөдөлмөрийн гарамгай алдартнууд төрөн гарсан гэнэ. Багш нарыг бэлтгэх техникумд суралцахаар болж улсынхаа нийслэлд анх тавьсан нь 1937 он. Улаанбаатар тэгэхэд цөөн хэдэн барилгатай багашаархан эсгий хот байсныг Намдаг гуай тодхон санадаг аж. Хотын хойд талаар Баруун, Зүүн Хүрээ, Хятадын есөн гудамж, зүүн талд нь Американ дэнж, өмнөд талд нь нарийн төмөр зам байжээ. Эсгий гэр олонтой, муруй тахир гудамж, шургааган хашаатай, хог новш, нохой муур элбэг, гэрэл чийдэн байхгүй, хятадын хөлсний морин тэрэг үйлчилж хөл залгуулдаг тэр үеийн Улаанбаатарт хамгийн өндөр байшин нь Өндөр хоршоо буюу эдүгээгийн Занабазарын музейн хоёр давхар барилга л байсан ажээ.
Дайны жилүүдийн шинэ үсгийн багш
Багшийн сургуулиа төгсөөд 1940 онд төрөлх нутаг Онгон сумынхаа бага сургуульд багшаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Улмаар сургуулийнхаа захирлаар таван жил ажилласан нь түүний цаашдийн ажил амьдралын их сургууль болсон гэдэг. Онгон сумын бага сургуулийг удирдаж байх хугацаандаа аж ахуйн бэлтгэлийг сайн хангадаг, нэгдүгээр ангийн элсэлтийн төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, сурлагаар 89-90 хувийн амжилт үзүүлдэг байв. Дэлхийн хоёрдугаар дайны тэр хүнд он жилүүдэд Онгон сумын бага сургууль 120 гаруй сурагчтай, 4-5 багш, 6-8 ажилчидтай, 10 гаруй эсгий гэртэй, дотуур байранд 20-25 хүүхэд суудаг байжээ.
Ч.Намдаг гуай хорин хэдхэн насны гал дөлийг бадруулж, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, унаган нутагтаа урагштай сайн ажилласан тул Ардын гэгээрлийн яамны томилолтоор Улаанбаатар хотноо ажиллахаар болсон нь дайны гол зогсч энх амгалан сайхан цаг ирсэн 1945 он байв.
Ардын гэгээрлийн яамны байцаагч, техникумын хэлтсийн дарга, тасгийн даргаар гурван жил хэртэй ажиллаад 1948 онд буцаад төрсөн нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Унаган нутагт нь түүнийг шинэ сайхан ажлын шанг татах хувь зохиол хүлээж байсан ажээ. Сүхбаатар аймгийн анхны 10 жилийн сургуулийн захирлаар ажиллаж, багш, ажилтан, ажилчдыг чадварлаг удирдан зохион байгуулж байв. Шинэ тулгар байгуулагдаж байгаа сургууль тул багш дутагдалтай үед өөрөө ч мэргэжлийн хичээл заах тохиолдол олон байсан гэдэг. Ийнхүү аймгийнхаа анхны 10 жилийн сургуулийг богино хугацаанд удирдахдаа олон зуун хүүхдийг анги дэвшүүлж, долдугаар ангийн 40 гаруй сурагчийг төгсгөн Улсын их сургуулийн бэлтгэл анги, тусгай мэргэжлийн сургуулиудад зохих хуваарийн дагуу явуулж суралцуулжээ.
Удалгүй Сүхбаатар аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга болж 1948-1952 онд ажилласан байна. Улс орон даяар монголоос кирилл бичигт шилжиж, уг ажлыг Сүхбаатар аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг тэр үеийн залуухан багш, чадварлаг удирдагч Ч.Намдаг гардан хийсэн нь эдүгээ эргэн санахад дурсгалтай% бас бахархалтай ажээ. Шинэ үсгийн багш нарыг байнгын болон явуулын гэсэн хоёр чиглэлээр бэлтгэж, аймаг, сум, суурин газруудад бүлгэм, дугуйлан хуваарилан ажиллуулж, 18-45 насны бүх хүнийг хамран сургаж чаджээ. Ийнхүү шинэ цагийн боловсролын байгууллагыг амжилттай удирдан, бичиг үсэгтэн болох ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулсныг нь төр, засгаас үнэлж түүнийг 1946, 1951 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна.
