Саудын Араб олон улсад нэр хүндээ өсгөхийн тулд спортын салбарт 1.5 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Газрын тосоор баялаг тус улсын эрх баригчид дэлхийн хамгийн өндөр шагналын сантай морин уралдаанаас гадна шатар, гольф, теннис зэрэг тэмцээнийг ивээн тэтгэжээ. “Грант Либерти” байгууллагын тайланд дурдсанаар Саудын Арабын хунтайж удахгүй эхлэх “Формула 1” уралдааныг зохион байгуулахад зориулж, 650 сая ам.долларын гэрээ байгуулсан. “Спортын угаалга” гэх энэхүү хөрөнгө оруулалт нь Вант улсын цар хүрээг тодорхойллоо.
Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман таван жилийн өмнө Саудын Арабын газрын тосноос эдийн засгийн хараат байдлыг бууруулах зорилготой “Алсын хараа 2030” стратегиа эхлүүлсэн. Спортын арга хэмжээг ивээн тэтгэх нь Саудын Арабыг бизнес эрхлэхэд ээлтэй улс болохыг батлах хүчин чармайлт юм. Тухайлбал, Испанийн хөлбөмбөгийн холбоотой гурван жилийн гэрээ байгуулахад 145 сая, гольфийн тэмцээнд 15 сая, мастеруудын снукер тэмцээнийг Вант улсад зохион байгуулахад 33 сая, “Clash on the Dunes” боксын тэмцээнд 100 сая ам.доллар зарцуулжээ. Гэхдээ спортын зарим сайт “Саудын Араб улсын спортын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын бодит цар хүрээг дутуу үнэлсэн” гэж үзлээ.
Тус улс Криштиан Роналду, Лионель Месси нарыг аялал жуулчлалын нүүр царай болгохын тулд зургаан сая ам.доллар, “Ньюкасл Юнайтед”-ийг 400 сая ам.доллараар худалдан авах санал тавьж байв. Мөн Эр-Риядын аялал жуулчлал, зугаа цэнгэлийн мега төслийг сурталчлуулахаар “Реал Мадрид” клубт 180 сая ам.доллар төлжээ.