Зүүн Өмнөд Азийн Мъянмар улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт болсон. Хүүхдүүд хунта нарын ноёрхлын эсрэг эсэргүүцлийн тэмцлийн золиос болж байна. Ялангуяа өнгөрсөн бямба гараг тус улсын түүхэнд хар өдөр болсон хэмээн олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Тухайн өдөр байлдааны сумаар зэвсэглэсэн аюулгүй байдлын албаныхан гудамжинд гарсан хүмүүсийг буудсан аж. Энэ үеэр 100 гаруй иргэн хууль сахиулагчдын гарт амиа алджээ. Мъянмарын орон нутгийн сайтад мэдээлснээр 13 настай охин гэртээ буудуулж амиа алдсан байна. Магвей, Могок, Кяукпадаунг, Майангоне зэрэг хот, суурингуудад эсэргүүцлийн жагсаалд оролцогсод амь үрэгдсэн тухай гэрчүүд, эх сурвалжууд BBC-д ярьжээ. Түүнчлэн Янгон, Мандалай хотын жагсагчид НҮБ-ын далбааг мандуулж, уламжлалт авторитар дэглэмийн эсрэг гурван хуруугаараа мэндчилж байжээ.
Бямба гарагт болсон аллагын талаар цэргийнхэн тайлбар өгөөгүй байна. Энэ үйл явдлыг олон улс, НҮБ, хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Бирмийн ард түмэн цэргийн терроризмын эсрэг тэмцэж байна. Манай Элчин сайдын яам өмнө нь аюулгүй байдлын хүчнийхэн энгийн иргэдийг алсан тухай мэдээлсэн” гэжээ. Харин Мьянмар дахь Европын холбооны төлөөлөгчид зэвсэгт хүчнийхэн жагсагчдыг хүчээр тараасан тухай мэдэгдсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб нар тус улсад цэргийн терроризм болсныг хүлээн зөвшөөрлөө. Мъянмарт үүссэн энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд,
“Мъянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж, энгийн ард иргэд амиа алдсанд харамсч байна. Мьянмар дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөөх үйл явцыг бид тууштай дэмжиж ирсэн билээ. Холбогдох талууд эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж, ардчилал, энх тайван, тогтвортой байдал сэргэж, мьянмарын ард иргэд хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн орно гэдэгт найдаж байна” гэжээ.