Төр, засгийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нь
1952 онд Сүхбаатар аймгийн ардын депутатуудын хурлын анхдугаар чуулган болжээ. Уг чуулганаас Ч.Намдаг захирлыг депутат болгож, улмаар аймгийн депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны мал аж ахуй хариуцсан нэгдүгээр орлогч даргаар томилжээ. Ийнхүү засаг захиргааны байгууллагад ажиллах замналаа эхлэх нь тэр. Тун удалгүй нэгдүгээр орлогч бөгөөд аймгийн төлөвлөгөөний комиссын даргаар давхар хавсран ажиллаж эхлэв. Ч.Намдаг гуай 1957 он хүртэл таван жил энэ хариуцлагатай албыг хашихдаа бас л гялалзсан амжилт үзүүлжээ. Аймгийн хөдөлмөрчдийн идэвх зүтгэл, шаргуу хөдөлмөрийн үр дүнд мал сүрэг нь жил бүр өсөж, улсад тэргүүн байр эзлэн, сайшаал шагнал хүртэж байв. Тухайн үед хөдөө аж ахуйн нэгдэл үүсгэн байгуулагдаж Урт суманд “Баянгол”, Зотол суманд “Туяа” нэгдэл өрхөө татжээ. Идэр залуу насны эрч хүчээр энэ бүх ажлыг амжилттай хийж, удирдан чиглүүлж байснаа Ч.Намдаг гуай тун даруухнаар дурсан бичсэн байх аж. Түүнийг Сүхбаатар аймгийн Гүйцэтгэх захиргааны мал аж ахуй хариуцсан нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байх үед зоотехникч Г.Батсүх нутгийн шилмэл үүлдрийн “Талын цагаан” хонийг үржүүлэн амжилт гаргаснаар гавьяат мал зүйч болж, хүнсний ногоо, эрдэнэ шиш тарих анхны оролдлогыг хүртэл хийж байжээ. Мал мах, ноос, ноолуур, ангийн үс бэлтгэх чанд хатуу төлөвлөгөө, зорилттой ажилладаг байсан тэр цагт Сүхбаатар аймаг хөрш зэргэлдээ Хэнтий, Дорнод аймгуудтай уралдаантай ажиллаж, мал аж ахуйн зорилтот амжилтаараа тэргүүлдэг байсныг буурал дарга эдүгээ 100 насны өндөрлөгөөс дурсан суухад таатай байгаа нь мэдээж. Эргээд дурсахад харамсах юмгүйгээр амьдар. Тэгвэл хоёр амьдарсан мэт байхан байх болно гэдэг Дээрхийн гэгээнтний үг чухам энэ л эрхэм бууралд тохирох мэт ээ.
Ч.Намдаг гуай МАН-ын 1946 оны гишүүн. Намын гишүүнээр элсээд 75 жил болж буй аж. Ажил хөдөлмөрийн талбарт гарсныхаа дараа намын дээд сургуульд гурван жил ном үзэж, мэдлэгээ тэлжээ. Энэ үе бол 1957-1960 он. Тэрбээр аймгийнхаа мал аж ахуй хариуцсан нэгдүгээр орлогчийн албыг нэр төртэй хашаад дараагийн ажилдаа шилжин 1960-1985 онд хянан шалгах байгууллагад тасралтгүй ажиллажээ. Сайд нарын Зөвлөлийн Хянан шалгах комиссын Боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг хариуцсан орлогч даргаар дөрвөн жил, тус хэлтсийн тасаг, хэлтсийн даргаар найман жил, Ардын хянан шалгах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий хэлтсийн даргаар 13 жил үр бүтээлтэй ажиллаж, 1985-1986 онд Ардын хянан шалгах хорооныхоо хуулийн зөвлөхөөр ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
Тэрбээр гавьяаны амралтаа авсан гээд зүгээр суусангүй. Барилгын хангамж, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад тоо бүртгэгч, архивчаар арван жил ажилласан аж. Энэ арван жил ч гэсэн түүнй амьдралын хийж бүтээж, сэдэж санаачилсан өрнүүн он жилүүд байжээ. Эмнэлгүүдийн архивын 40 шахам жилийн баримт маериалыг эмхлэн цэгцэлж, архивын нэгжийг данс бүртгэлтэй болгон байгууллагын түүхэн лавлахыг бичжээ. Хүн хийж бүтээж, санаж сэдэхэд нас огт хамаагүй гэдгийг Ч.Намдаг гуай ийн өөрийн биеэр үлгэрлэн харуулсан бахархалт буурал юм. Боловсрол, төр захиргаа, хөдөө аж ахуй, хянан шалгах, эрүүл мэнд гээд олон салбарт ажиллахдаа удирдан зохион байгуулах авьяас чадвараа харуулж, амжилт бүтээлд ямагт хошуучилж ирсэн нь түүний төрөлхийн хөдөлмөрч, хичээнгүй зан чанартай холбоотой бизээ. Урт удаан насалж, эрүүл саруул, энх тунх яваагаа ч тэрбээр ажил хөдөлмөрийн үр шим гэж сүсэглэдэг ажээ. Ч.Намдаг гуайн хөдөлмөр бүтээлийг үнэлж 2012 онд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртээжээ.
Өнөр бүлийн өмөг түшигт өвөө
Ч.Намдаг гуай 1943 онд гэргий С.Адьяатайгаа гэрлэжээ. Эдүгээ Намдаг гуай 100 насалж, зургаадай таягаа тулан, Адьяа гуай 95 нас сүүдэр зооглон, энх тунх аж төрж байна. 78 жил бие биеэ түшин, нэгэн сайхан өнөр өтгөн өрх бүлийн хоёр багана болсон буурлууд 11 хүүхэд төрүүлж өсгөжээ. Эдүгээ үр хүүхдүүд нь өсөж үржин, 32 өрхийн 120 ам бүл болсон аж. Энэ өнөр сайхан бүлээс Монгол Улсын гавьяат цолтон хоёр төрсөн нь зүй ёсны бахархал. 1965 онд Сүхбаатарын районы “Соёлч өрх”, 2005 онд Монгол Улсын шилдэг гэр бүлээр шалгарч байсан гэх мэт олон сайхан дурсамж хоёр бууралд бий.
Мөн тэд 2012 онд гэр бүл болсныхоо 80 жилийн босгон дээр Монголд анх удаа Очир эрдэнийн хуримаа хийсэн хосууд.
Ч.Намдаг гуай Төрийн сүлд, Алтан овоондоо залбирч явдаг төдийгүй төрсөн нутгийнхаа түүх, өв соёл, зан заншлыг судлан цуглуулж “Дарьганга нутаг” гурван цуврал, “Даяар дуурсах Дарьганга нутаг”, “Дарьгангын Торой банди” зэрэг номууд бичжээ. Мөн өөрийн намтар дурсамжийн болон бусад сэдвээр хэд хэдэн ном хэвлүүлсэн аж.
Г.Сонинбаяр