Sunday, November 24, 2024

Хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлж, чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Date:

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийжээ. Ургац хураалтын дүнгээр нийтдээ 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Үүнийг 2019 оны ургацын дүнтэй харьцуулбал үр тариа 7.4 мянган тонноор, төмс 50.4 мянган тонноор, хүнсний ногоо 20.4 мянган тонноор, тэжээлийн ургамал 52.1 мянган тонноор тус тус нэмэгджээ.

Хэдийгээр хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж, газар тариалангийн үйлдвэрлэлд өсөлт гарч байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаа зэргээс шалтгаалан техникийн шинэчлэл хангалттай түвшинд хийгдэхгүй, бордоо, ургамал хамгааллын бодисыг 100 хувь импортоор авч байна.

Улсын Их Хурлаас 2008 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.

Статистик мэдээгээр энэ хууль хэрэгжсэнээс хойш нийтдээ 1.047.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлснөөр тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгажээ. Мөн үр тарианы техникийн шинэчлэл 65 хувьд хүрсэн ч төмс, хүнсний ногооны механикжуулалтын шинэчлэл хангалтгүй байгаагаас тарих, хураах, соортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна юм.

Нөгөө талаар Коронавируст цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомстохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгох эрсдэл дагуулж байгаа.

Түүнчлэн 2010 онд шувууны аж ахуй эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгж байсан боловч одоогийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа 9 аж ахуйн нэгж байна. Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөр хэрэглэдэг бөгөөд үүний 52 хувийг дотооддоо, 48 хувийг ОХУ-аас импортоор оруулж ирдэг. Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэх өндөгний хэмжээ өсөж байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих шаардлага бий болжээ.

Иймээс короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэх хүсэлт гаргаж байгаагаа салбарын сайд танилцууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...